АНУ-ын цэргийн тагнуулын нисэх онгоцууд ОХУ-ын Европ дахь бүс нутагт нэвтэрч, Кремлийн болзошгүй цөмийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж эхэлжээ. Украинд явуулж буй дайнаас үүдэн ОХУ нь цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэх мессежийг Оросын албаныхан анхааруулах болсон.
АНУ-ын электрон тагнуулын "Boeing RC-135" нисэх онгоц Их Британи дахь баазаас өчигдөр хөөрч, Балтын тэнгисийн дагуух ОХУ-ын Калининградын ойролцоо тойрон нисч эхэлжээ. Тус онгоц нь тагнуулын мэдээллийг цуглуулж, нөхцөл байдлыг газар дээр нь шууд дүгнэх, мэдээлэл түгээх хүчин чадалтай бөгөөд 30 орчим хүн багтдаг. Тус тагнуулын онгоц нь цахилгаан соронзон хүрээг газарзүйн байршлын дохиоллоор илрүүлж, таних боломжийг өгдөг.
500 мянган хүн амтай Калининград нь Польш, Литва улсын голд оршдог. Умард Атлантын цэргийн эвслийн /NATO/ холбоотон орнуудын голд байрладаг учраас Оросын дайралтад чухал үүрэгтэй "жившгүй нисэгч онгоц тээвэрлэгч" гэж тооцогддог. Калининград дахь цэнэгтэй цөмийн зэвсэг хадгалах байгууламжид 2018 онд ОХУ нь томоохон сэргээн засварлалт явуулсан. Америкийн шинжлэх ухаанчдын холбооны цөмийн зэвсгийн мэргэжилтэн Ханс Кристенсений хэлснээр энэ нь аливаа зөрчил хямралын үед цөмийн хошуугаар хангах гол агуулах аж. Калининград нь Польшийн хилээс 50 км хүрэхгүй зайтай оршдог. ОХУ-ын Балтын тэнгисийн флот нь өнгөрсөн дөрөвдүгээр сард "Искандер" пуужингийн цогцолборыг ашиглан Калининградад цөмийн дайралтын загварчилсан сургуулилалтыг зохион байгуулсан. "Искандер" баллистик пуужин нь цөмийн зэвсэгтэй болон уламжлалт хошууг зөөвөрлөх чадвартай.
Калининградын ойролцоо АНУ-ын тагнуулын онгоц эргэлдэх нь ямартай ч хэвийн бус боловч түгшүүр үүсгэх асуудал биш Вашингтонд төвтэй тагнуулын нээлттэй мэдээлэл цуглуулах "New Lines Institute" байгууллагын мэргэжилтэн Арам Шабаниан мэдэгджээ. Ямар ч Оросын цэргийн хөдөлгөөнд АНУ-ын шийдвэр гаргах дээд түвшний хүмүүсийн анхаарал хандуулах нь улам нэмэгдсэн гэсэн үг гэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цөмийн зэвсэг хэрэглэх даалгавар өгсөн байж болзошгүй гэх шинж тэмдгийг илрүүлэхээр барууны тагнуулын агентлагууд Оросын цэргийн хөдөлгөөн, мэдээллийг нарийвчлан ажиглаж эхэлсэн байна. ОХУ нь өнгөрсөн хоёрдугаар сард Украинд дайн эхлүүлснээс хойш цөмийн зэсвэг ашиглаж болзошгүй гэх мессежийг олон удаа өгсөн. Тухайлбал, есдүгээр сарын 21-нд ОХУ даяар хэсэгчилсэн цэрэг татлага зарлахдаа Путин цөмийн дайны аюул нь "хууран мэхлэлт" биш гэдгийг онцолсон. Тэрбээр "ОХУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийвэл Орос улс, ард түмнээ хамгаалахын тулд бүх арга замыг хэрэглэнэ" гэж мэдэгдсэн.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