Хятадад цэргийн эргэлт болж, Ши Жиньпин дарга гэрийн хорионд орсон гэх цуу яриа хэд хоногийн өмнө гарсан. Тэгвэл Төв Азид хийсэн айлчлалаасаа хойш анх удаа Ши Жиньпин олны өмнө гарч ирлээ. Ши Жиньпин удирдагчийн бүрэн эрхийн хугацаанд Хятадад гарсан ололт амжилтуудыг харуулсан үзэсгэлэн Бээжин хотноо нээгдсэн. Ши дарга өчигдөр /2022.09.27/ тус үзэсгэлэнг үзэж сонирхжээ. Тэрбээр Узбекистаны айлчлалаас хойш олон нийтийн анхаарлын төвд ороогүй байсан.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад орон улс төр, эдийн засаг, үзэл суртал, байгалийн гамшиг гэх мэт олон сорилттой тулгарсан гэдгийг үзэсгэлэн дээр дурджээ. Түүнчлэн Ши Жиньпиний 2012 оноос хойших бодлогыг нэгтгэсэн таван боть ном гарах гэж буйг үзэсгэлэнгийн үеэр зарлалаа. Таван ботийн өмнөтгөл хэсэгт "Коммунист намын хүчтэй удирдлага дор Хятадын ард түмэн хөгжил дэвшлийн хувь заяаг гартаа атгаж чадна гэдгийг түүх гэрчилсэн, цаашид ч харуулах болно" гэж Ши Жиньпин бичжээ.
Удахгүй болох Коммунист намын их хуралд оролцох 2300 төлөөлөгчийн нэрийг өнгөрсөн Ням гаригт зарласан. Төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтад Ши даргын нэр багтсан нь сүүлийн өдрүүдэд гарсан олон цуу яриаг намжаажээ. Таван жилд нэг удаа болдог Хятадын коммунист намын их хурал ирэх сарын 16-нд болно. Ши Жиньпин гурав дахь удаагаа удирдагчийн бүрэн эрхийн хугацаагаа баталгаажуулах төлөвтэй байгаа эл хурлын өмнө өндөр албан тушаалтнуудад цэвэрлэгээ хийсэн. Тодруулбал, Аюулгүй байдлын сайд Сун Лижюнь, Хууль зүйн сайд асан Фу Жэнхуа нарыг авлигын хэргээр баривчилжээ. Мөн Шанхай, Чунцин, Шаньси хотын цагдаагийн дарга асан нар баривчлагдсан.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