Сурвалжлага: Амьтнаас илүү асран хамаалагчтай нь ойлголцоход хэцүү | News.MN

Сурвалжлага: Амьтнаас илүү асран хамаалагчтай нь ойлголцоход хэцүү

Сурвалжлага: Амьтнаас илүү асран хамаалагчтай нь ойлголцоход хэцүү

Хүйтний улирал эхэлмэгц ханиад, томуугийн вирус идэвхждэг. Хүмүүсийн нэгэн адил амьтад ч бас энэ үеэр өвчлөх нь их байдаг гэнэ. Улсын хэмжээнд эзэнгүй муур, нохой их ч тэднийг аварч, хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрэв. Монгол Улсад ойролцоогоор 320 мянга гаруй эзэнгүй муур, нохой байдаг гэсэн албан бус мэдээлэл бий. Тэд хүн шиг өлсөж, өвддөг.

Монгол сүүлийн жилүүдэд мал, амьтны эмнэлэг, эмийн сангууд олширсон. Малын их эмч М.Баасансүрэн эзэнгүй орхигдсон амьтдад өвчлөл их байгааг ярилаа.

Харин иргэд тэжээвэр амьтдаа багагүй анхаарал тавьдаг болсон нь илэрхий М.Баасансүрэн эмчид үзүүлэхээр тэжээвэр амьтнаа тэвэрсэн, хөтөлсөн хүмүүс цөөнгүй байв.

“Жонон” мал эмнэлэг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад цөөнгүй жил болжээ. Тус эмнэлэг өдөр бүр 9.30-18.30 хүртэл ажилладаг, амьтны туулгалт, вакцин, оношилгоо, зөвлөгөө, үзлэг бүх төрлийн мэс заслыг хийдэг аж. Цайны цаг гэж байхгүй, мөн 24 цагийн турш дуудлагаар гэрт нь очиж, амьтныг нь үзэж, оношилдог болохыг М.Баасансүрэн эмч танилцуулав.

Хэдийгээр ажлын өдөр ч гэсэн тус эмнэлэг үйлчлүүлэгч ихтэй байлаа. Дийлэнх нь нохойгоо үзүүлэхээр ирсэн байх агаад тэдний дундаас хоёроос гурван сартай “Beagle” үүлдрийн гөлөг тэвэрсэн иргэн Ганаатай амьтан тэжээхэд тулгардаг асуудал, бэрхшээлийг хуваалцлаа.

Тэрбээр “Нохой маш их ухаантай амьтан. Та яаж харьцана, яг л адил харьцана. Манай нохойны хувьд хөдөлгөөн нь багасаад, өвдсөн нь илт мэдэгдсэн учир энд ирсэн. Эмч “Хатгаа туссан байна” гэж оношилсон, одоо шингэн хийлгэж байна. Нохой тэжээхэд эргэн тойрны айл хөршүүдийн зүгээс төвөгшөөх хандлага цөөнгүй гардаг. Нохойгоо гудамжаар хөтлөөд явахад дийлэнх хүмүүс айсан харцаар хардаг. Гадуур эзэнтэй, эзэнгүй нохой хүн урсан гэх мэдээ их гардаг болохоор аргагүй байх. Амьтнаа анхнаас нь зөв сургавал хэзээ ч хүн рүү дайрдаггүй. Гэхдээ бүх хүн үүнийг мэдэхгүй учир гадуур хошуувч зүүлгэж хэвшвэл хэн хэндээ айдасгүй байдаг” гэв.  Түүний хувьд нохойгоо үзүүлж, эмчлүүлэхэд багагүй төлбөр төлжээ.

Монголчууд зөвхөн муур, нохой ч биш тоть, хулгана, яст мэлхий, туулай, усан гахай гээд төрөл бүрийн амьтдыг тэжээдэг болсон. Тэд хүний адил ханиад томуу тусна, өвчилнө. Тэр болгонд эмнэлэг барааддаг нь цөөн. Ялангуяа хашааны ноход ханиад томуу туслаа гэхэд эзэд нь эмнэлэгт барагтай бол үзүүлдэггүй болохыг тус эмнэлгийнхэн яриад, амьтанд ч гэсэн өвдөх, зовох, хүний тусламж авах үе байдгийг зөвлөв.  Нохой, муур, туулай, усан гахай… гээд амьтан тэжээж байгаа хүмүүс яг л нялх хүүхэд шиг  асрах шаардлагатай байдаг аж.

Хүмүүс дур сонирхолдоо хөтлөгдөөд, эсвэл түр зуурын шохоорхолоор амьтан тэжээдэг. Дараа нь өвдөх эсвэл амьтнаасаа харшлах, сонирхол нь буурахаар гэрээсээ гаргаад хаях нь байдаг, тэд нь эзэнгүй амьтан болж хувирдаг гэнэ.

Хаана, яаж өвдөж буйгаа хэлж, ярьж чадахгүй үйлчлүүлэгчдээ үзэж, оношилох завсар зайгаар М.Баасансүрэн эмчтэй ярилцсан юм.

