Төр хувийн хэвшилтэй хамтарч, хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний бизнестэй өрсөлдөхгүй байх зарчмыг Засгийн газар баримталж ажиллаж байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нэгэнтээ хэлсэн. Үүнээс өмнө, өнгөрсөн хавар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо “Төр дангаараа бүхнийг бүтээж чадахгүй. Хувийн хэвшилд ашигтай төслүүдэд төр оролцохгүй. Харин хязгаарлагч хүчин зүйлсүүдийг нь шийлдвэрлэхэд төр дэмжлэг үзүүлнэ” гэж байв.
Харамсалтай нь, бодит байдал дээр төр өөрөө хувийн хэвшлийн хамгийн том өрсөлдөгч болсоор. Төрийн өмч хулгайн өмч болж хувирдаг олон жишээг бид мэднэ.
Дарханы арьс ширний цогцолборыг бүтээн байгуулалт хоёр жилийн өмнөөс эхлэж, одоогоор 60 хувьтай яваа аж. Энэхүү төсөл амжилттай хэрэгжих аваас орон нутагт 16 мянган ажлын байр бий болох юм.
Монгол Улсад жилд дунджаар 18-20 сая ширхэг арьс, шир бэлтгэх нөөц бий. Гэвч, тэр бүхнийг боловсруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүйн улмаас хог хаягдал болоод дуусдаг. Тиймээс хог хаягдал болсон малын ноос, арьс ширийг боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэр зорилгоор “Дарханы арьс ширний цогцолбор”-ыг байгуулах төслийг хувийн хэвшлийнхэн хийж эхэлжээ. Төслийн хүрээнд жилдээ 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэрээс гадна 10 мянган тонн ноос боловсруулах, ноос, ноолуур угаах самнах хүчин чадал бүхий үйлдвэр, хог хаягдлыг нь түүний цэвэрлэх байгууламж, цахилгаан дамжуулах дэд станц гээд том бүтээн байгуулалт өрнөх юм.
Гэтэл тус үйлдвэрийн дэргэд “Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” нэртэй Төрийн өмчит компанийг байгуулсан нь хөрөнгөө гаргаад, төсөл хэрэгжүүлж яваа хувийн хэвшлийнхэнд томоохон цохилт болсон байна.
Тодруулбал, Засгийн газраас 2020 онд "Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг батлажээ. Уг дүрэмд тус компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй байхаар дүрэмд тусгасан байна. Эндээс эрх баригчдын хувийн хэвшлээ дэмжинэ гэдэг худлаа үг болох нь харагдаж буй юм.
Нэг хэсэг төр өмчөө хувьчилж, Монголд өмч хувьчлал өргөн хүрээнд явагдсан бол өнөөдөр эсрэгээрээ төрийн өмч улам томорсоор. Уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбарт төр хамгийн том “бизнес эрхлэгч” болж байна. Энэ хэрээр чөлөөт зах зээлийн эдийн засаг чөдөрлөгдөж, хувийн хэвшил үүд хаалгаа барихад хүрч байна.
Ардын намын дарга нар “Төр, хувийн хэвшлийг шинэ шатанд гаргана. Аль болох иргэн, аж ахуйн нэгж бүр эдийн засгийг тэлэх, бүтээн байгуулалтуудад идэвхтэй оролцогч байх хэрэгтэй” гэж ярьдаг ч ачир дээрээ хувийн хэвшлийнхний үйл ажиллааг боож, хавчиж, хяхсан хэвээр байна. Ийм байж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ, эрчимжүүлнэ гэж худлаа ярихаасаа эрх баригчид ичих хэрэгтэй юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