2024 онд дэлхийг гайхшруулах ёслолын эзэн

Хуучирсан мэдээ: 2022.09.29-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

2024 онд дэлхийг гайхшруулах ёслолын эзэн

2024 онд дэлхийг гайхшруулах ёслолын эзэн

"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа Парис-2024 олимп болон паралимпийн наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагааг найруулахаар сонгогдсон Франц залуу Томас Жоллиг онцолж байна. Өдгөө 40 настай “Dramatique National d’Angers” театрын захирал, залуухан, бүтээлч, амбицтай найруулагч тэрбээр 70 гаруй уран бүтээлчдийн дундаас сонгогдон эх орныхоо түүх соёл, хөгжил дэвшлийг дэлхий нийтэд сонирхуулахаар болжээ.


БЯЦХАН ЖҮЖИГЧИН

Томас Жолли 1982 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Францын баруун хойд зүгийн Руан гэх 100 гаруй мянган хүн амтай жижигхэн хотод төржээ. Хэвлэх үйлдвэрийн ажилтан, сувилагч бүсгүй хоёрын хайраас дэлбээлсэн бяцхан Томас 1993 онд буюу ердөө 11 настай байхдаа урлагт хөл тавьж, жүжигчний замналаа эхлүүлсэн аж. Жаалхүү Натали Баррабе гэх найруулагчийн “Théâtre d’enfants” гэх компанид харьяалагддаг байв.

Ахлах сургуульд элсэх жилдээ тэрбээр Раун хотынхоо Жанна д’Аркийн нэрэмжит сургуулийн театрын ангид элсчээ. Үүнийхээ хажуугаар  “Théâtre des 2 Rives” гэх театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн гэнэ.

ТОМЧУУДЫН "ГАРААР" ОРСОН НЬ

Томас 1999 онд Канын их сургуульд театр, урлагийн чиглэлээр элсч, их сургуулийнхаа оюутнуудтай хамтран аялан тоглолт зохион байгуулж, бүс нутгийнхаа хэд хэдэн фестивалиудад тогложээ. Харин 2001 онд оюутан хүүд гайхалтай боломж олдон найруулагч Оливьер Лопезын удирддаг “La Cité Théâtre”-д ажилд оров.

Их сургуулиа төгссөнийхөө дараа тэрбээр Ренн хот руу нүүж, Станислас Нордейгийн удирддаг “the National Theater of Brittany”-д элсч, тэндээ Жан Франкойс Сивайдер, Клауд Реги, Хюберт Колас, Роберт Кантарелла, Жэй Си Сайс, Антон Кузнецов зэрэг шилдгүүдээс үг сонсч, ур чадвараа хөгжүүлж байлаа.

БИЕ ДААВ

Боломж бололцоо, эрдэм мэдлэг нь жигдэрсэн Томас Жолли анх бие даан хоёр ч тайзны бүтээл найруулав. Тухайлбал,  2004 онд “Letters from the Portuguese Nun” зохиолыг, 2005 онд Жан-Лук Лагаргегийн “La Photographie” зохиолыг тус тус тайзнаа амилуулжээ. Мөн найруулахынхаа сацуу 2005 онд найруулагч Седрик Гурмелоны “Splendid’s” жүжигт, 2006 онд найруулагч Станислас Нордейгийн “Peanuts” жүжигт тус тус дүрээ мөнхөлсөн түүхтэй.

Ийнхүү 2006 оны төгсгөлд Томас өрх тусгаарлан, нутагтаа залуу жүжигчидтэй хамтран “La Piccola Familia” гэх уран сайхны нэгдлээ байгуулжээ. Тэд 2007 оны нэгдүгээр сард алдарт зохиолч Пьер де Маривогийн “Arlequin poli par l’amour” гэх жүжгийг Шербур-Октевиль хотын Тридент танхимд тоглож, уран бүтээлийн гараагаа тавьсан аж.

“Arlequin poli par l’amour” жүжгээ Томас Жолли Москвад хүртэл тоглож байв.

Тэр цаг үеэс залуу найруулагчийн уран бүтээлийн онгод хөглөгдөж, дараа дараагийн тайзны бүтээлүүдээ туурвиж, үүнийхээ ачаар ч чамгүй шагнал хүртсэн. Томас Жолли 2010 оноос эхлэн алдарт Уильям Шекспирийн “Henry VI” трилогийг тайзнаа тоглохоор бэлтгэж, ажлаа хоёр хэсэгт хуваажээ. Эхний хэсэг нь 2012 оны нэгдүгээр сард олон нийтэд хүрч, хоёрдугаар хэсэг нь 2015 онд тоглогджээ.

Энэ цаг үеэс залуухан найруулагч урлагийн хүрээнийхэн дундаа үнэлэгдэж, ирээдүйтэй шилдэг уран бүтээлч гэж тооцогдох болов.

АМЬДРАЛД ГАНЦ ТОХИОХ БОЛОМЖ – ПАРИС 2024

Парисын наадмыг зохион байгуулах хорооны дарга Тони Эстангуэт өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт олимп, паралимпийн наадмын нээлт, хаалтыг найруулах найруулагчийн нэрийг олон нийтэд зарласан. Тэрбээр сонголтоо “бидний алсын хараатай нийцсэн амбицтай сонголт” гэж тодорхойлсон юм.

Тони Эстангуэт “Гайхалтай замналынхаа ачаар залуухан, бүтээлч, амбицтай Томас Жолли Францын урлагийн ертөнцийн тэргүүн эгнээнд явж байна. Түүний ер бусын үзүүлбэрүүд түүнийг хэрхэн хэм хэмжээг зөрчиж, дараагийн шатанд гаргахаа мэддэгийн нотолгоо. Тэр Сена мөрний эрэг дээр, де ла Конкорд талбай дээр, Стад де Франс цэнгэлдэхэд өмнө нь хэзээ ч байгаагүй урлагийн концепцийг бий болгоно” гэжээ.

Харин Томас Жолли “Сена мөрний эрэг дээр олимпийн нээлтийг хийх тухай сонсоод зохион байгуулах хороо юу хүсээд байгааг ойлгосон. Францад болох анхны паралимпийн нээлтийн ёслол, Стад де Франс цэнгэлдэх дэх хаалт 2024 онд дэлхий нийтэд өвөрмөц дүр төрхийг харуулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ.

Парисын олимпийн нээлт 2024 оны долдугаар сарын 26-ны өдөр Сена мөрний эрэг дээр болно. Энэ удаад нээлтийг цэнгэлдэх дотор бус гадна хийж байгаа нь өвөрмөц шийдэл болоод байна. Нээлтийг нийтдээ 600 гаруй мянган хүн үзэж сонирхох таамаг байгаа бөгөөд 10’500 гаруй тамирчин Сена мөрний эрэг дээр завьтай аялж, нээлтэндээ жагсана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж