“Ерөөс сэтгэл тогтож сууж чадахгүй юм. Намрын хонгор салхи салхилаад, модны навчис сэрчигнээд л….” хэмээн цонх руу ширтэн, санаа алдана. Тэрбээр “Намарт их хагацал үзсэн хүн байтугай зүгээр жаргаж яваа хүний сэтгэл тогтохооргүй болдог. Намар цаг их хүнд улирал юм” гэв.
Ийн Монголын их найрагч, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсны гэргий С.Баасанг ярилцлагынхаа хойморт урьсан нь энэ. Зорин ирсэн зочдыг Л.Саранхөхөө хүү нь угтан авч, гарын цай, хоолоор дайлав. Тэрбээр ээжийгээ аль болох тайван байж, сэтгэлээ барихыг зөвлөж, тусалж байлаа.
-Та сайхан намаржиж байна уу. Бие лагшин нь тунгалаг уу. Одоо та хэнтэйгээ амьдарч байна?
-Сайхан намаржиж байна. Би зураач хүүтэйгээ амьдарч байна. Бие маань дажгүй ээ. Хааяа нэг уйлж сэтгэлээ онгойлгочихоод л… /уйлав/
-Гадаа навчис шарлаж, хэдийнэ намар цаг иржээ. Яруу найрагчдын хамгийн дуртай улирал?
-Сэтгэл ерөөс тогтож сууж чадахгүй байна. Намрын хонгор салхи салхилаад, модны навчис сэрчигнээд л… Бага хүү маань “Ээжээ та Солонгос руу яваад ирэх үү л гэнэ. Би тэнд очоод олон хонох ч биш. Хүүхдүүдээсээ зардал гаргаад тийшээ явж яах ч билээ гэж бодож сууна.
-Нутаг руугаа явав уу. Хүмүүс сэтгэл санаагаа цэгцэлж, тайвшралыг олж авахын тулд нутгаа зорьдог шүү дээ?
-Үгүй ээ. Уг нь Л.Хасар маань намайг аваад нутаг явна гэж байсан юм. Хүүгээ ярихаар уйлчих гээд хэцүү байна. Хөдөө явалтгүй. Намар цагт тэнд бүр хэцүү. Намар их хүнд улирал юм байна. Элэг бүтэн байхдаа энийг анзаардаггүй байжээ.
Дамаа хөдөө бол айлын яндан хонгинож, шивээн толгой найган, салхи сэвэлзээд. Их хагацал үзсэн хүн байтугай зүгээр жаргаж яваа хүний сэтгэл тогтохооргүй болдог. Энэ бол аймшигтай улирал.
Ханиа алдаад нэг хэсэг хэцүү байсан. Сэтгэл жаахан илааршиж байтал сайхан хүү маань надаас "явчих" юм. Хорвоогийн жам юм чинь давж гарах л байх даа, өөр яалтай билээ.
-Яг одоо ханийн тань танд зориулсан дөрвөн мөрт сэтгэлд ойрхон байна…
-Ямар шүлэг нь?
-“Чи уул юм аа гэхэд
Чиний цаана уул байхгүй юм шиг
Чи ус юм аа гэхэд
Чиний цаана мөрөн байхгүй юм шиг
Би чамайг хайрласан сан” гээд….
-Монголд над шиг олон дуу, шүлэгтэй эмэгтэй ховорхон байх. Их азтай хүн дээ би. Дэндүү сайн ханьтай. Хань минь надад зориулж олон шүлэг бичсэн. Анх Дэнжийн мянгад өөд өөдөөсөө харсан хаалганд амьдардаг байхдаа түүнтэйгээ танилцаж байлаа. Тэр үеийн хүүхдүүд гудамжинд гарч, бөмбөг их тоглоно. Тэгээд л хамтдаа бөмбөг тоглож байгаад сайхан ханьдаа ижилдэн дассан даа.