-Амьтны эмчээр хэчнээн жил ажиллаж байна. Хүн шиг зовууриа хэлж ярьж чадахгүй болохоор үзлэг хийж, эмчлэхэд багагүй хүндрэл учирдаг байх?

-Би малын эмчээр зургаа дахь жилдээ ажиллаж байна. Үхэж байгаа амьтныг эдгээж, хөл дээр нь босгох мэдрэмж хамгийн сайхан. Гэхлээ  ааштай хаздаг, дайрдаг амьтантай хошуувч зүүлгээд ойлголцдог ч зарим тохиолдолд эзэдтэй нь харилцахад илүү бэрхшээл хүндрэл гардаг. Амьтных нь өвчнийг хамгийн энгийн байдлаар, тухайлбал халдвартай, халдварт биш өвчин гэж тайлбарлаж өгөхөд ойлгохгүй тохиолдол их.

Амьтнаасаа илүү асран хамгаалагчтай нь хэл ам ойлголцдоггүй гэсэн үг үү?

-Тийм. Мэдээж, эмчид үзүүлээд шууд өвчин зовуурь нь шууд намжихгүй шүү дээ. Зарим амьтанд багагүй хугацаанд эмчилгээ хийх болдог. Гэтэл  амьтан нь нэг, хоёр хоногийн дараа биеийн байдал нь дахин муудахаар бидэн рүү дайрдаг, мөнгөө буцааж нэхэх тохиолдол ч гардаг. Гэхдээ сүүлийн үед амьтанд хайртай хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Амьтныг гэр бүлийн гишүүн мэт хайрлаж тэжээдэг хүмүүс бий.

-Танай эмнэлэг өдөрт хэчнээн амьтанд үйлчилдэг вэ?

-Манай эмнэлгээр өдөрт дунджаар 20-30 амьтан үйлчлүүлдэг. Түүний дийлэнх нь бага насны буюу төрөөд нэг нас хүрээгүй амьтад байдаг. Хүйтний улирал бидний ханиад томуугаар өвчлөх тоо эрс нэмэгддэг шиг амьтдын хувьд ч мөн өвчлөх, вирус авах идэвхтэй үе байдаг. Энэ үеэр манай эмнэлэгт вирусээр өвчилсөн амьтад их ирдэг. Ялангуяа нохойны хувьд parvovirus, distemper гэх халдварт өвчнөөр маш их өвчилдөг. Улаанбаатар бол эдгээр вирусийн голомт болсон. Учир нь хүмүүс амьтнаа цаг тухайд нь вакцин, туулгад хамруулдаггүй. Эзэнтэй амьтад тэр бүр хамрагдаж чадахгүй байхад эзэнгүй амьтдын хувьд үнэхээр хэцүү. Жил болгон вакциндаа хамрагдсан нохой, муур халдварт өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага. Халдварт бус өвчний тухайд ихэнх нь тэжээлт болон хооллолтоос шалтгаалдаг.

-Эзэнгүй амьтдыг яаж зохицуулах ёстой гэж эмчилдэг хүний хувьд та боддог вэ?

-Эзэнгүй амьтдыг буудаж устгах нь шийдэл биш. Хөгжингүй орнуудад амьтдын асрамжийн газар байгуулан, эзэнгүй, тэжээх боломжгүй болсон амьтдыг үржлийг нь хаагаад, харж ханддаг. Тэгээд ч амьтан тэжээх нь өндөр хариуцлага гэдгийг хуулиар зохицуулж өгсөн байдаг. Амьтны тухай хуульдаа өөрчлөлт оруулбал зах замбараагүй үржүүлэг багасч, эзэнгүй амьтны тоо багасах биз ээ. Учир нь манайхны дийлэнх нь амьтандаа заслага болон спэй хийлгэдэггүй. Нохой, муур нь нэг мэдэхэд зулзагалдаг. Гараад ирмэгц нь нэг уулын мухарт юм уу, нэг гудамжинд хаячихдаг. Ийм байхад тэр бүгдийг буудаж устгана гэдэг шийдэл биш.

Биднийг ийн ярилцах зуур муур тэвэрсэн бүсгүй орж ирлээ. Муур нь мөөгөнцөрдсөн тул эмчилгээ хийлгэхээр ирсэн аж. Эмийн сангаас дур мэдэн эм авч өгсөн ч муур нь засал авахгүй байсан тул ийнхүү эмнэлэг бараадсан нь энэ гэнэ.

-Хөөрхөн муур байна?

-Тийм, одоо өвдчихөөд жаахан онцгүй болчхоод байна. Эмчийг эм өгөхөөр зүгээр уучих юм. Харин намайг өгөхөөр огт уудаггүй, надад эрхэлдэг юм шиг байна. Сая хайрцагтай нь авч гарсан чинь айгаад байх шиг. Гадагшаа гаргаад хаячих вий гэж айгаад байгаа юм шиг санагдлаа.

-Амьтад гэрээсээ хөөгдөх вий гэж айдаг байх даа?

