Төвийн бүсийн чуулга уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Төвийн бүсийн чуулга уулзалт боллоо

Ардчилсан хүчний холбооны төвийн бүсийн чуулга уулзалт энэ сарын 20-22-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт боллоо.

Бүх аймагт Ардчилсан хүчний холбооны салбар холбоод байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа тул “Монголоо шинэчилье” зорилго дор нэгдсэн тус холбооныхон орон нутгийн салбар байгууллагаа бэхжүүлэх, гишүүд хоорондоо танилцан нөхөрлөх, үзэл бодлоо хуваалцаж, мэдээлэл солилцох боломжоор хангахыг зорилго болгон,  бүсийн чуулга уулзалтууд зохион байгуулж байгаагийн нэг нь энэ аж.

Төвийн бүсийн чуулга уулзалтад Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Архангай аймаг, нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Ардчилсан хүчний холбооны гишүүд оролцжээ. Сургалт болоод хэлэлцүүлэг нь тэдэнд шинэ мэдлэг, шинэ эрч хүчийг өгсөн байна. Тухайлбал, Ардчилсан хүчний холбооны Залуучуудын холбооны дэд тэргүүн М.Чимэддорж “Тогтвортой хөгжил ба бүс нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох нь”,  тус холбооны гишүүн О.Чулуунбилэг “Агуу их баялгийн хуваарилалт ба монгол залуу хүний өрсөлдөх чадвар” сэдвээр тус тус илтгэл тавьсан нь оролцогчдын анхаарлыг татаж, оюуныг цэнэглэжээ

Мөн тус чуулга уулзалтад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Д.Одхүү, Г.Баярсайхан нар оролцож, орон нутгийн төлөөлөгчидтэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцсон байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж