Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулсан. Тус төсөлтэй УИХ-ын дарга танилцаад дахин боловсруулах чиглэл өгч буцаасан юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын дарга Г.Занданшатар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг бүхэлд нь хүлээн авсан бөгөөд ирэх жил өндөр дүнтэй бондуудын эргэн төлөлт хийгдэнэ, мөн өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгаатай холбоотойгоор байж болох эерэг (өөдрөг), сөрөг (таагүй) нөхцөл байдлын төсөөллийг нэмж тусгах чиглэл өгч буцаасан байна.
Монголбанк 2023 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд онцгойлон анхаарчээ. Энэ хүрээнд тээвэр, логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулж, тээврийн зардлыг бууруулан үнэ, ханшийн дарамтыг шийдвэрлэх боломжтойг үндсэн чиглэлд тусгасан байна.
Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Гадаад орчны сөрөг нөлөөг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжих зайлшгүй хийх арга хэмжээ нь гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх явдал болж байна.
Дунд хугацаанд тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл болоод буй уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжихээр зорьж байна. Эдгээр асуудлуудад дэлхий нийтээр анхаарал хандуулж байгааг онцлох нь зүйтэй.
Түүнчлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад иргэд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, түүнд шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх чиглэлийн ажлуудыг зорилт болгож байна.
Макро эдийн засгийн бодлогын хувьд инфляцийг тогтворжуулах, банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн найдвартай байдлыг хангах, хөгжлийг дэмжихэд чиглэсэн Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа” гэж танилцуулжээ.
Холбоотой мэдээ