Дэлхийн цорын ганц “өрөвдмөөр” банк

Хуучирсан мэдээ: 2022.09.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн цорын ганц “өрөвдмөөр” банк

Дэлхийн цорын ганц “өрөвдмөөр” банк

Үе үеийн Засгийн газрын үед “үйл тамаа цайдаг” газар бол Монголбанк. Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын хувьд хариуцлагатай байх нь маргаангүй. Тиймдээ ч түүнийг удирдаж байсан ерөнхийлөгчдөөс чичлүүлж, дарамтлуулж, гүтгүүлж, хардлага сэрдлэгийн бай болсон нь олон бөгөөд толгойтой үс нь цайгаагүй нь ч ховор. Ямар үйлийн үрээр Монголбанкны ерөнхийлөгчөөр сонгогддог бол гэж өмнөөс нь халаглаж, халширмаар үе ч тохиох.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд Төв банкны үйл ажиллагаа Засгийн газраас хараат бус байхаар заасан бөгөөд энэхүү заалт нь олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт заалт болсныг мэргэжилтнүүд онцолдог.

Гэхдээ Засгийн газраас хараат бус байх Төв банкны үйл ажиллагааг хязгаарлах хүчин зүйлс бий юу гэвэл бий. Тухайлбал, төсвийн бодлого алдагдсан үед Засгийн газар төсвийн алдагдлаа Төв банкны зээлээр санхүүжүүлэх сонирхол нэмэгддэг. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд Монголбанкнаас Засгийн газарт олгох зээлийн хэмжээ сүүлийн 3 жилд төсөвт орсон орлогын дунджийн 10 хувиас хэтрэхээргүй байхаар заасан байдаг. Энэ нөхцөл байдал Засгийн газрын үнэт цаасны захын хөгжлийг саатуулах төдийгүй инфляцийн дарамтгүй санхүүжилтийн эх үүсвэр бий болгоход хүндрэл учруулдаг.

Өдгөө Монголбанкны хараат бусаар үйл ажиллагаа явуулах байдал хэдийнэ алдагдаж, УИХ болон Засгийн газрын улс төрийн популист шийдвэрийг хэрэгжүүлэгч болж хувирсныг хэлэх хүн олон буй. Зарим нь Төв банк эрх баригчдын сонгуулийн оноо цуглуулах, халамж, Covid-19-ийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл зэргийг санхүүжүүлдэг “мөнгө хэвлэгч” болсныг ч онцолсоор ирсэн билээ.

Төсвийн алдагдал нэмэгдэж, инфляци өсч, ханшийн сулрал гаарч, гадаад өрийн дарамт нэмэгдсэнд Монголбанкийг буруутгаж, бие даасан мөнгөний бодлого явуулж чадахгүй байгааг нь шүүмжлэх хүн ч олон байгаа юм.

ОУВС-гийн Ажлын хэсгийнхэн өчигдөр (2022.09.28) Монголд ажилласан хугацааны “тайлан” мэдээллээ хийхдээ Монгол Улсын Төв банкийг “Улс төрийн шахалтаар хүсээгүй бодлого хэрэгжүүлдэг дэлхийн цорын ганц банк” гэж нэрлэв. Тэд Монголбанкны хараат бус байдал огт дээрдээгүй, Засгийн газар болон УИХ-ын улс төрийн шийдвэрээс хараат байдал хэвээр байна гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.

“МОНГОЛБАНК МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ШИЙДВЭР ГАРГАХААСАА ӨМНӨ УЛС ТӨРИЙН ШАХАЛТААР
ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГАД ХҮЛЭГДДЭГ”

ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи хэлэхдээ “Монгол Улсын Их хурал өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монголбанкны “гарыг хүлсэн” гэж хэлж болохоор шийдвэрүүд гаргаж ирлээ. Монголбанк нэг гараараа эдийн засагт их хэмжээний мөнгө нийлүүлээд, нөгөө гараараа бодлогын хүүг чангалж, эдийн засгаа хумих арга хэмжээ авахад хүрч байна. Монголбанк хараат бусаар мөнгөний бодлого хэрэгжүүлж чаддаггүй, улс төрийн шахалтаар хүсээгүй бодлого хэрэгжүүлдэг байдал одоо ч үргэлжилж байна. Монголбанк өнөөдөр ийм нөхцөл байдалд орсон дэлхийн цорын ганц Төв банк.

Дэлхий даяар өдгөө Төв банкууд, тэр дундаа тэргүүлэх эдийн засаг бүхий улс орны Төв банкууд хүндхэн сорилтуудтай нүүр тулсан, хэцүү цаг үе. Харамсалтай нь, энэ үед Монголбанк хуулийн дагуу, хараат бус мөнгөний бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа нь асуудал дагуулж байна.

Монгол Улсын Их Хурлын үйлдэл, шийдвэрүүд Төв банкны тухай хуулийг зөрчиж байна.

Монголбанкинд эдийн засагт дэмжлэг үзүүлэхийг шахаж, хүсээгүй шийдвэр гаргуулж байгаа нь өнөөдөр бидний ярьж байгаа төсвийн алдагдал, гадаад өр зэрэг тулгамдсан асуудлуудын суурь юм. Монголбанкны мөнгөний бодлогод улс төрийн нөлөөлөл үзүүлэх байдлаар халамжийг хавтгайруулж олгосон зэрэг шийдвэрүүдээ эргэн харж, улмаар зогсоох нь эдийн засагт тулгамдсан асуудлуудыг шийдэх гол гарц. УИХ өөрийнхөө баталсан Монголбанкны тухай хуулийг хүндэтгэж, дагаж мөрдөх хэрэгтэй.

Төв банк зөвхөн хэрэгжүүлсэн бодлогоо тайлбарладаг байх ёстой. Гэтэл Монголбанк мөнгөний бодлогын шийдвэр гаргахаасаа өмнө улс төрийн шахалтаар үүрэг хариуцлагад хүлэгдчихдэг. Монголбанк өөрөө бид сайн ажиллаж, ханшийг хяналтдаа барьж байна гэх зэргээр дүр эсгэхээ больж, мөнгөний бодлогын шийдвэрүүд яагаад үр дүнд хүрэхгүй байгааг олон нийтэд тайлбарлах хэрэгтэй” гэв.

Энэхүү дүгнэлтээр бид дэлхийд өрөвдөлтэй харагдаж буй нь тодорхой бөгөөд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар Төв банкаа хараат бус байлгаж, дарамтлалгүй, ажлыг нь хуулийн дагуу хийлгэ л гэсэн гол мессэж өгч буйг төвөггүйхэн ойлгож болох юм.

Олон улсын туршлагаас харахад, хараат бус Төв банктай улс орнуудын инфляци бага байдаг нь нотлогддог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж