ЗГ: Ам.долларын нөөц 4.4 тэрбумаас 2.4 болж буурсан

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

ЗГ: Ам.долларын нөөц 4.4 тэрбумаас 2.4 болж буурсан

ЗГ: Ам.долларын нөөц 4.4 тэрбумаас 2.4 болж буурсан

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг /2022.09.28/ танилцууллаа.


Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-2023 оны Улсын нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барих гэж байна. Улсын төсөв Монгол Улсын эдийн засгийн бодлоготой нэвт уялдаж явах учиртай байдаг. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал ямар байна вэ, ирэх онд Засгийн газраас эдийн засгийн ямар бодлого авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ гэдгийг танилцуулъя.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт хагас жилийн байдлаар 1.9 хувьтай гарсан. Манай яам холбогдох тооцоог судалж үзээд энэ жилийн гүйцэтгэлээр ДНБ 2.6 хувиар өснө гэж тооцож байна. Инфляци өнөөдрийн байдлаар 14.4 хувьтай байгаа. Бидний тооцоогоор ирэх жилийн хоёрдугаар хагаст хэрэв эдийн засгийнхаа тогтворжуулах бодлогыг бусад бодлоготой хамтад нь авч хэрэгжүүлбэл нэг оронтой тоонд оруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Инфляцийн хамгийн том эрсдэл нь төгрөгийн ханшны уналт.

Монгол Улсын эдийн засгийн салбарууд ямар байдалтай байна вэ гэдгийг судалсан. Уул уурхай, тээвэр, барилга, худалдаа, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр зэрэг салбаруудыг авч үзсэн. Урд хөршийн "Тэг-Covid-19" бодлоготой холбоотойгоор уул уурхайн салбарын үйлдвэрлэл уналттай харагдаж байгаа. Гэхдээ ирэх онд эргэн өснө гэж үзэж буй. Экспортын хэмжээг авч үзвэл цар тахлын өмнөх хэмжээнд буюу 2019 оны түвшинд хүрээгүй байгаа.  Ирэх онд цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүргэх бодлогыг барина.

Гадаад валютын нөөц дундарсан. Энэ оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан валютын нөөц өнөөдөр 2.4 тэрбум ам.долларын нөөцтэй болсон.

Цар тахлын өмнөх түвшинд экспортын хэмжээг аваачихгүй бол валютын нөөц буурах эрсдэл хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн долоо хоногт түр зуурын арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд экспортын хэмжээ нэмэгдэж буй. Зарим долоо хоногт 150 мянган тонн нүүрс экспортоор гарч байгаа бол заримдаа 160 мянган тонн гарч байна. Тооцооллоор долоо хоногт 120 мянган тонн нүүрс гаргавал үлдсэн 100 хоногт нэг тонн нүүрсийг 150 ам.доллараар үржүүлж 1.8 тэрбум ам.доллар олох боломжтой. Гэтэл экспорт нэмэгдсэн ч валютын урсгал бага байгааг авч үзвэл урьдчилаад зарсан нүүрсний гаргалтууд их байгаа учраас он дуусах хугацаанд Засгийн газраас түр зохицуулалт хийж, мөнгөө төлсөн нүүрсээ түлхүү гаргах бодлогыг хэрэгжүүлж дуусч байна. Ингэснээр валютын нөөцийн уналтыг зогсоож, ханш тогтворжуулах боломжтой гэж үзэж байна.

Мөнгөний нийлүүлэлт ялгаагүй буурч байна. Нийт 28 их наяд төгрөг байсан бол 26.9 их наяд төгрөг байна. Арилжааны банкуудаас гаргаж байгаа зээлийн хэмжээ нэлээд буусан. Зээлийн үлдэгдэл сүүлийн хоёр сарын хугацаанд тасралтгүй буурч байгаа. Өрхүүдийн бодит орлого буурч байгаа учраас бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Тиймээс иргэд хадгаламжаа хэрэглээндээ гаргаад эхэлсэн дүр зурагтай байна.

Хадгаламжийн хэмжээ бараг гурван их наяд төгрөгөөр бууж, эдийн засгийн байдал амаргүй байгааг  илтгэж байна.

Энэ удаагийн эдийн засгийн хямрал удаан үргэлжилж байгаа. Өмнөх 2008, 2009 оны хямрал 2-3 жил үргэлжилж байсан бол энэ удаа цар тахал, дэлхийн геополитикийн асуудалтай холбоотой хямрал илүү урт хугацаанд үргэлжилж байна. Үндсэндээ улсын эдийн засгийн өсөлт саарч, инфляци инфляци өсч, стагфляци болж байна. Хамгийн түрүүнд гаргах бодлого нь эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого хатуурч, төсвийн бодлого чангарна. Үндсэндээ төсвийн алдагдлыг бууруулна. Энэ онд батлагдсан төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг, ДНБ-д эзлэх хувь хэмжээ 5.1 гэсэн бол 2023 онд төсвийн алдагдлыг 1.5 их наяд төгрөг буюу 900 тэрбум төгрөгөөр бууруулж ДНБ-д эзлэх хувийг 2.8 хувь болгож байгаа. Энэ нь эдийн засгийг тогтворжуулахад чухал арга болно.

Монгол Улс алийн болгон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулахгүйгээр түүхийгээр экспортолсоор байх вэ. Тэгэхээр бү шатанд боловсруулах үйлдвэрлэлийг нэг шатаар нэмэгдүүлэх бодлогыг барина. Үүнд хугацаа шаардагдана. Бас ЗГХЭГ-ын дарга төр бизнесийн үйл ажиллагаанд бага оролцоно гэдгийг хэлж буй. Тэр дундаа хүнс хөдөө аж ахуйн салбар, аялал жуулчлалыг онцгойлон дэмжихээр хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа, даатгалын тогтолцоог сайжруулахад холбогдох татварын бодлогыг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл санхүүжилтын эх үүсвэрийн хомсдолыг эргэн харж, том бодлого хэрэгжүүлье гэсэн юм.

Ирэх оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг нэг их тусгахгүйгээр оруулж өгсөн. УИХ-аас баталсан хөгжлийн төлөвлөгөөтэй бүрэн нийцсэн хөрөнгө оруулалтын бодлогыг оруулсан.

"МӨНГӨНИЙ БОДЛОГО ХАТУУРЧ, ВАЛЮТЫН НӨӨЦӨӨ ХАМГААЛЖ, ТӨСВӨӨ ХУМИХ БОДЛОГО БАРИНА" 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Сангийн яамнаас 2023 оны улсын төсвийн төслөө эцэслэн танилцуулж, маргааш хуулийн хугацаандаа УИХ-д өргөн барихаар боллоо. Бид өчигдөр сэтгүүлчдийг урьж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Шаардлагатай гэвэл УИХ дээр хэлэлцэх үеэр мэдээлэл өгөх боломжтой. Бид нэг жилийн өмнө 2022 онд ярихдаа эдийн засгийн өсөлт ажиглагдана гэж өөдрөгөөр төсөөлж байсан боловч дэлхий нийтээрээ дайны нөхцөл байдал үүссэн. Бидэнд энэ байдал хүндээр тусч байна. Тийм учраас Монголд төдийгүй дэлхийн улс орнууд хөгжлийн индексээ бууруулсан. Эдийн засгийн макро бодлогуудыг хавсарч байж ирэх онд эдийн засгаа тогтворжуулах зорилтыг тавьсан төсөв болж байна. Мөнгөний бодлого хатуурч, валютын нөөцөө хамгаалж, төсвөө хумих бодлого барина. Аль болох төсвийн үрэлгэн зардлуудаа танаж, зогсооно. Эдийн засгийн өсөлтийг орхиж болохгүй. Хамаагүй хязгаарлаж болохгүй учраас томоохон төслүүдээ дэмжиж ажиллана.

Бидний хамгийн эмзэг асуудал бол төлбөрийн тэнцлийн богино хугацааны шокоос улбаатай улсын валютын нөөцийн хомсдол юм.

