Украины эзлэгдсэн бүс нутгуудад Орост нэгдэх эсэхээр бүх нийтийн санал асуулга явуулсан. Эл маргаантай санал асуулгад оролцогсдын дийлэнх нь Орост нэгдэхийг дэмжжээ. Украины засгийн газар болон холбоотнууд энэ санал асуулгыг хуурамч гэж үзэж байна. Тодруулбал, иргэдийн 99.23 хувь нь Орост нэгдэхийг дэмжсэн учир ийм өндөр хувьтай санал хураалтыг "ер бусын" гэж үзжээ.
Хүчээр булаан авсан газар нутгаа өөртөө нэгтгэх гэсэн оролдлого нь НҮБ-ын дүрмийг бүдүүлгээр зөрчсөн явдал гэж Украины ерөнхийлөгч Зеленский хэлэв. “Энэ бол Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа хүмүүсийг Оросын армид дайчилж, эх орных нь эсрэг тулалдуулах туйлын увайгүй оролдлого” гэлээ. Харин Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг Европын холбоонд уриаллаа.
“Бидэнд Оросын эдийн засагт цохилт болох үр дүнтэй хариу арга хэмжээ хэрэгтэй байна. Бүх нийтийн санал асуулга гэгчид хэдий чинээ хариу үйлдэл үзүүлнэ, төдий чинээ Оросыг хурцатгана” гэж тэр хэлэв.
Гадаадын улс орнууд ч бүх нийтийн санал асуулгын талаар байр сууриа илэрхийлж буй. Их Британи улс бүх нийтийн санал асуулгад чиглэсэн хариу арга хэмжээ авч, санал хураалтыг хэрэгжүүлэхэд оролцсон Оросын дээд албан тушаалтнуудад чиглэсэн шинэ хориг авсан. Барууны орнууд Орост нэгдэх үйл явцыг хүлээн зөвшөөрөхгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлжээ. Тэгвэл Францын Гадаад хэргийн сайд Кэтрин Колонна санал хураалтыг “маскарад” буюу багны цаадах далд ажиллагаа гэж нэрлэсэн.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин 2014 оны гуравдугаар сард Крымд энэ удаагийнхтай адил хүлээн зөвшөөрөгдөөгүй санал асуулга явуулсныхаа дараа тус бүс нутгийг Оростой нэгдсэн гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