Холливудын алдартай жүжигчин Мэрилин Монро карьерынхаа 15 жилийн хугацаанд гурван сая ам.долларыг олсон. Энэ нь өнөөдрийн ханшаар 24 сая ам.доллар юм. Мөн нас барахдаа 800 мянган ам.долларын /2022 оны инфляцид уялдуулбал 7.8 сая ам.доллар/ үнэд хүрэх үл хөдлөхийг эзэмшиж байв.
"Netflix" компанийн бүтээсэн "Blonde" /Шаргал үст/ гэх киноны зохиолч Жойс Карол Оатсын хэлснээр "Монро 1962 онд 36 насандаа таалал төгсөхдөө зохистой оршуулга хийж хүрэхээргүй хэмжээний мөнгөтэй байжээ". Тэр хөрөнгө, мөнгөнд үрэлгэн байв. Хувцас, үнэт эдлэл, найз нөхөд, ажилчдад бэлэг авахдаа мөнгө харамгүй цацдаг байсныг олон эх сурвалж баталдаг.
Түүнийг нас барсны дараа Лос-Анжелес хотын үл хөдлөхийн зардал, амьжиргааны зардал зэргийг хассаны дараа цэвэр орлого нь 370 мянган ам.доллар болж буурчээ. Монрогийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө нь Брэнвүүд дэх гэр нь байсан. Тэрбээр нөхрөөсөө тодорхой хэмжээний мөнгө зээлж, уг үл хөдлөхийг 1962 оны нэгдүгээр сард 77500 ам.доллараар худалдаж авсан. Харин уг үл хөдлөхийг 2017 онд 7.25 сая ам.доллараар зарагджээ.
Монрогийн гэрээслэлийн дагуу олон жил хамтарч ажилласан туслах болон эх/эцэг/ нэгтэй эгчдээ тус бүр 10 мянган ам.долларыг өгсөн. Мөн туслахынхаа хүүхдийн боловсролд зориулан "итгэлцлийн сан"-д 5000 ам.доллар хадгалсан бол ээжид нь 100 мянган ам.долларыг тус санд үлдээжээ.
Монрогийн оюуны өмч, үл хөдлөхийнх нь 75 хувийг жүжиглэлтийн дасгалжуулагч Ли Страсбергэд, үлдсэн 25 хувийг сэтгэлзүйч, эмч Мариан Кристээ гэрээсэлжээ. Крисийг нас барсны дараа түүний үл хөдлөхийн зарим хэсэг нь Лондон дахь хүүхдийн сэтгэлзүйн асуудлыг судлах Анна Фуэйд төвд шилжсэн байна.
Харин Страсберг 1982 онд нас барсны дараа түүний хоёр дахь эхнэр Анна Мизрахи Монрогийн хөрөнгийг өвлөж авсан. Тэрбээр "CMG Worldwide" гэх нас барсан алдартнуудын хөрөнгийг зохицуулдаг компанийг хөлсөлж, Монрогийн эд зүйлсийг худалдаж, мөнгө олж эхэлжээ. Тус компанийн захирал Марк Ройслерийн хэлснээр Анна Монрог дэлхийн хамгийн өндөр хөлстэй талийгаач алдартан болгосон аж. Мэрилин Монро ХХК-ийг 1996-2000 оны хооронд ажиллуулж, 7.5 сая ам.долларыг лицензийн гэрээнээс олжээ.
Монро хувцас, үнэт эдлэлүүдээ найз нөхөд, хамтран ажиллагсдадаа гэрээсэлсэн. Гэхдээ 1999 онд Кристис дуудлага худалдаагаар түүний алдартай алмаазан шигтгээтэй даашинзыг 1 сая ам.доллараар худалджээ. Тус даашинзыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннедид төрсөн өдрийн дуу дуулахдаа өмссөн. Хожим тус даашинзыг 2016 онд Рипли энтертайнментэд 4.8 сая ам.доллараар худалдсан ба 2022 онд реалити од Ким Кардашиан "Met Gala" улаан хивсний ёслолд өмссөн. Түүний хайртай төгөлдөр хуурийг дуучин Мэрайя Кэри 600 мянган доллараар худалдаж авчээ.
ЭХ СУРВАЛЖ: STYLE CASTER
Холбоотой мэдээ