-Манайхан хүүхдээ эрхлүүлэх гээд амьтан авч өгдөг. Нөгөө хүүхэд нь уйдахаар амьтнаа гаргаад хаячихдаг гэсэн. Манай муур их хөөрхөн. Шөнө хөнжилд орж ирээд унтчихдаг.

-Муурандаа дасчихсан уу?

-Дасчихсан, ажил дээрээ байх үедээ муур маань яаж байгаа бол гэж бодох үе байна. Муур өөрийг нь орхичихлоо гээд ганцаардаад өвчин тусчихдаг гэсэн.

Бүсгүй муурныхаа эмчилгээ бичүүлж аваад гарч одлоо. Араас нь ахиад нэг нохой эмчид үзүүлэхээр оров. Амьтад эмчийн яг үгээр нь байх нь хөөрхөн.  Эмчид үзүүлж, тариулахдаа элдэв ааш гаргах нь бага аж.

Монголчууд гэрийн тэжээвэр амьтан тэжээх явдал нэмэгдэж байна. Гэхдээ яг хэчнээн иргэд хэчнээн амьтныг тэжээж буй талаарх судалгаа байдаггүй  “Азтай савар” ТББ-ын гишүүн, хуульч У.Азжаргал  ярилаа. Статистикт дурдсанаар 2021 онд улсын хэмжээнд 320 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна гэдэг судалгаа байдаг аж.

Иргэд мэдээлэлгүй нөгөөтэйгүүр мөнгөгүй гэх шалтаг, шалтгаанаар тэжээж байгаа амьтандаа үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэдэггүй аж. Тэр ч бүү хэл тэжээж чадахгүй бол гудамжинд хаян тохиолдол цөөнгүй гэнэ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нарын гишүүд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргад саяхан өргөн барьсан. Хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс “Хуулийн төсөлд эзэнгүй нохой, муурын асуудал, эзэнгүй гэрийн тэжээвэр амьтан хүн, хүүхэд хазаж байгаа явдал, тэдгээр амьтдыг харгис хэрцгийгээр устгаж, улмаар хөрсөнд булж бохирдол үүсгэж байгаа зэрэг асуудлыг тусгасан байсан. Ингээд танилцаж судлаад үзэхэд энэ хууль бол зөвхөн гэрийн тэжээвэр амьтны тухай бус хүний тухай хууль юм бол үзсэн.

 Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны тухай бие даасан хуультай байна. Гэтэл манай улс гэрийн тэжээвэр амьтан болон хүн хоорондын харилцааг огт зохицуулж байгаагүй. Гэр хороололд амьдардаг иргэд нохой, муураа тэр бүр эмнэлэгт үзүүлдэггүй.  Үржил хязгаарлах мэс ажилбар хийлгээгүйгээс болоод нэг нохой жилд дунджаар 16 гөлөг гаргалаа гэхэд гурван жилийн дараа 512 болтлоо өсдөг бол муур жилд дунджаар 24 зулзага гаргадаг гэвэл гурван жилийн 11800 болтлоо өсдөг байна.  Монгол Улс эзэнгүй амьтныг буудаж устгах арга хэрэглэдэг бөгөөд үүнд 1.2-1.8 тэрбум төгрөг зарцуулдаг.

 2020 онд 3800 гаруй иргэн нохойд хазуулсны 90 хувь нь эзэнтэй нохой, хазуулсан иргэдийн 37 хувь нь 0-15 насны хүүхэд байжээ.

Ийм учраас иргэдийг хариуцлагатайгаар амьтан тэжээдэг болгох, нийтийн эрүүл мэндийг хамгаалах шаардлагын үндсэн дээр энэхүү хуулийн төслийг боловсруулсан" болохоо тайлбарласан юм. Уг хуулийн төсөлд тэжээвэр амьтны асран хамгаалагч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах орлогын эх үүсвэртэй байх шаардлагыг тусгасан байна.

Амьтан тэжээдэг хүмүүсийг харахад нэг хэсэг нь яг л өөрийн хүүхэд, эсвэл гэр бүлийн гишүүн шигээ хандаж, өвдөж, зовох үед нь эмнэлэг барааддаг аж. Харин нөгөө хэсэг нь зугаагаа хангах, нэн ялангуяа гэр хорооллынхон хашаа, гэрээ мануулах нэрээр нохой тэжээдэг. Түүнийгээ жорлонгийнхоо хажууд уяж, эмнэлэгт үзүүлэх нь ховор бололтой.

М.АРИУНБОЛД

Гэрэл зургийг Б.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-29 202.126.93.206

Ялангуяа нохой тэжээдэг хүмүүс өглөө, оройдоо гэрийнхээ ойролцоох сургууль, цэцэрлэгийн хашаанд баалгаж шээлгэдэгээ болимоор байна аа

Avatar

Зочин 2022-09-29 202.126.88.82

Америкийн хауст тэжээдэг нохойг умгар шахдалцсан байрандаа тэжээдэг үхэр монголчууд. Америкчууд европчууд ганцаардлаасаа салах гэж ганц бие амьдралдаа нохой муур авдаг байхад оркууд тэрийг нь ч ойлгохгүй нохой муур авна. 🐂🐃🐄 гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж