Чадуугаа намнах уу, ядуугаа "янзлах" уу?

Хуучирсан мэдээ: 2022.09.29-нд нийтлэгдсэн

Чадуугаа намнах уу, ядуугаа "янзлах" уу?

Чадуугаа намнах уу, ядуугаа "янзлах" уу?

Ирэх оны төсвийн тодорхойлолт нь “Халамжаас хөдөлмөрт” гэсэн мөрөөдлийн уриатай. “Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах” 10 их наядын хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого” гээд хэдэн их наядаар тоологдох хөтөлбөрүүдийн нэгэн адил гоё уриатай. Маш их хэмжээний мөнгө зарцуулсан эл төсвийг эхлээд ил болгомоор… Учир нь өнгөрсөн хугацаанд төсвийн мөнгөөр хийсэн тэмцлүүдэд бүгд ялагдсан. Удахгүй хүн, нохойгүй “хуцуулсаар” ирэх утаатай хийсэн тэмцэлд “нүүрс”  гэх нэр “шахмал түлш” гэдэгт ялагдсанаас бус утаа ялагдаагүй. Эдийн засгаа эрчимжүүлсэн хөтөлбөр ч ялсандаа өнөөдөр валютын нөөцгүй, барилгын материалгүй, үнийн өсөлттэй, импортын бараагаа гаалиас авах мөнгөгүй, бараа бүтээгдэхүүний хомсдолтой байгаа бил үү? Эрүүл мэндээ хамгаалсандаа хөнгөлөлттэй эм тасарсан гэж үү?

Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр “төсвийн хөрөнгө оруулалт гээд нэг их наяд төгрөгийн төрийн хэмнэлт хийх боломж бүрдэж байгаа” гэнэ. “Аль болох төсвийн үрэлгэн зардлуудаа танаж, зогсооно” гэжээ. Аль болох гэдэгт албан тушаалтны хангамж, албан өрөөний тавилга, засвар, автомашин орох уу гэдэг тун чиг эргэлзээтэй. Өнөөдөр Засгийн газар 18 яамтай, яамгүй 3, Ерөнхий сайдтайгаа нийлээд 22 сайдтай ажиллаж буй. Монгол Улсын түүхэнд урьд өмнө нь байгаагүй данхар бүтэцтэй гэсэн үг. Хэмнэлтийн бодлого гээч нь энэ. Төрийн албыг 30 цомхотгох тухай хоёр жил ярьсан Ерөнхий сайд эцэст нь ингэж л өргөжүүлсэн. Одоо цомхотголоо болиод 200 мянган төрийн албан хаагчийн цалинг ажилласан жилээр шатлалтай болгох тухай Сангийн сайд мэдэгдээд буй. Халамжийг бууруулна гээд байгаа ч “улны айлууд”-аас болоод унасан сайдын буухаасаа өмнө мэдэгдсэнээр бол шинэ компани байгуулвал хөнгөлөлттэй зээл олгож, татварын бодлогоор дэмжих тухай хэлсэн билээ.

Тэгэхээр үрэлгэн зардал гээчид юу багтаж байгаа нь нэн сонин байна.

Ч.Хүрэлбаатар: Энэ онд батлагдсан төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг, ДНБ-д эзлэх хувь хэмжээ 5.1 гэсэн бол 2023 онд төсвийн алдагдлыг 1.5 их наяд төгрөг буюу 900 тэрбум төгрөгөөр бууруулж ДНБ-д эзлэх хувийг 2.8 хувь болгож байгаа.

Сонгуулийн өмнөх жил учраас үнэндээ халамжийг хэлсэн шигээ танахгүй нь тодорхой болов. Сарын 3,7 сая төгрөгөөс дээш орлоготой өрхөөс бусад 91 хувь нь хүүхдийн мөнгө үргэлжлүүлэн өгөх гэнэ. Хамгийн хачирхалтай нь гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд импортыг хязгаарлах бодлого барих аж. Өөрөөр хэлбэл, шинээр хөрөнгө оруулалт хийхгүй бөгөөд өмнөх хөрөнгө оруулалтуудаа үргэлжлүүлэхээр ирэх жил 2,5 их наядын төсөв тавьсан аж.

Тодорхой чиглэлд үйл ажиллагаа явуулж буй, шинээр байгуулж буй компанийг татвараас чөлөөлж, орлого олдог болтол нь тордох тухай төсөвт суулгасан нь үнэндээ аж ахуй нэгжийг тийм төрлийн компани байгуулж татвараас зугтах боломжийг олгоно уу гэхээс технологийн салбар хөгжих нь юу л бол…

Халамжийг танаж болно. Гэхдээ төр өөрөө үрэлгэн зардлаа хамгийн түрүүнд танах хэрэгтэй. Эдийн засгаа тэтгэнэ, валютын нөөцөө нэмэгдүүлнэ, мөнгөний бодлогоо чангаруулна гэсэн элдэв зүйлээ зогсоосон нь харин ирэх хямралд илүү зөв алхам болох вий.

Товчхондоо ирэх оны төсөв аль болох бага зардал гаргаад ард иргэдээс илүү ихийг хүртэх төсөв шиг сонсогдоод буйгаас бус халамжаас хөдөлмөрт шилжсэн юм ердөө ч алга. Сонсогдоод буй гэдэг нь Сангийн сайдын барин тавин хэлснээс өөр баримттай, энэ гээд танилцуулсан төсвийн төсөл ил болоогүй байгаа билээ. Гэхдээ үүний цаана арай ядан хөлөө олох гэж буй хувийн хэвшлийг бүгд нэг зүг рүү хувирах л үүдийг нээж, үлдсэнийг нь дампууруулах зам руу түлхэх гээд байх шиг.

Хамгийн гол нь төрийн данхар бүтэц, эрх мэдэл бага байвал төдий чинээгээр зардал бага гарна. Татвар бага л байвал иргэдийн орлого нэмэгдэх энгийн хэрнээ бичигдээгүй хууль энэ ертөнцөд үйлчилдэг. Тиймээс төрийн оролцоо, бүтцээ хумих бодлого баримаар байна. Түгжрэлийг шийдэхийн тулд нийтийн тээврийг сайжруулах нэрийдлээр хэт өндөр үнэтэй автобус авахаар тусгахаас илүү төрийн албанд байгаа хэдэн мянгаа тоологдох авто машинаа зарж, төсөвт мөнгө төвлөрүүлмээр…

Гэтэл орлого их олсныхоо төлөө илүү татвар төлөх нь. Бүгдийг нь “улны” гуйлгачин болгох бодлого гэлтэй. Ариун цэврийн цаасаа ч өөрсдөө хангаж чаддаггүй байж барааны эргэлтийг сааруулж, импортыг багасгаж валютын нөөц нэмэгдүүлнэ гэнэ лээ. Угтаа бол барааны эргэлт, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, үйлчилгээг илүү сайжруулснаар үнэ буурдаг агаад үүнээс иргэд буюу хэрэглэгчид л хождог. Иргэд хожвол Монгол хожно оо л гэсэн үг.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж