Малын индексжүүлсэн даатгал нь сумын хэмжээнд хорогдсон нийт малын тоог үндэслэн даатгалын хохирол, нөхөн төлбөрийн хувь хэмжээг тооцоолон босго тогтоож, хорогдол үүнээс давсан тохиолдолд мал сүргээ даатгуулсан бүх малчдад хохирлыг барагдуулж нөхөн төлбөр олгох арилжааны даатгалын шинэ хэлбэр юм. Энэ даатгалын эрсдэлд зудын хүндрэл, төрөл бүрийн малын өвчин, байгалийн гэнэтийн аюул гамшиг, малын хулгай, чононд бариулах, мал сураггүй алга болох зэрэг малын бүхий л төрлийн хорогдол эрсдэл орж байна.
Малын даатгалын энэхүү шинэ хэлбэрийг дэлхийд анх удаа Монгол Улсын есөн аймагт хэрэгжүүлж байгаа юм. Анх 2006 онд Баянхонгор, Увс, Хэнтий аймагт туршилтын журмаар малын индексжүүлсэн даатгалыг хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрч, улмаар 2009 онд Сүхбаатар, 2010 онд Булган, Дархан-Уул, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ аймгуудыг нэмж хамруулсан байна. Цаашид Дэлхийн банк 2011 онд дараагийн зургаан аймаг, 2012 онд үлдсэн зургаан аймгийг төсөлд хамруулж 2013 он гэхэд үндэсний хэмжээнд буюу бүх аймаг, орон нутагт мал сүргийн индексжүүлсэн даатгалын тогтолцоог бүрэн нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна.
Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд Дэлхийн банкнаас Монгол Улсын Засгийн газартай хамтран 2005 оноос эхлэн Малын индексжүүлсэн даатгал төслийг туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн. Туршилтын уг төслийн санхүүжилтийн эх үүсвэр нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын нийт 17.7 сая ам.долларын зээл болон Япон Улсын Засгийн газраас олгосон 1.3 сая ам.доллар, “Швейцарийн хөгжлийн агентлаг” олон улсын байгууллагын 0.6 caя ам.доллар, БНСУ-ын Засгийн газрын 0.7 caя ам.долларын буцалтгүй тусламжаас бүрдэж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас энэ төслийг 322.9 мянган ам.долларын хөрөнгөөр дэмжин санхүүжүүлж байгаа юм.
Б.БОЛОР