Иргэд, компаниуд ирсэн бараагаа авч чадахгүйд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

Иргэд, компаниуд ирсэн бараагаа авч чадахгүйд хүрчээ

Иргэд, компаниуд ирсэн бараагаа авч чадахгүйд хүрчээ

Олон сарын өмнө хил гаалийн гацаанаас болж чингэлгээ татаж чадахгүй байсан бол эсрэгээрээ иргэж, аж ахуйн нэгжүүд  өнөөдөр ирсэн бараагаа авч чадахгүйд хүрчээ. Өрийн дарамт, төгрөгийн ханш суларсан, арилжааны банкууд зээл олгохгүй байгаа зэргээс шалтгаалж чингэлэгтэй бараанууд эздээ хүлээсээр л. Үүнээс болж гаалийн бүрдүүлэлт, хүлээлгийн хугацааны хоног уртасч терминалуудад чингэлэг овоорчээ.

Ачаа тээвэр буух цэгүүд хоногийн 24 цаг ажиллаж байгаа бөгөөд наадмаас хойш чингэлгээ авах иргэд багассан тухай албаны хүн ярилаа.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа чингэлэг тээвэр буух хэсгүүдийн гаалийн бүрдүүлэлтийн хэсэгт бараагаа авах иргэд дугаарлана. Бараагаа авах хүмүүсийн хувьд дээд тал нь 5-8 хоног хүлээсэн хүмүүс байв. Харин удаан хугацаанд чингэлгээ хүлээж авахгүй байгаа хүмүүсийн тухайд санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа гэх шалтгааныг тээвэр логистикийн компаниудад хэлэх болсон байна.

ТОМООХОН КОМПАНИУДЫН ШИЛ, ЛААЗТАЙ ЧИНГЭЛГҮҮД 2-3 САР ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА

Үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниудын хувьд олон сар саатсан ачаа нь нэг дор ирснээс агуулах, хадгалах зай талбайгүй болж бараагаа авах боломжгүй болжээ. Тиймээс тээвэр логистикийн хүлээлгийн зардлаа төлж терминалуудад бараагаа чингэлэгтэй нь олон сар байлгаж буй. Эдгээр үйлдвэрүүдийн хувьд чингэлэгтэй бараа дээд тал нь 2-3 сар хүлээгдсэн бөгөөд ихэнх нь шил, лааз. Харин барилгын материал болон бусад худалдаа эрхэлдэг хүмүүсийн хувьд зээл олгохгүй байгаа учраас төлбөрийн чадамжгүй байгааг хэлж байв.

АБТЭМА-гийн гаалийн талбайгаас чингэлгээ авах гэж буй иргэн Н.Төрболдын хэлснээр чингэлгээ авахад хүндрэл байхгүй. Тээвэрлэгдэж ирж байгаа хугацаа л удаж байна гэв.

Мөн энэ сард ачаалал ихэссэн учраас талбай харгалзахгүй чингэлгүүдийг хуваарилж, шилжүүлж ачилт хийх шийдвэр гаргасан нь оновчтой. Гаалийн хяналтын бүсэд буусан гэдэг мэдээ аваад хоёр хоноод ирж байна. 100 айлын барилгын материалын захад ажилладаг бусад худалдаачдаас сарын өмнө ирсэн ачаагаа аваагүй хүмүүс байна. Зах зээл дээр эргэлт муу байхад нэмэлт татан авалт хийсэн ч түүнийг лангуу руугаа авах боломжгүй. Ядаж банкууд зээл олгож байвал иргэд өр тавиад ч болов бараагаа авна шүү дээ гэв.

Гаалийн бүрдүүлэлт хийхээр хүлээх хүмүүс ч ам, амандаа шогширч, эдийн засаг цаашид хүндэрвэл худалдаа эрхлэгчид бараа захиалах боломжгүйд хүрнэ гэцгээнэ.

ГААЛИЙН ТАТВАР, БҮРДҮҮЛЭЛТ ЗЭРЭГ САНХҮҮГИЙН АСУУДЛААС БОЛЖ ХҮМҮҮС АЧААГАА АВАХГҮЙ БАЙНА

“Улаанбаатар төмөр зам”-ын тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан санхүүгийн хүндрэлээс шалтгаалж иргэд ачаагаа авахгүй байгааг онцолсон юм. Тэрбээр, Улаанбаатар төмөр зам нь нийт 84 өртөө зөрлөгтэй, үүнээс 39 өртөө зөрлөг нь ачилт буулгалтын үйл ажиллагаа явуулдаг. Мөн найман өртөөнд чингэлэгтэй ирсэн ачаа тээвэрт боловсруулалт хийдэг. Цар тахлаас өмнө Хятадын хилээр Замын-Үүд өртөөнөөс хоногт чингэлгийн галт тэрэг хоёрыг хүлээж авдаг байсан. Энэ оны гуравдугаар сараас эхлээд хоногт 250-300 орчим чингэлэг хүлээн авч байна. Үүнээс болоод чингэлгийн бөөгнөрөл үүссэн. Тодруулбал, 2019 онд 67 мянган чингэлэг авчирч байсан бол 2022 оны эхний найман сард 68 мянган чингэлэг авчирсан.

Улаанбаатар төмөр замаар тээвэрлэгдэж байгаа импортын ачаа маш их өсөлттэй, өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 1.5-2.2 дахин илүү хэмжээний чингэлгийг оруулж ирсэн байгаа. Гэвч иргэд тэр их ачаагаа авахгүйгээс терминалуудад бөөгнөрөл үүссэн.

Үүнээс болж нийт өртөөний хүчин чадлын ашиглалт 60 хүртэлх хувиар нэмэгдсэн. Өнгөрсөн жил Хятадын төмөр замд хоногт 14-15 галт тэрэг хүлээлгэж өгдөг байсан бол энэ жил 10 галт тэрэг өгч байна. Энэ дундаа экспортын хоосон чингэлэгтэй хоёрхон галт тэрэг хятадууд хүлээж авч байгаа. Үүнээс болж хоосон чингэлгийн хуримтлал бий болсон.

Бөөгнөрлийг багасгахын тулд хоосон чингэлэг байрлуулах дөрвөн талбайг бий болгосон. Эдгээр талбайд терминалууд дээр байгаа хоосон чингэлгүүдийг бүгдийг нь гаргаж байрлуулсан.

Наадмын үеэр буюу долдугаар сард ачаа олголт бараг явагдаагүй. Улмаар ачааны бөөгнөрөл үүссэн. Энэ үед ачаатай чингэлэг их байсан. Гаалийн татвар, гаалийн бүрдүүлэлт хийх зэрэг санхүүгийн асуудлаас үүдэн хүмүүс ачаагаа авахгүй байна. Улмаар талбай дээр маш их хэмжээний ачаа хуримтлагдаж, чингэлгийн бөөгнөрөл үүсч байна. Талбай дээр байгаа ачаануудаа гаалийн бүрдүүлэлт хийгээд яаралтай авахыг л иргэдээс хүсч байна гэсэн юм.

ТҮР АГУУЛАХУУДАД ХЯМД ЗАРДЛААР БАРААГАА ХАДГАЛЖ БАЙГАА НЬ АСУУДАЛ

Иргэд, захиалагчид импортын бараагаа авахгүй, удааснаас чингэлгийн терминалууд дээр ачаа бөөгнөрч, дараагийн ачаа хүлээн авах талбай хүрэлцэхгүй болсныг албаны хүмүүс, логистикын компаниуд ч хэллээ.

Өнөөдрийн байдлаар төмөр замаар тээвэрлэн ирсэн импортын ачаатай чингэлгийн 60 хувь нь хуучин авто машин. 40 хувь нь хүнс болон бусад төрлийн бараа байгаа аж.

Тяньжинд хуримтлагдсан импортын чингэлэг цар тахлын өмнөх үеийн хэвийн хэмжээнээс доош буусан. Харамсалтай нь, импортын чингэлгийг татан авахтай холбоотой хүндрэлүүд арилахгүй байгаа нь иргэд, аж ахуй нэгжүүдээс бус эдийн засгаас хамаарч байна. Тухайлбал, аялал зугаалгын улирал, баяр, наадмын урт үргэлжилсэн амралтын өдрүүд зэргээс шалтгаалан ачаа хүлээн авагчид ачаагаа авахгүй, буулгахгүй, талбайг чөлөөлөхгүй удаах тохиолдол байсан бол одоо энэ нь мөнгөгүй гэх тайлбараар солигджээ. УБТЗ, ГЕГ, Улаанбаатар хотын терминалууд цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулж, иргэдэд үйлчлэх цагаа сунгасан ч энэ нь төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байна гэв. Цаашид энэ байдал үргэлжилбэл төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаа алдагдаж тээвэрт оролцогч талууд буюу ачаа илгээгч тээвэр зууч, төмөр замчдын нуруун дээр ирэх үргүй зардал нэмэгдэх эрсдэл үүсээд байгааг онцлов.

Тиймээс тээвэр зууч, ачаа хүлээн авагчид төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаанд саад учруулалгүй, ачаа бараагаа түргэн шуурхай татаж авахыг УБТЗ-ын зүгээс шаардаж буй. УБТЗ нь Улаанбаатар хот дахь терминалууд ачааллаа дийлэхгүй байгаатай холбоотой Замын-Үүд, Сайншанд өртөөдөд импортын автомашиныг олгох ажлыг эхлүүлсэн. Гэсэн ч иргэд өмнөх ачаагаа авахгүй бол нэгдсэн терминалын системгүй учир хүндрэл бэрхшээл овоорч бөөгнөрсөн, зай талбайгүй болсон асуудлаар дуусахгүй гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж