2023 оны төсвийн төслийг өнөөдөр /2022.09.29/ УИХ-д өргөн барина. Сангийн сайдын мэдээлснээр Б.Жавхлан "Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ үед Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж буй аж.
Ирэх оноос эхлэн хүүхдийн мөнгийг өндөр орлоготой бус, зөвхөн зорилтот бүлэгт л олгохоор төсвийн төсөлд тусгажээ. Энэ хүрээнд нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно.
Хөрөнгө оруулалтуудыг дуусгах, ам.долларын гадагшлах урсгалыг хянах зорилгоор ирэх онд барилга, байшин барих гэх мэт хөрөнгө оруулалтын төслүүдийг шинээр эхлүүлэхгүй юм байна.
ТӨСВИЙН ХУУЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТ
-Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй өөрөөр хэлбэл уул уурхайгаас бусад Монгол Улсад бүртгэлтэй ААН, үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжих хувьцаанд хөрөнгө оруулсан этгээдийн ногдол ашгийн суутгах татварыг гадаадад 20 хувь дотоодод 10 хувь байгааг таван хувь болгон бууруулах,
-Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг ААН-ийн орлогын албан татвараас чөлөөлөх,
-Монгол Улсын ААН-үүд нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор IPO гаргахыг дэмжихийн тулд IPO гаргахтай шууд холбогдон гарах зардлыг 20 хувиар нэмэгдүүлж, ААН-ийн орлогын албан татвараас хасч тооцох,
-Гарааны компанийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш 5 жилийн хугацаанд ААН-ийн орлогын албан татвараас бүрэн хөнгөлнө.
-Мэдээллийн технологийн компаниудыг дэмжих зорилгоор программ хангамж ашиглах, сервер түрээслэхтэй холбоотой гадаад улсад шилжүүлж байгаа орлогод ногдуулах ААН-ийн орлогын албан татварыг 5 хувь болгож бууруулах,
-Хот хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангахын тулд дулаан цахилгаан үйлдвэрлэх шинэ төсөлд орлого олж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд 90 хувиар, дараагийн 3 жилийн хугацаанд 5 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ. Улмаар нийслэл хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн ААН-үүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.
-Хөдөө аж ахуйн чиглэлийн боловсруулах шатны үйлдвэрүүдэд 2027 он хүртэл гаалийн татвараас бүрэн чөлөөлнө.
-Шинэ автобусыг 2024 он хүртэл импортын гааль, НӨАТ-аас чөлөөлнө.
"САРЫН 15 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ОРЛОГТОЙ ИРГЭДЭЭС 20 ХУВИЙН ТАТВАР АВНА"
–Шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлнэ. Ингэхдээ, 817 мянган хувь хүний орлогын албан татвар төлөгч нарын зөвхөн 0.1 хувийг хамрах хэмжээнд 1300 иргэнд очих татварын зохицуулалтыг хийнэ. 0-10 сая хүртэл орлоготой иргэд хуучнаараа буюу 10 хувийн татвараа төлнө. Үүнээс дээш хэсэгт нь татвар ногдуулна. Тухайлбал, сарын 11 сая төгрөгийн орлоготой бол 10 саяд нь 10 хувийн татвар, илүү нэг саяд нь 15 хувийн татвар ногдуулна.
-Төрийн албан хаагчдын цалингийн системийг шинэчилнэ. Одоогоор 165 төрлийн цалингийн ялгаатай ангилал байна. Үүнийг цэгцэлж 20 болгоно. Мөн ажилласан жилийн нэмэгдлийг шинэчилж, жил тутамд нэг хувийн нэмэгдэлтэй болгоно.
-Уул уурхайн компаниудаас орон нутагт өгдөг хандив тусламж өгдөг нь ойлгомжгүй, тодорхойгүй явж ирсэн. Энэ харилцааг ил болгох, орон нутгийн иргэдийн оролцоог дэмжих зохицуулалт хийнэ. Тухайлбал, зөвхөн 2020 онд 6 аймагт 75.5 тэрбум төгрөгийг өгсөн байна. Гэтэл энэ мөнгө хэрхсэн нь тодорхойгүй, ил тод бус байгаа учраас тухайн орон нутагт хандив өгөхөөр бол зөвхөн орон нутгийн хөгжлийн санд өгч, ИТХ хяналт тавьдаг болгоно. Үүнийг хуульчилна.
Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд экспорт 2.4 тэрбум ам.доллар, импорт 1.2 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Ирэх жил импортыг хазаарлана гэсэн үг.
Зэс 1.4 сая тонн буюу энэ жилийнхнээс 185.4 мянган тонноор нэмэгдэнэ. Ирэх оны хагасаас Оюутолгойн далд уурхайн олборлолт нэмэгдэхтэй шууд холбоотой. Ирэх жил нүүрсний экспортыг 2018 оны түвшинд хүргэх боломж бүрдсэн. Манай Засгийн газар 2021 оны нэгдүгээр сард үйл ажиллагаа эхлэхэд Цагаан хаданд 12 сая тонн нүүрс хүлээж авсан. Хилийн хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор нүүрсээ гаргаж дууссан. Тавдугаар сараас эхлээд шинэ нүүрс гарч эхэлсэн. Гэсэн хэдий ч орж ирдэг орлого байхгүй.
Ирэх оны төсөвт 1 их наяд 394.6 тэрбум төгрөгийг нийт хүүхдийн 91 хувьд нь олгохоор өргөн барина.
Холбоотой мэдээ