Би 16, хань минь 17-той байж. “Мартагдсан оронд” бил үү тэр номыг бариад л хоёулаа ширгэн дээр суудаг сан. Тэр номыг нь одоо гэр музейд нь тавих санаатай байгаа.
-Амьдралынхаа 60 жилийг хамт туулжээ. Нэг хүн шиг л болцгоосон байх?
-Би амьдрал үзээгүй, мэдэх ч үгүй. Нөгөө муу хөгшнөө хөдөлгөнө. Өнөөдөр хоолны мөнгө байхгүй, хүүхэд өвдсөн яана гэх юм байхгүй. Дэндүү жаргалтай байж. Өдий насандаа ийм танагтай байгаа минь сайн ханьтай байсны буян юм даа. Одоо хүүгээсээ хойш мэдэхгүй ээ /уйлав/. Хань минь хүний ганц хүү. Тиймдээ ч ээжийнхээ мөөмнөөс хожуу гарсан тухайгаа ярьдаг сан. Ямар сайндаа л сургуульд явахдаа ээжийнхээ мөөмийг хөхчихөөд явдаг байх вэ. Тийм л хүний эрх хүүхэд байлаа.
-Харин та?
-Би 16 хүүхэдтэй айлын охин. Тэгээд айлд өргүүлж, муу ээжтэйгээ өссөн дөө. Өргөж авсан аав минь намайг зургаан настай байхад бурхан болчихсон юм. Яаж явж ийм сайхан ханьтай учирсан юм бэ. Бурхны хишиг гэгч нь юм болов уу гэж талархдаг.
-“Би цаг тооны үргэлжлэл
Цагаан сүүний ургамал” гэж нэгэнтээ шүлэглэсэн байдаг. Таны хань хүүхдүүддээ юу гэж захидаг байв?
– Хань минь хүүхдүүддээ “Ээжийгээ, ханиа хайрла” гэж л захидаг сан.
-“Алгандаа сүү хийгээд явж байгаа юм шиг л залуудаа ханийгаа их манадаг байсан” тухайгаа хань тань байнга ярьдаг байжээ. Таны сайхан үнэрт татагдаж, дурласан гэж сонссон?
– Мэдэхгүй ээ. Залуугаасаа эмэгтэйлэг зан гэх юмгүй хүн дээ. “Миний хань их гоё үнэртэй” гэдэг байсан. Одоо хэн мэдэх вэ. /инээв/
-Та Монголын анхны эмэгтэй шүхэрчдийн нэг гэл үү?
-Тийм ээ. Хөвсгөл аймгийнхаа Мөрөнгийн 10 жилийн сургуульд сурдаг байлаа. Тухайн үед биеийн тамир, спортыг их дэмждэг. Тэгээд өвөл болохоор тэшүүр, зун нь сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн гээд хичээлээс чөлөөлчихнө. Тэгж яваад хотод ирээд шүхрийн курс шинээр нээгдлээ гэхээр нь бүртгүүлчихсэн. Сүүлд Л.Хасар хүүтэйгээ цуг Онцгой байдлын албаны шүхрийн тасагт очиход тэнд “Гал түймэр дээр бууж байсан Монголын анхны эмэгтэй шүхэрчин” гээд миний зургийг хүндэт самбар дээр байрлуулсан байсан.
Тэгэхэд надаас илүү хүү минь их баярлаж билээ. Хүүгээ баярлаж байгааг нь харахад их л сайхан санагдаж билээ.
Шүхэрчнээр хоёр, гуравхан жил ажилласан. Хань минь зөвшөөрөхгүй гээд яахав. Би өөрөө дурлаад шүхрээр бууж байгаа юм чинь. Баруун дөрвөн замд Гал түймэр эсэргүүцэх алба гэж байсан. Тэгээд сайд нарын зөвлөлийн тогтоол гарч, хүнд нөхцөлд гал түймэр дээр эмэгтэй хүн буулгахыг хориглосон. Гэхдээ би Хөвсгөл аймгийн Цагаан-Үүрийн түймэр дээр нэг удаа буусан. Тэр үед гэнэт Б.Лхагвасүрэнгийн ээжийн бие муудаж, хот руу дуудагдаад явсан. Тэгэхэд хадам ээж минь бурхан болсон доо.
