Хэвлэлүүдийн товчхон…
-“Найман шарга” зах дээр нэг ам.доллар 3520 төгрөгтэй тэнцэв.
-Монгол Улсын инфляци 14.4 хувьд хүрэв.
-Гурилын үнийг 50 хувиар нэмэхээр болжээ.
-Эдийн засгийн өсөлт 1.9 хувьтай байна.
-Бодлогын хүүг 12 хувьд хүргэв.
-Бизнесийн байгууллагуудын 99 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд оржээ.
-Ирэх оны төсвийн зарлага 20.3 их наяд
-Татварыг шатлалтайгаар нэмнэ.
Сүүлийн үед эдийн засгийн талаарх мэдээ, мэдээллүүд нэг иймэрхүү. Ихэнх нь хямарчээ, өсчээ, унажээ, буурчээ гэсэн таагүй мэдээлэл зонхилж байна. Үндсэндээ эдийн засаг хэвтэрт орно, ирэх 2023 оноос иргэдэд илүү тодоор мэдрэгдэнэ гэх. Энэ бол “энтертайментчидын” биш эдийн засагчдын сануулга. Валютын сангийнхан хүртэл УИХ-аас хөрөнгө оруулалтуудыг эргэж харж, эрэмбэлэх, ил тод болгохыг, үр өгөөжөө хүртэх боломжтой гэсэн төслүүдээ сонгоод, бусад онцгой шаардлагагүй төслүүдээ хойшлуулахыг мөн зөвлөх болсон.
Түүнчлэн Монгол Улсын нөхцөл байдал нэлээд амаргүй байгааг, нэг ялангуяа валютын нөөц дундарсан учраас Засгийн газар, УИХ шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол ноцтой байдал үүссэнийг анхааруулах болсон. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан 2023 оны төсвийг харахад эрх баригчид 20.3 их наядыг үрэхээр байна. Мэдээж энэ мөнгийг татвар төлөгчид, баялаг бүтээгчид хуруу хумсаа хуйхалж, иргэд бүсээ чангалан байж бүрдүүлэх ч биз.
Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлсэн "….Ирэх жилийн хоёрдугаар хагаст хэрэв эдийн засгийнхаа тогтворжуулах бодлогыг бусад бодлоготой хамтад нь авч хэрэгжүүлбэл нэг оронтой тоонд оруулах бүрэн боломжтой" гэх тооцоолол бол хэт өөдрөг төсөөлөл. Өнгөрсөн жил 36 сая тонн нүүрс гаргана гэж өөдрөг төсөв батлуулсны гор өнөөдрийн эдийн засгийн хямрал, төгрөгийн уналт юм. Ирэх жил төгрөгийн уналт үргэлжилнэ гэж төсөөлөх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, томоохон төслүүд хөдөлж, нүүрсээ төмөр замаар тээвэрлэж чадахгүй бол шүү дээ.
Нэг.
Монголбанк нэг гараараа эдийн засагт их хэмжээний мөнгө нийлүүлээд, нөгөө гараараа бодлогын хүүг чангалж, эдийн засгаа хумьж буй ОУВС-гийнхан шүүмжилжээ. Өнгөрсөн жил арван их наяд тараасан. Эсрэгээрээ энэ жил зээл гаргаж байгаа банк байтугай банк бус ч алга. Энэ нь бизнес эрхлэгчдэд асар дарамт болж байгаа нь үнэн. Банкууд зээл гаргахгүй бол бизнес эрхлэгчид яаж “амьдрах” болж байна. Ядаж байхад Монголын бизнесийнхний дийлэнх нь урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөх маягаар зээлээс зээлийн хооронд амьдардаг. Дээр нь ханшийн өсөлт, валютын хязгаарлалт аж ахуйн нэгжүүдийн толгойг нь гашилгасан том асуудал болж байна. Долоо хоногийн дотор нэг ам.доллар 300 төгрөгөөр нэмэгдэж буй нь валютын зээлтэй аж ахуйн нэгжүүдийн хувьд уйлах цаашаа болж буй биз. Ялангуяа гадаадаас бонд босгосон аж ахуйн нэгжүүд ам.долларын ханшийн зөрүүнд “алуулж” байгаа нь ойлгомжтой.
Эргэлтийн хөрөнгөгүй болсон аж ахуйн нэгжүүд дампуурлаа зарлах нь холгүй болсон байна. Атал тэдний эрх ашгийг хамгаалах ёстой танхим нь чимээгүй суусаар л. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим өмнө хэзээ ч ийм нойрмог, унтаа байсангүй. Б.Лхагважавын үед Засгийн газартай хамтарч НӨАТ-ын шинэчлэл дээр ажилласан. Татварын багц хуулийг шинэчлэхэд багагүй оролцоотой байсан.
Хоёр.
Өнөөдөр бизнес эрхлэгчдийн хамгийн том айдас хүйдэс нь төр өөрөө болсон. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулна, бизнес эрхлэгчдээ дэмжинэ, төрийн бүтээмжийг сайжруулна, төсвийг хэмнэнэ, хэмнэлтийг төрөөс эхлүүлнэ гэж эрх баригчид амлахаараа нэг болсон. Авчиг төрийн өмчийн тоо нэмэгдэж, төсвийн зардал жилээс жилд өсч байна. Товчхондоо, төр томрохын хэрээр хувийн хэвшил жижгэрсээр. Эцэстээ хууль, шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг шуудхан очоод дээрэмддэг, булаадаг болсон.
МҮХАҮТ бол бизнесийнхний том нэгдэл. Энэ утгаараа Засгийн газарт шахалт, шаардлага үзүүлж чадах хамгийн том байгууллага. Гэтэл төрийн дээрэм, төрийн тансаглалыг эсэргүүцэж, бизнес эрхлэгчдийгээ дэмжих, өмгөөлөх хамгийн том байгууллага болох танхим нь таг, ерөнхийлөгч нь паг суужээ.
/Жич: паг гэдгийг Монгол хэлний тайлбар тольд "юу ч мэдэхгүй, ямар ч чадваргүй, арга мухардах гэж тайлбарлажээ/
Гурав.
Төсвийн зардал хэт өндөр, орлогоо бодит байдлаасаа давуулан өөдрөг төсөөлсөн нь эдийн засагт дарамт учруулах эрсдэлтэй. Үрэх мөнгөө олохын тулд төр татвараа нэмэхээр шийджээ. Нөгөө “би үхэхээр чи үх” гэдэг шиг.
Үнэндээ хэмнэлтийн хуулийн хүрээнд энэ жилийн батлагдсан төсвөөс 198 тэрбумын хэмнэлт хийсэн гэдэг бол инээдэм биш эмгэнэл. Арван найман их наядаас 198 тэрбумыг хэмнэнэ гэдэг хэдхэн задгай мөнгө л гэсэн үг. Энэ жил 20 их наядын зарлагатай. 1.5-хан их наядыг хэмнээд, хэмнээд тэр шүү дээ. Мэдээж, эрх баригчдын сонгуулийн жилийн элбэг, дэлбэг төсвийн дарамтыг үүрэх нь баялаг бүтээгчид. Цар тахлын үед эрх баригчдын буруутай шийдвэрээс болж 30 мянган компани үүдээ барьж, 200-400 мянган хүн ажлаа алдсан байдаг. МҮХАҮТ-ын өөрсдийнх нь 2021 онд гаргасан судалгаа. Эдгээр аж ахуйн нэгж дампуурлаа зарлахад юу нөлөөлсөн бэ гэдгийг судалж, Засгийн газрын бодлого, шийдвэрт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг тусгуулах нь О.Амартүвшингийн хийх ёстой ажил. Танхимынхаа гишүүдээс багагүй, татвар хураамж авч, цалинждагийн хувьд.
Гэтэл татвар төлөгчид өмчөө булаалгаж, хөрөнгөө дээрэмдүүлж, ханшийн зөрүүд хэрчүүлж суухад О.Амартүвшин дарга амаа үдүүлчихсэн мэт чимээгүй.
Холбоотой мэдээ