Дэлхийн хамгийн их үзэгч, сонирхогчтой хөлбөмбөгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх арваннэгдүгээр сард Катар улсад эхэлнэ. Энэ удаагийн дэлхийн аваргыг цэнхэр гаригийн нийт таван тэрбум хүн үзнэ гэх тооцоо гарчээ. Өнгөрсөн 2018 оны ДАШТ-ийг 3.5 тэрбум хүн үзэж, рекорд тогтоож байв.
Дэлхийн аварга эхлэхэд 60 хүрэхгүй хоног үлдсэн энэ үед спорт хувцасны “Adidas”, “Nike”, “Puma” зэрэг дэлхийн томоохон брендүүд хамтран ажиллагч шигшээ багуудынхаа “гангараа”-г танилцууллаа. “Puma” 2022 оны тавдугаар сард эхний загваруудаа танилцуулсан бол “Adidas”, “Nike” хоёр өнгөрөгч наймдугаар сард болон энэ есдүгээр сарын эхээр загваруудаа олон нийтэд ил болгосон юм.
Нийт 32 багийн зургаа нь “Adidas”, “Nike”, “Puma” бус бусад брендийг сонгожээ.
Ингээд та бүхэндээ ирэх ДАШТ-ээр ногоон талбайг чимэх шилдэг өмсгөлүүдийг танилцуулъя. Одоогоор Камерун, Тунисийн багууд өмсгөлөө танилцуулаагүй байна.
- Мексик – Adidas
Үеийн үед Мексикийн шигшээ багийн өмсгөл бусдаасаа содон байдаг. Түүх, уламжлал, соёл арвинтай тус улсын эртний хээ, бэлгэ тэмдэг нь энэ удаагийн өмсгөлийг чимжээ. Эль Тригийн шүтэн бишрэгчид ирэх ДАШТ-ээр шигшээ багийнхаа өмсгөлд хайр зарлах нь дамжиггүй.
- Португал – Nike
Португалын шигшээ багийн уламжлалт улаан өнгийн үндсэн өмсгөл энэ удаад шинэчлэгдэж, ногоон өнгөтэй хорших болжээ. Мөн зочин багийн өмсгөл нь ч өвөрмөц харагдаж байна. Роналдогийн сүүлийн дэлхийн аварга гэдэг утгаар “Nike” Португалд өвөрмөц бэлэг барьжээ.
- Польш – Nike
Польшийн өмсгөлийг цэвэрхэн, сэтгэл татам болсон гэж мэргэжилтнүүд, шүтэн бишрэгчид нь үзэж байна. Зочин багийн өмсгөл нь сүр жавхлантай харагдах бөгөөд үндсэн өмсгөл нь сонгодог загвартай ч мөрөн дээрх судлууд нь нарийн хийцтэй байх аж.
- Япон – Adidas
Цэнхэр самурайнуудын шинэ өмсгөлийг анимэгээс санаа авч хийсэн гэнэ. Тус багийн зочлон тоглолтын өмсгөл тэр дундаа урт ханцуйтай загвар нь ирэх дэлхийн аваргаар хамгийн их борлуулагдах төлөвтэй байна.
- Франц – Nike
Аваргаа хамгаалагчдын шинэ өмсгөл илүү, дутуу жижиг зүйлсгүй цэвэрхэн, жинхэнэ Франц шинжийг шингээсэн аж. Үндсэн болон зочлон тоглолтын өмсгөлийн өнгө нь хоёулаа бие биетэйгээ төгс хослож байна.
- Аргентин – Adidas
Сонгодог Аргентины шигшээ багийн өмсгөл эргэн ирсэн. Цэнхэр, цагаан босоо зураасын өмсгөлгүй Мессиг, Аргентиныг төсөөлшгүй. Харин зочлон тоглолтын өмсгөл нь ягаан байсан нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байна. Торгомсог шинэ өмсгөл Мессид сайхан зохиж байна гэж мэргэжилтнүүд ярив.
- Уэльс – Adidas
Ямар ч өмсгөл байсан энгэр дээр нь луу байхад л хангалттай гэж уэльсчүүд ярьж байсан. Тэгвэл “Adidas” тэдэнд лууг санагдуулам улаан өнгийг хэтрүүлэлгүй хангалттай өгч, хүссэн лууг нь зүрхэн тушаа газар нь тусгаж өгчээ. Харин зочлон тоглолтын өмсгөлийнх нь зах бусдаас онцгой харагдуулав.
- Бразил – Nike
Бразилын уламжлалт үндсэн шар өмсгөл дээр энэ удаад хээ нэмэгдэж, зах нь товчтой болжээ. Хоёрдугаар өмсгөл нь ч бразилчуудын тоглолттой адил хурц, шийдэмгий, олны харааг булаахаар бүтээгдсэн байна.
- Англи – Nike
Английн үндсэн цагаан өмсгөл цэнхэр өнгөөр бүл нэмжээ. Харин хоёрдугаар өмсгөлийнх нь өнгөний зохицол, хийц гээд бүх юм төгс харагдаж байна.
- Хорват – Nike
Шатар хөлгөн өмсгөл энэ удаад шинэчлэгдэж, шинэ өнгө төрхтэй болжээ. Хоёрдугаар өмсгөл нь Хорватын шөнийн амьдрал, далайн эргийн зөөлөн давалгаа, хөгжил дэвшлийг илтгэсэн гэнэ.
Мөн АНУ, Бельги, Экуадор, Герман, Өмнөд Солонгос, Саудын Араб, Сенегал, Испанийн өмсгөл анхаарал татаж байна.
Холбоотой мэдээ