-Та тэрнээс хойш ямар ажил эрхэлж байв?
-Нэг хэсэг цэцэрлэгийн багш хийлээ. Дараа нь “Баянгол” ресторанд гадаадын жуулчдыг хүлээн авах газар ажиллаж байгаад 1990 онд тэтгэвэртээ гарсан юм.
-Анх таныг эмчлүүлэх гэж Өмнөд Солонгост очсон хойноо хань тань ходоодны хорт хавдартай гэдгээ мэдсэн гэл үү?
-Миний үе мөч үрэвсэж, өвдөөд аягатай цайгаа ч даахаа байсан. Босох гэсэн чинь босч чадахгүй. Тэгээд Өмнөд Солонгосын эмнэлэгт гуравхан ширхэгтэй эмийг хоёр өдөр уугаад л зүгээр болчихсон. Тэнд очиход таньдаг захирлууд нь “Та хоёр эмчилгээ сайтай газар ирсэн юм чинь нэг шинжилгээ хийлгэчих” гэж зөвлөсөн юм.
Тэгсэн хөгшин маань “Яах юм бэ. Тэртэй тэргүй 70 гарсан хүний бүх юм л муудаа биз. Сэтгэлд сэвтэй” гээд дургүйцэж байгаад сүүлдээ хийлгэсэн.
Тэгсэн тэргэнцэрт суусан хүн нь хоёрхон хоноод зүгээр болж, хамт ирсэн хүн маань ходоодны хорт хавдартай болж таардаг юм байна.
Тэгсэн биднийг эх орондоо очиж амжаагүй байхад сэтгүүлч Б.Болдко Монголд мэдээ цацаж, хандивын аян өрнүүлээд эхэлчихсэн. Тэгээд ард түмнийхээ сэтгэлийн хандиваар хавдраа эмчлүүлж, ходоодоо авхуулаад аятайхан болсон. Мань хүн өөрөө цэгцтэй хүн болохоор дэглэмээ маш хатуу барьсан. Тэр их буруу болж дээ гэж боддог юм. Бага ч гэсэн хоол идэх ёстой байсан байх. Тэгээд л сүүлдээ элэг нь өвдөж, хүндэрсэн дээ.
Өөрөө ч “Би аавынхаа 76 насыг насалчихвал болно доо. Насны эцэст аавынхаа өвчин элэгний хорт хавдраар явах байх” гэж ярьдаг байсан. Яг л 76 насалж, элэгний өвчнөөр бурхны оронд явсан даа.
-Найрагчийг төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүлд нь нутаглуулсан шүү дээ ?
-Хөгшнийг байхад бид жил болгон л нутагт нь очдог байлаа. Тэгэхдээ аав нь Л.Хасарыг дуудаж, гэрийн сүүдэрт сууж байгаад “Энд хүн хөдөөлүүлэхэд их сайхан газар байгаа биз” гэж заасан юм билээ. Л.Хасар яг тэр газрыг нь мэдэж аваад Б.Баатартай хамт газрыг нь сонгож, хөдөөлүүлсэн.
-Уучлаарай, таны сэтгэлийг өвтгөсөн хүнд асуулт тавьж байгааг. Хүүгийн тань тухай мэдээ их цочир байлаа?