Төлбөрийн тэнцэлд оролцдоггүй яам, төрийн өмчийн үйлдвэрийн газар, аж ахуй нэгж, иргэн гэж байдаггүй. Тийм учраас богино хугацаанд шокоос гарах бодлогыг барина. Хэрвээ бид урсгалаараа яваад байвал ирэх жил төлбөрийн тэнцэл улам хүндэрнэ. Тиймээс өргөн барих төсөв маань том зохицуулалт хийж, улс төрийн зоримог алхам хийсэн гэдгээрээ онцлог. Нэгдүгээрт, Төрийн хяналтын хууль тавдугаар сард батлагдсан. Энэ хуулийн хүрээнд төсвөө батлуулж,  гүйцэтгэлээ хийх анхны бүтэн жил нь 2023 он юм. Сая тавдугаар сард Төрийн хэмнэлтийн хууль батлагдсанаар энэ жилийн батлагдсан төсвөөс 198 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой болсон. Тэгвэл 2023 оны өргөн барьж буй төсөв дээрээс гарч болох эрсдэл, төсвийн хөрөнгө оруулалт гээд нэг их наяд төгрөгийн төрийн хэмнэлт хийх боломж бүрдэж байгаа.

Төсвийн хуулийн хүрээнд онцлох арга хэмжээнүүд гэвэл хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих таван чиглэл болон хөдөө аж ахуйн салбарын боловсруулах шатны үйлдвэрүүдэд 2027 он хүртэл гаалийн татвараас бүрэн чөлөөлөх зохицуулалтыг нэмж оруулж буй. Ингэснээр хөрөнгийн зах зээл дээр хувьцааны ногдол гаргасан компаниудын хувьцааны ногдол ашгийн татварыг дотоодод 10 байдгийг тав, гадаадад 20 хувь байдгийг таван хувь хүртэл бууруулна. Гэхдээ энэ удаа уул уурхайгаас бусад салбарын татварыг бууруулна. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж, 10 болон 20 хувь байдаг татварыг тэглэнэ. Монголд энэ сангийн хуулийн зохицуулалт бий болоод 10-аад жил болсон. Одоогоор энд 4-5 компани үйл ажиллагаагаа явуулдаг юм шиг байна лээ. Гэвч идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа учраас татварын бодлогоор дэмжинэ.

IPO хийхтэй холбоотой зардлыг 20 хувиар өсгөж, татвараас чөлөөлж өгнө.  Энэ бол бодит дэмжлэг болно. Мөн IT компаниудын гадаад руу шилжүүлж буй гүйлгээний 20 хувийн татварыг таван хувь болгож бууруулна. Үүнийг Хятадад сүүлийн 10 жил хэрэгжүүлсэн сонгодог татварын зохицууулалт болж чадсан.

"АВТО ПАРКИЙН ШИНЭЧЛЭЛ ХУДАЛДАН АВАЛТАД 318, НИЙТИЙН ТЭЭВРИЙН ӨРГӨТГӨЛД 21.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВТ ТУСГАСАН" 

Мөн гарааны компаниудыг эхний гурван жил татвараас чөлөөлдөг байсан бол таван жил болгож уртасгаж байна. Төсвийн бодлого "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг дэмжсэн байгаа. Онцолбол, Монгол Улс нийт 3.3 сая хүн амтай мөртлөө нутаг дэвсгэрийнхээ 0.5 хувь хүрэхгүй газар бөөгнөрч амьдарснаас болж, түгжрэл үүсч байна. Тиймээс үүнийг сааруулах бодлогыг төсвөөс дэмжинэ. Жишээлбэл, шинэ автобусыг 2024 он хүртэл импортын гаалийн татвараас чөлөөлнө. Бид иргэдийнхээ автомашины хэрэглээг хязгаарлахаас өмнө нийтийн тээврийн асуудлыг шийднэ гэсэн үг.

Нийслэлд ажиллаж байгаа хамт олон, албан хаагчдаа нийтийн тээврээр зорчуулж, зохицуулалт хийж байгаа аж ахуй нэгжид татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Хоёрдугаарт, нийслэлийн энэ жилийн төсөв хөрөнгө оруулалтыг хянаж, эргүүлэн 339 тэрбум төгрөгийг нийслэлийн авто паркийг шинэчлэх ажилд зарцуулах эрхийг нээж байна. Ингээд авто паркийн шинэчлэл худалдан авалтад 318 тэрбум, нийтийн тээврийн өргөтгөлд 21.7 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж байна.

"САРЫН 15 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГООС ДЭЭШ ДАВСАН ИРГЭДЭЭС 20 ХУВИЙН ТАТВАР АВНА"

Орлогын хэмжээнээс хамаарсан шатласан татварыг өмнө нь 2018 онд нэг удаа өргөн бариад дэмжигдээгүй. Тэр үед энэ татварын хамрах хүрээ 30 гаруй хувьтай том байсан. Өөрөөр хэлбэл, босго орлого нь 1.5 сая, гурван сая, таван сая төгрөгийн шатлалтай байсан бол энэ удаа босго орлогыг өндөр болгож, хүрээг нь багасгасан. Хүн амын орлого буурсан үед том хүрээгээр шатласан татварыг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй.

