Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого төлөвлөлтийн газрын Өргөн нэвтрүүлэг, тоон бичиг үсэгтний бодлого хариуцсан Ахлах шинжээч Э.Бямбасүрэнгээс тодрууллаа.
-Мэдээллийн ил тод байдал болон аюулгүй байдлын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны нэгдүгээр сарын 6-нд Засгийн газрын 13 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан. Ингэхдээ яамны бүтцэд шинээр “Мэдээллийн аюулгүй байдлын газар” нээгдсэн. 2022-2026 онд буюу дөрвөн жилийн хугацаанд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх, стратеги төлөвлөгөөг баталсан. Мөн хоёр дахь томоохон бичиг баримт болох цахим үндэстэн баримтлах чиглэлийг тавдугаар сарын 18-ны өдөр сайдын А24-ээр тушаалаар баталсан. Тус цахим үндэстэн баримтлах чиглэл нь зургаан дэд бүтэцтэй.
Нэгдүгээрт, дижитал дэд бүтэц буюу дэд бүтцийн бэлэн байдлын талаар хангах арга хэмжээг тусгасан. Хоёрдугаарт, цахим засаглалыг хөгжүүлэх. Цахим засаглал нь Монгол Улсад 1990-ээд он, 2000 оны эхээр Цахим Монгол, Цахим засаг гэсэн үндэсний хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байсан. Гуравдугаарт кибер аюулгүй байдал. Дөрөвдүгээрт, бүх нийтийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах гэсэн зорилт дэвшүүлсэн. Тавдугаарт, инновац үйлдвэрлэлийг дэмжих, зургадугаарт, үндэсний хөгжлийн хурдасгуур үзүүлэлт нь манай салбарын гол дэвшилтэт технологи болно гэж тодорхойлсон байна.
Бүх нийтийн тоон бичиг, үсгийн чадварыг сайжруулах гэсэн дөрвөн жилийн төлөвлөгөөг БСШУ-ны сайд, ХНХ-ын сайд, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар батлуулсан. Тус төлөвлөгөөний зорилго нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах юм.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Үндэсний статистикийн хороо хамтран цахим үндэстэн болох гэж байгаа иргэд ямар мэдлэг ур чадвартай байгаа талаарх өрхийн судалгаа хийсэн. Тус судалгаанаас цахим үндэстэн болоход бэлтгэгдэж буй иргэд нь мэдээлэл эрж хайх мэдлэг 43 хувь, цахим контент үүсгэн түүнийг ашигладаг нь 38 хувь, програмчлалын ур чадвар 9,4 хувь байхад хамгийн бага хувь нь буюу 6,4 хувь мэдээллийн аюулгүй байдал байна. Энэ нь иргэд цахим орчинд хувийн мэдээллээ ил байлгах, мэдээллийн эх сурвалжийг худал, үнэн эсэхийг ялгалгүй автах гэх мэт байгаа нь үзүүлэлт нь доогуур байхад хүргэж байна.
“E-Mongolia” нэгдсэн системд нэвтэрсэн иргэдийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?
-“E-Mongolia” нэгдсэн системээр 60 гаруй төрийн байгууллагын 600 гаруй үйлчилгээ үзүүлдэг. 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль” батлагдсан. Тус хууль нь нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино.
Мөн хуульд тусгагдсанаар “E-Mongolia” нэгдсэн систем нь үндсэн болон дэмжих систем гэсэн хоёр хэсэгтэй. Үндсэн систем нь улсын бүртгэл дэх иргэдийн суурь мэдээллийг багтаасан. Харин дэмжих систем нь тухайн иргэн ямар үйлчилгээ авах талаар хүсэлт мэдээлэл авдаг. Иргэн мэдээлэл авахын тулд ХУР ДАН танилтын системээр нэвтрэх үед анхны оролтоор танигдана. Ингэснээр цахим шуудан автоматаар нээгдэнэ. Хуульд тусгагдсанаар цахим шууданд сонгуулийн мэдээ, бүх нийтийн санал асуулга зэрэг тодорхой мэдээллүүд иргэдэд очдог юм.
Түүнчлэн иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг “Мэдээллийн аюулгүй байдлын газар” хянан ажилладаг.
Б.УНДРАМ
Холбоотой мэдээ