-Гэнэтхэн л тэр өдөр хүү минь “Дотор муухайраад байна” гэсэн. Тэгээд эмнэлэгт очоод удалгүй бурхан болсон. Их аймшигтай юм билээ. Хүү минь хоёр удаа нурууны хагалгаа хийлгэсэн. Тэрэндээ нэг их хүчтэй эм Франц руу захиж уудаг байсан. Тэр эмийг долоо найман жил уусан. Хөөрхий өглөөд эмээ уухдаа “Ээжээ энэ эм л хүүг нь алж байгаа шүү дээ” гэдэг байсан сан. Хорвоогийн жам юм даа. Хүүгийнхээ алтан савыг нь нээлгэхэд насны хэмжээ нь болсон байна гэсэн. Аав нь ч мэдэж байсан. Бага байхад нь энэ найм дотроосоо Л.Хасарыгаа илүү эрхлүүлнэ. Бусад нь та “Л.Хасарыгаа дандаа өмөөрдөг” гэхээр “Наад муу чинь богинохон настай. Дүүгээ битгий тэгж бай” гэдэг байсан. Тэгэхэд нь би тэндээс хөгшнөө дэмий юм ярилаа гэж загнаад л. Аав нь мэддэг л байсан юм байна.
-Аавынхаа дараа нилээд хэцүү байсан байх?
-Би зурагтаар аавынх нь нэвтрүүлгийг байнга үзнэ. Тэгэхээр хүү минь “Ээжээ наад нэвтрүүлгээ больчихгүй юу. Хямраад байх юм" гэнэ. Би үзэх дуртай ч хүү маань хямраад хэцүү.
Талийгаач хүү минь аавынхаа уран бүтээлийг нь нэгтгэж 10 боть гаргах гэж байсан амжсангүй. Одоо хүүхдүүд нь үргэлжлүүлэн гаргах байх.
-Одоо удам дамжсан найрагчийн үргэлжлэлийг Х.Хасуй гэж олон хүн итгэж, харж байна?
– Миний хүү чинь саяхан шүлэг бичсэн байсан. Тэр богинохон хугацаанд “Бурханы нулимс” гээд аавынхаа номыг гаргачихлаа. Тэр номыг нь улсууд их сураглаж байна. Хэвлэсэн ном нь дорхноо дуусчихсан. Дахин хэвлүүлэх байх. Өвөөгийнх нь нэг ном Х.Хасуйгийн гар дээр очсон. Тэр номыг нааш нь авчирч, хэвлүүлэх байх. Би нэрийг нь санадаггүй. Ханийн минь номууд одоо бараг дуусч байна.
Хүмүүс энд тэндээс ном нэхэх л юм. “Морин зэрэглээ” ном нь одоо цөөн үлдсэн. Ямар ч байсан хүүгийнхээ, хөгшнийхөө номыг дахин хэвлүүлнэ гэж бодож байна.
Хань минь ямар ч үед бүтээлээ бичиж л сууна. Ажлаа тайван хийгээд, унтаж амраг гээд өрөөнийх нь гэрлийг унтрааж, дуу чимээ хорихоор уурлана. “Үхсэн хүн шиг та нар намайг яагаад энэ өрөөнд оруулаад, гэрэл унтраачихав” гэнэ. Хэдэн ач нь нуруу, гар, хөл доогуур нь гүйлдэж, хөөцөлдөж л байна. Уран бүтээлээ хийж л байна. Мөн ч их юм хийж дээ /хэсэг санаа алдав/.
-Нэрт яруу найрагч маань өдгөө бидний дунд байхгүй ч ард түмнийхээ сэтгэл зүрхэнд уран бүтээлээрээ мөнх оршиж байна?
-Байгаа мөртлөө байхгүй юм шиг хүн байхад, байхгүй мөртлөө байгаа юм шиг уран бүтээл нь ард түмний дунд оршиж байна. Саяхан Оюуны өмчийн газраас ханийн минь уран бүтээлүүдийг баталгаажуулж, гэрчилгээ өгсөн. Зохиолч, яруу найрагчдынхаа оюуны бүтээлийг ийм сайхан баталгаажуулж, гэрчилгээ олгож өмчлүүлж өгдөг болсон нь сайхан юм гэж бодож сууна. Ханийн минь шавь нар, дүү нар Ш.Гүрбазар, Д.Сосорбарам гээд олон сайхан уран бүтээлчид бий.
Эвлүүлэгч: А.Пүрэвсүрэн
Гэрэл зургийг: Л.Энх-Оргил