Өнөөдөр хоёр талын хамтын ажиллагааг, ялангуяа эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ түүхэн боломж бидэнд ирээд байгаа бөгөөд манай орны герман хэлтэй олон мянган иргэд хоёр улсын харилцааны гүүр болж өгөх нь дамжиггүй юм гэдгийг Ерөнхий сайд онцолоо.
Германы техник технологи, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх ач холбогдлыг Ерөнхий сайд мөн дурдаад, Монгол Улс Европын Холбоотой Түншлэл, Хамтын ажиллагааны гэрээг байгуулахаар ажиллаж байгаа энэ үед Германы талаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Доктор К.Ламерс хоёр улс нийтлэг, ижил үнэт зүйлсийг хуваалцдаг гээд, Монгол Улс нь энхийг сахиулах олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.
Мөн тэрээр хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламентын зүгээс идэвхтэй анхаарч ажиллахын төлөө бүхий л хүчин чармайлтыг гаргана гэдгээ Ерөнхий сайдад илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.