Энэ долоо хоногийн VS буландаа мөнгөний бодлогыг чангаруулах асуудлаар эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнгөний бодлогыг чангаруулах хэрэгтэйг онцолсон бол эдийн засагч Р.Даваадорж мөнгөний зөөлөн бодлого баримтлах ёстойг хэлжээ.
Б.Лхагвасүрэн
Монголбанкны ерөнхийлөгч
Инфляц 2022 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувь болж өмнөх сараас буурлаа. Нийт инфляцын тал орчим хувийг импортын барааны үнийн өсөлтийн шууд нөлөө, үүний дам нөлөөг оруулж тооцвол инфляцын 2/3 нь импортын барааны үнийн өсөлт, түүнтэй холбоотой тээвэр, логистикийн зардлаас хамаарч байна.
- Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад саарч инфляц буурах хүлээлттэй байгаа ч
- Гадаад орчны нөхцөл байдал, худалдааны түнш орнуудын өндөр инфляц, нийлүүлэлтийн саатал хэзээ бүрэн арилах нь тодорхойгүй байгаа тул инфляцын төлөвт эрсдэлийг дагуулж байна.
- Дунд хугацаанд гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэж, Төв банкны зорилтот түвшинд тогтворжих хугацаа хойшлох хандлагатай боллоо.
Сүүлийн улирлуудад түүхий эдүүдийн үнэ өндөр түвшинд хадгалагдсан хэдий ч экспортын биет хэмжээ төдийлөн сэргэж чадаагүйгээс урсгал тэнцлийн алдагдал огцом тэлж, төлбөрийн тэнцэл эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа. Улмаар нүүрсний экспортын орлого хүлээлтээс бага байгаа нь төлбөрийн тэнцэл, валютын орох урсгалд сөргөөр нөлөөлж, валютын ханшинд дарамт үүсгэж байна. Энэ нь мөнгөний бодлогын тохиргоог үргэлжлүүлэн хийх, гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хадгалах шаардлагыг нэмэгдүүлж байна. Түүнчлэн, гадаад суурь хүү өсөж байгаа нь дотоод хүүг нэмэгдүүлж, төгрөгийн өгөөжийг хадгалах шаардлагыг нэмэгдүүлж байна.
Р.Даваадорж
Эдийн засагч
Мөнгөний бодлого бол Засгийн газарт огт хамаагүй асуудал. Мөнгөний бодлого бие даасан, Засгийн газраас хараат бус байдаг юм. Хуулиндаа ч ийм заалттай. Дэлхийн улс орнуудад ч яг ийм байдлаар мөнгөний бодлого хэрэгждэг. Шинэ Засгийн газрын шийдвэрлэх ёстой асуудал тэс өөр юм. Төсөв, сангийн бодлогын уялдааг хангаж, их наядаар хэмжигдэх хөтөлбөрүүдээ хумьж, ажлын байр болон иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийг идэвхжүүлэх, инфляцийг дунд хугацааны зорилтот түвшинд тогтворжуулах, өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн төсвийн реформ хийх, нийгмийн халамжийг хумьж, зорилтот бүлгүүдэд чиглүүлэх, худалдааны болон тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг бодлогын олон асуудал бий л дээ, уул нь. Ийм зүйл ярьж буй ширхэг ч сайд харагдсангүй.
Мөнгөний бодлогоо чангална гэдэг зээлийн хүү өсч, эдийн засаг удаашрах явц эхэлнэ. Тэгэхээр эдийн засгийн сайд нь мөнгөний бодлогоо мэддэггүй болж таарлаа. Хэрэв мөнгөний зөөлөн бодлого хэорэгжүүлбэл зээлийн хүү буурч, эдийн засаг идэвхждэг. Гэвч одоо инфляци өндөр байгаа учраас мөнгөний зөөлөн бодлого явуулах боломж бага байна. Ер нь мөнгөний огцом хатуу бодлого баримтлах боломжгүй.
Холбоотой мэдээ