Тийм учраас хамрах хүрээг бага буюу 817 мянган хувь хүний орлогын албан татвар төлөгчдийн зөвхөн 0.1 хувь буюу 1300 иргэнд очих татварын зохицуулалт юм. Одоо шатлалгүй, 10 хувийн татварыг авч буй. Тэгвэл 0-10 сая төгрөгийн сарын орлогод 10 хувь хэвээрээ, 10 саяас давсан эсэхэд 15 хувь.

Өөрөөр хэлбэл, сарын 12 сая төгрөгийн орлоготой бол 10 саяас 10 хувь буюу нэг сая төгрөг, хоёр саяас 15 хувь буюу 300 мянган төгрөг байх жишээтэй. Харин 15 сая төгрөгийн орлогоос дээш давсан хэсэгт 20 хувийн татвар авна. Эдийн засгийн хүндрэлийн үед дэлхийн улс орнууд жигд ийм арга хэмжээг авч буй. Ялангуяа өндөр орлоготой хэсэг нь ачааллаа үүрч, бага орлоготой инфляцид өртөж буй хэсэгтээ туслах зарчмыг барина гэсэн үг.

УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ЗӨВХӨН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНД НЬ ХАНДИВ ӨГНӨ

Өнөөдөр 200 гаруй мянган төрийн албан хаагчтай. Эдгээрийн цалингийн системд сүүлийн 20-иод жил огт өөрчлөлт оруулаагүй явж ирсэн. Энэ систем нэлээн хуучирсан учраас 165 ялгаатай цалингийн системийг 20 болгож буй. Ингэснээр систем ойлгомжтой болж, гүйцэтгэлд суурилсан урамшууллын системд шилжиж, төрийн албан хаагчдын суурь цалинг тодорхой болгож байгаа. Тухайлбал, төрд олон жил ажилласны нэмэгдлийг тав таван жилээр таван хувиар нэмэгддэг байсан. Өөрөөр хэлбэл зургаа дахь жилдээ ажиллаж буй хүн 10 жил ажиллаж буй төрийн албан хаагчтай ижил нэмэгдэл авдаг байсныг нэг нэг жилээр нэмэгдүүлэхээр болсон.

Мөн Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулахаар орон нутагт ажиллах боломжийг олгох зорилгоор орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин сүүлийн гурван жил огт нэмэгдээгүй. Тиймээс инфляцийн түвшинтэй уялдуулж, цалинг нь 20 хувиар нэмэгдүүлж, цаашдаа хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг орон нутагт өгч байгаа юм.

Уул уурхайн компаниудаас орон нутгийн иргэдэд өгдөг хандив тусламж маш далд явж ирсэн. Тиймээс тухайн салбарын компаниудын үйл ажиллагааг тасалдуулах тохиолдол гардаг. Тиймээс энэ харилцааг ил болгож, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ. Судалж үзэхэд 2020 онд нэг жилд нийтдээ 75.5 тэрбум төгрөгийг зургаахан аймагт өгсөн. Энэ нь аймгийн ард иргэдэд бус төрийн бус байгууллагын шугамаар явж ирсэн. Үүнийг хуульчилж, зөвхөн орон нутгийн хөгжлийн санд нь хандив өгнө.

Ирэх онд экспорт 2.4 тэрбум ам.доллараар, импорт 1.2 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Ирэх жил импортоо харьцангуй хазаарлана. Төлбөрийн тэнцлээ нэмэхээр гадаад худалдааныхаа тэнцлийг барина. Зэс 1.4 сая тонн буюу энэ жилийнхээс 185.4 мянган тонноор нэмэгдэнэ. Ирэх жилийн хагасаас Оюутолгойн далд уурхайн олборлолт нэмэгддэгтэй холбоотой. Нүүрсний хувьд ирэх жил 2019 оны 36.5 сая тонн хүргэх бүрэн боломж бүрдсэн. Засгийн газар Цагаанхадад 12 сая тонн нүүрс хүлээж авсан. Энэ нүүрсээ гаргаж дуусаад, тавдугаар сараас шинэ нүүрс гарч эхэлсэн. Гэсэн хэдий ч орлого нь байхгүй. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцана. Газрын тос, төмрийн хүдрээ ирэх жил асуудалгүй гаргана. Алт тогтвортой байна.

ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТЭСЧ, ҮРГЭЛЖИЛЖ БУЙ АЖЛУУДАА ДУУСГАНА

Ирэх жил хэмнэж чадахгүй зайлшгүй нэмэгдэх бодлогын зардал байна. Үүнд, нийгмийн даатгал, тэтгэвэр нэмсэнтэй холбоотой механик зардлууд, Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамжийн томоохон төлөвлөгөөг УИХ-аас баталж, Засгийн газарт үүрэг өгсөн. Энэ хүрээнд 228 тэрбум төгрөгийн зардал, тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмж, МСҮТ төгсөгчдөд төгсөхөд нь нэг удаа олгодог тэтгэмж, онцгой, шүүхийн ажилчдын олон жилийн тэтгэмж гээд 15 тэрбум төгрөг мөн дээрээс нь эрчим хүчний салбар 20 жил тарифын өөрчлөлт хийгээгүй. Тиймээс ирэх жил өрхийн хэрэглээний түвшинд тариф өөрчлөхгүй. Харин аж ахуй нэгж, томоохон хэрэглэгчдийн тарифын өөрчлөлтийг хийнэ. Үүнтэй холбоотой нэмэлт зардлыг саадгүй төлөх ёстой.

Би энэ жил хоёр удаа улсын төсөвт тодотгол хийж, урсгал зардлаа танасан. Тэгвэл хоёр тодотголын дараах урсгал зардлын түвшинд ирэх оныхоо зардлыг тавьсан. Тэг өсөлттэй гэсэн үг. Саяны зайлшгүй нэмэгдэх зардал талдаа нэмэгдэнэ.

Энэ жилийн хүүхдийн мөнгө нэг их наяд 461 төгрөг бол ирэх жилийнх нэг их наяд 394.6 тэрбум төгрөг буюу 67 тэрбум төгрөгөөр буурсан. Сарын 3.7 сая төгрөгөөс дээш орлоготой есөн хувийн өрхөөс бусад 91 хувьд нь хүүхдийн 100 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно.

Хөрөнгийн зардал нь маш том хэмнэлт хийнэ. Сүүлийн 4-5 жилд хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн. Үүнээс үүдэлтэй дуусаагүй хөрөнгө оруулалтын хамгийн том бөөгнөрөл 2.4 их наяд төгрөг ирэх жил таарч байгаа. Хэрвээ бид энийг ирэх жил дуусгахгүй бол дахин эрсдэл үүснэ. Тийм учраас шинэ хөрөнгө оруулалтыг тэсч байгаад ажлуудаа дуусгана. Энэ жил шилжих хөрөнгө оруулалтуудаа 2.5 их наядаар тавьж, 2025 оноос төсвийн хөрөнгө оруулалтын ачаалал эрс багасч, 150-хан тэрбум төгрөг болно. Хөшигийн хөндий буюу шинэ Зуунмод хотын газар доорх дэд бүтцийн ажлыг 68 тэрбум төгрөгөөр үргэлжлүүлнэ. Гадаад зээл тусламж дээр 182 тэрбум төгрөгийн өсөлттэй байгаагаас ганц том төсөл нь Мянганы сорилтын сан юм. Монголын талын үүрэг хүлээх хөрөнгө оруулалт нь 49 сая ам.доллар бүхэлдээ орсон. Тэгэхгүй бол зогсох эрсдэлтэй. Харин рон нутгийн хөрөнгө оруулалт буурч байгаа. Улсын хэмжээнд ямар ч шинэ хөрөнгө оруулалт байхгүй.

Энэ жилийн төсвийн тэнцэл 1.5 их наяд төгрөг. Өмнөх жилүүдийнхээс нэлээн буурсан дүн. Энэ жилийн төсвийн алдагдал 2.5 их наяд төгрөг. Эндээс 833 тэрбумаар бууруулж чадсан төсөв юм. Бид төсвийн шаардлагаар 3.6 хувь төсвийн алдагдалтай байх ёстой хязгаараар зааж өгсөн.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж