Монголд өгч буй гадаадын банкуудын “анхааруулга”

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

Монголд өгч буй гадаадын банкуудын “анхааруулга”

Монголд өгч буй гадаадын банкуудын “анхааруулга”

Эрчим хүч, инфляцийн хямрал томоохон эдийн засагтай орнуудыг эдийн засгийн уналтад оруулах эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн эдийн засгийн өсөлт саарч буйг экспертүүд мэдээлж байна. Хятадын эдийн засгийг хасч тооцвол Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2022 онд 5.3 хувь хүрч өснө гэж Дэлхийн банк тооцоолжээ.

Монгол Улсын эдийн засгийн төлөв цаашид Украины дайн сунжрах, Хятадын Covid-19-ийг үл тэвчих бодлогоо үргэлжлүүлэх, өндөр хөгжилтэй орнуудын мөнгөний бодлогын төлөв хүлээлтээс илүү эрчимтэй чангарах зэрэг хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлсээс хамаарахаар байгааг тодотгов.

Дэлхийн банк Монгол Улсын төлбөрийн тэнцэл муудах, төсвийн алдагдал нэмэгдэн, бодлогын орон зай улам хумигдах, инфляцийн дарамт эрчимжих эрсдэлтэйг онцгойлон анхааруулж буй юм. Улмаар Монгол Улс дотооддоо макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах зайлшгүй шаардлага нэмэгдэж байгааг онцлов.

Монгол Улсын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төсөөллөө 2.5 хувиас 2.4 хувь болгон бууруулаад буй Дэлхийн банк ирэх 2023-2024 онд эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувь байна гэж тооцоолсон байна.

Хилийн боомтын саатал, дэлхийн эдийн засгийн өсөлт сулрах төлөв, импортын хүнс, шатахуун, бордооны үнийн өсөлт зэргээс шалтгаалан 2022 онд Монгол Улсын эдийн засаг 2.4 хувиар л өснө гэж Дэлхийн банк тооцоолжээ. Тухайлбал, төсвийн арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх нь дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, эрсдэл хуримтлагдаж буй энэ үед төсвийн тогтвортой байдлыг сайжруулахын зэрэгцээ бодлогын орон зай бий болгоход ач холбогдолтойг мэдээлэв.

Ирэх 2023-2024 онд “Оюутолгой” төслийн гүний уурхай ашиглалтад орохтой холбоотойгоор эдийн засгийн өсөлт эрчимжиж зургаан хувьд хүрнэ гэж үзжээ.

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хувьд ч Монгол Улсын эдийн засгийн сэргэлт зогсонги, өсөлт алгуур, төлбөрийн тэнцлийн цочролтой, инфляци, урсгал дансны алдагдал өсөхөөр байгааг анхааруулсан. Тиймээс макро эдийн засгийн тогтвортой байдал, тэнцвэрийг хангахад төсвийн бодлогын тохиргоо зайлшгүй хийх шаардлагатайг хэлж буй юм.

АХБ Монгол Улсын эдийн засгийн хувьд 2022 онд нам түвшний өсөлт хадгалагдана. Худалдааны боомтуудын үйл ажиллагаа сайжирч, хэвийн горимд шилжих, гадаад эрсдэл буурах зэрэг суурь нөхцөлд үндэслэвэл 2023 онд ДНБ-ий өсөлтийн хурдац нэмэгдэх боломжтой гэж үзжээ.

Гэвч урсгал дансны алдагдал болон инфляцийн төсөөлөл өмнөх төсөөллөөс өндөр байхаар хүлээгдэж буйг анхааруулав.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт сэргэлтээрээ тэргүүлж байсан БНХАУ-ын өсөлт 2022 онд 2.8 хувь хүрэх төлөвтэй байгаа нь 2021 оны 8.1 хувийн өсөлттэй харьцуулахад огцом буурах үзүүлэлт юм. Бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2021 онд 7.2 хувь байсан бол энэ онд 3.2 хувь болж саарах, ирэх онд 4.6 хувь хүрч эргэн сэргэх төлөвтэй байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж