Ч.Ундрал: Гадаадын хоёр киног Монголд хийхээр болсон

Хуучирсан мэдээ: 2022.09.29-нд нийтлэгдсэн

Ч.Ундрал: Гадаадын хоёр киног Монголд хийхээр болсон

Ч.Ундрал: Гадаадын хоёр киног Монголд хийхээр болсон

Кино урлагийн зөвлөлийн ажлын албанаас өнөөдөр /2022.09.29/ олон улсын кино наадмаас шагнал хүртсэн уран бүтээлчидтэй хамтран мэдээлэл хийлээ.


Соёлын яамны Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундрал:

-Монгол Улс анх удаа Кино урлагийн тухай хуультай болж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хүрээнд Кино урлагийн зөвлөлийг дөрөвдүгээр сарын 15-нд байгуулагдсан. Уран бүтээлчид маань өнгөрсөн хугацаанд дэлхийн А зэрэглэлийн кино наадмуудаас шагнал хүртсэн учраас өөрсдийнхөө хийсэн ажлаа танилцуулж, уран бүтээлчдээ алдаршуулах гэсэн юм. Кино урлагийн зөвлөл нь нийт 11 гишүүнтэй бөгөөд дөрөв нь төр захиргааны байгууллагуудаас, долоо нь чөлөөт уран бүтээлчид байгаа. Ажлын алба одоогоор 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Зөвлөлийн гишүүд маань наймдугаар сарын 25-нд бүрэлдсэн. Үүнээс хойш анхдугаар хурлаа хийж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай зөвлөл 75 дахь удаагийн Каннын олон улсын кино наадамд салхи хагалж, уран бүтээлчдийн төлөөлөл оролцсон.

Би энэ наадмын үеэр Кино урлагийн тухай хуульд тусгасан татварын буцаан олголтын журмыг олон улсын уран бүтээлчдад танилцуулсан. Мөн Монголд зураг авалт хийхэд хууль эрх зүйн хувьд бэлэн болсон гэдгийг сурталчилсан. Үүний дараа гадаадын долоон продюсерыг эх орондоо урьж авч ирсэн. Монголд Улсад киноны дэд бүтэц ийм байдалтай байна, дэлхийн хэмжээний шинэ дуу хөгжмийн студи байгуулсан, ирэх жил хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, монгол орны үзэсгэлэнтэй газруудаа танилцуулсан. Үүний үр дүнд өөр улсад зураг авалтаа хийх байсан гадаадын хоёр уран сайхны киног Монголд хийхээр болсон. Мөн хоёр төрлийн нэвтрүүлгийн зураг авалтыг хийхээр болж, ирэх онд хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ.

"Гүрү медиа" кино продюсер Ц.Ариунаа:

-Монгол хүний үзэл санаа, дэлхийг үзэж буй үзэл, дэлхийд тулгамдаж буй асуудлыг ямар өнцгөөс харж, хөндөж байна вэ гэдэг түүхийг харуулах нь чухал. Энэ талаасаа дэлхийн оюун санааны ой сав гэж байдаг бол монгол уран бүтээлчид нэг гол мөрөн нь юм. Соёлын яамнаас кино урлагийн салбарт бодлогын хүрээнд анхаарч, олон ажлыг хийхээр төлөвлөж байгаад баяртай байна.

Кино найруулагч П.Лхагвадулам:

-Кино урлагийн зөвлөлтэй болсон нь сайшаалтай. Монголын уран бүтээлчдийн хийсэн "Есдүгээр сарын цас" кино Венецийн олон улсын кино наадмын богино хэмжээний киноны уралдаант хэсэгт  шалгарч, "Шилдэг кино" шагнал хүртсэн. Удахгүй "Торанта" олон улсын кино наадмаас "Шилдэг богино хэмжээний кино" шагналыг хүртсэн. Биднийг дэмжин ажилласан бүх уран бүтээлчдэд талархаж байгаагаа илэрхийлье.

Жүжигчин, найруулагч Д.Баттөмөрийн хувьд "Трио" уран сайхны кино нь Тайланд, Варшав, АНУ-ын олон улсын кино наадмуудад шалгарч, шагнал хүртэж, амжилттай яваагаа дуулгасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж