Цар тахал анхлан дэгдэх үед гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд 21 хоног, гэрт нь 14 хоног нэмж тусгаарласан Улсын онцгой комиссын шийдвэр хууль бус эсэхийг шийдвэрлэх Улсын дээд шүүхийн шүүх хурал өнөөдөр товлогдсон. Үүнтэй холбоотойгоор Covid-19 цар тахлын үед гадаадаас эх орондоо ирээд 35 хоног тусгаарлагдсан иргэд Улсын дээд шүүхийн гадна мэдээлэл хийлээ.
"Fidelitas Partners" ХХК-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэг:
"Хуульд зааснаар хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг мөрдүүлэн, зорчих эрхийг хязгаарласны улмаас тусгаарлах байранд төлсөн төлбөр хохирол болсон. Энэ нь хэм хэмжээний акт учраас захиргааны давж заалдах шатанд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ 2022 оны тавдугаар сарын 3-ны өдөр шүүхийн шийдвэр гарахдаа, дэлхий нийтээр covid-19 цар тахал гарсан, хөл хориотой байсан учраас УОК-оос авсан арга хэмжээг буруутгах аргагүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс өмгөөлөгчдийн зүгээс нэхэмжлэгчид гомдол гаргаж байгаа. Үүнд, хөл хорионд орсон 24025 иргэний асуудал хөндөгдөж байгаа юм. Эдгээр иргэд нь хууль ёсоор хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр зорчих эрхээ хязгаарлуулсан.
Тус шийдвэр нь захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны журам, захиргааны шийдвэрт тавигдах бүх шаардлагыг зөрчсөн хууль бус шийдвэр. Гэтэл шүүх энэ хууль бус шийдвэр дээр тавигдах шаардлага, шийдвэр гаргахад захиргааны байгууллагын дагаж мөрдөх хэм хэмжээ гэдэг талаас нь дүгнэлт хийлгүйгээр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний зорилгыг зөвтгөх байдлаар шүүхийн зорилгод нийцэхгүй дүгнэлт хийсэн учраас гомдол гаргасан. Гомдлоор хэрэг эцэслэн шийдэгдэх найм дахь хурал болж байна.
Хариуцагч тал нь Улсын онцгой комисс дангаараа байгаа. Тус газраас хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар өгөх хугацааг удаашруулж гурваас дөрвөн сар болгосон байдаг.
-Нэг иргэнд ойролцоогоор хэд орчим төгрөгийн нөхөн олговор олгох тооцоо гарсан байгаа вэ?
-Нэг тохиолдол нь 21 хоног тусгаарлагдахдаа нийт 1,070,000 төгрөг төлсөн байдаг. Тусгаарлан ажиглах шийдвэрээр тогтоосон хоногууд нь гурав, долоо, 10, 14 хоног гээд харилцан адилгүй байсан. Тийм болохоор тусгаарлагдах хугацаанд төлсөн мөнгө харилцан адилгүй. Шүүхээс УОК-ын гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус хэмээх дүгнэлт гарвал тусгаарлагдах байранд байсан иргэд баримтаар нотлогдох зардлаа нэхэмжлэх боломжтой болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч УОК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, нэхэмжлэлийг гардаж авах, хариу тайлбар гаргах болон нотлох баримтыг шүүхэд хүргүүлэх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг таван сарын хугацаанд удаашруулсан. Шүүх шийдвэрийг бичгээр гаргах хуулийн хугацааг мөн адил хэтрүүлж шүүх хуралдаанаас хойш 40 хоногийн дараа гаргасан гэв.
Б.УНДРАМ