ОУВС: Ипотекийн зээлээ зогсоож, ТӨХК-иудын зардлыг танах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

ОУВС: Ипотекийн зээлээ зогсоож, ТӨХК-иудын зардлыг танах хэрэгтэй

ОУВС: Ипотекийн зээлээ зогсоож, ТӨХК-иудын зардлыг танах хэрэгтэй

Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийнхэн Монголд энэ сарын 15-наас 28-ны өдрүүдэд ажиллаад, тун таагүй мэдээлэл, дүгнэлттэй буцаж байгаагаа мэдэгдлээ. Эдийн засгийн төлөв байдал урд урдахаасаа илүү муудах төсөөлөлтэй, урьдчилан тооцоолж байгаагүй олон эрсдэлтэй нүүр тулахыг хэлэв.

Монгол Улсын ирэх оны эдийн засгийн өсөлтийг тэд 5-4 хувь болгон бууруулжээ.

“Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэдэгчлэн Монгол Улсын төр засаг, бодлого зангидагчид буруу замаар будаа тээж, асуудлын голыг олж харж чадахгүй, хэрэгцээ шаардлагагүй төсөлд дэмий мөнгө зарлагадаж, иргэдийнхээ амьдралыг тэтгэх нь битгий хэл эдийн засгаа “сүйрүүлж” буйг хатуухан санууллаа.

Ажлын хэсгийнхэн Монголд ажиллах хугацаандаа Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцжээ. Сангийн сайд Б.Жавхлан ирэх 2023 оны төсвөөс 1 их наяд төгрөг хэмнэх боломж бүрдсэн гэж мэдээлж буй. Гэвч ОУВС-гийн Ажлын хэсгийнхэнтэй уулзахдаа танилцуулсан төсвийн төсөл өчигдөр танилцуулсанаас бага дүнтэй, өөрөөр хэлбэл одоо өргөн барьж буй төсөл хэт "тэлсэн" байгааг онцлов.

“ДОТООД ЭРЭЛТ ИНФЛЯЦИЙГ ӨДӨӨЖ БАЙНА”

ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи Монголд ирээд жолоочийн хүүхэд хүүхдийн мөнгө авч чадахгүй, чинээлэг иргэд түүнийг "завшиж” буйг олж мэдээд гайхсанаа өгүүлсэн юм. Тэрбээр “Хүүхдийн мөнгийг хавтгайруулан олгож байгаа нь буруу, зорилтот бүлэгт өгөх нь зөв. Өндөр орлоготой хэсэгт өгөлгүй, тэрхүү хэмнэсэн санхүүжилтийг бага, дунд орлоготой бүлэгт зарцуулах нь зөв. Үнэхээр шаардлагагүй байхад чинээлэг өрхүүдэд хүүхдийн мөнгө өгөх буруу юм. Өндөр орлоготой иргэдэд төрийн дэмжлэг шаардлагагүй. Тэд үүнийг гадаадад аялах гэх мэт өөр зүйлд зарцуулдаг” гэв.

Ажлын хэсгийнхэн өндөр орлоготой иргэдээс хүн амын орлогын албан татварыг илүү өндөр хувиар авахыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Энэ нь төгрөгийн ханшид эерэгээр нөлөөлөхийг хэлэв. Төгрөгийн ханш унаснаар импортын бараа улам үнэтэй болж, цаашлаад инфляцийг өдөөж буйг анхааруулав.

Ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэн, шаардлагагүй төслүүдийг зогсоох нь зүйтэйг онцоллоо.

Төгрөгийн ханш, гадаад валютын ханш эрсдэлтэй байдалд хүрчээ. Төвбанк бодлогын хүүг өсгөсөн ч энэ шийдвэр дангаараа төгрөгийг тогтоон барьж чадахгүйг хэлэв. Гадаад валютын нөөц ихээхэн буурсан тул нөхцөл байдал амаргүй, ноцтой байдал үүсч болзошгүйг сануулсан юм.

“ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗАРДЛЫГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ТАНАХ ХЭРЭГТЭЙ”

Ирэх онд Засгийн газар хэд хэдэн бондыг эргэн төлөх үүрэгтэй. Энэ чиглэлээр УИХ, Засгийн газар бодлогын шийдвэр гаргах хэрэгтэйг хэллээ.

Ангана банержи "Монгол Улсын эдийн засаг цар тахлын дараа сэргэж байна. Хил гааль дээрх саатлын эсрэг Засгийн газар идэвхтэй ажиллажээ. БНХАУ руу түүхий эдийн экспорт хэвийн үргэлжилж байна. Гэвч инфляци өндөр хэвээр байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тос, хүнсний бүлгийн үнэ өндөр байна. Монгол Улс эдгээрийн аль алийг нь импортоор авдаг.

Мөн дотоод эрэлт инфляцийг өдөөж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар иргэдийн орлогыг үл харгалзан, дэмжлэг үзүүлсэн. Одоо ч энэ дэмжлэгийг үзүүлсээр байна. Тэтгэврийн доод хэмжээг нэмж, ирэх онд төрийн зарим албан хаагчийн цалинг нэмэх юм байна. Иргэдийн гар дээрх мөнгө нэмэгдсэн нь инфляцид шууд нөлөөлж, түүнийг өсгөдөг.

Төрийн өмчит компаниуд БНХАУ-ын зарим компанитай, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байна. Ингэснээр Монгол Улсад орж ирэх байсан экспортын орлого буурсан. Эдгээр нь дэд бүтцийн төслүүд бөгөөд гэрээ улсын нууцад хамаарах тул бид илүү дэлгэрэнгүй мэдээлэлгүй байна. Эндээс мөнгө орж ирнэ гэж хүлээх хэрэггүй болжээ. Мөн эдгээр дэд бүтцийн төслүүд импортыг өсгөнө. Олон нийтэд эдгээр төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлж, яг одоо хэрэгжүүлэх ямар шаардлага байгааг сайтар тайлбарлах шаардлагатай.

Монгол Улсын Засгийн газар Төв банкийг дэмжих хэрэгтэй. Яаж дэмжих вэ гэхээр төсвийн хөрөнгө оруулалтууд, төрийн өмчит компаниудын зардлыг их хэмжээгээр танах шаардлагатай. Бодлогын хүүг 12 хувьд хүргэснээр үр дүн нь шууд өнөөдөр гарахгүй. Хугацаа шаардлагатай. Бодлогын хүүг 12 хувьд хүргэснээр зээл олголт буурна" гэв.

Мөн тэрбээр төсөвтэй адилтгах үйл ажиллагаа болох ипотекийн хөнгөлөлттэй зээлийг цаашид Монголбанк хэрэгжүүлэх нь буруу. Энэ нь төгрөгийн ханшид сөрөг нөлөө үзүүлдэгийг тодотгосон юм. Монгол Улс энэ онд ипотекийн хөнгөлөлттэй зээлийг зогсоох хэрэгтэйг ч хэллээ. Энэ нь барилгын салбарыг дэмжиж буй ч барилга барихын тулд ихэнх нөөцөө гадагшлуулж буйг анхааруулав.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрт орох хүсэлт илэрхийлээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж