Төр хүүхдүүдээс мөнгө харамлах ёсгүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

Төр хүүхдүүдээс мөнгө харамлах ёсгүй гэв

Төр хүүхдүүдээс мөнгө харамлах ёсгүй гэв

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр “Халамжаас хөдөлмөрт” нэртэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдрийн байдлаар хүүхдийн мөнгөнд 1.5 их наяд төгрөг олгож байна. Ирэх жилийн төсөв дээр хүүхдийн мөнгийг зорилгот бүлэг рүү шилжүүлэхээс өөр аргагүй” гэж хэлсэн.

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой байх үеэс хүүхэд бүрт мөнгө олгодог байсан түүхтэй. Тухайлбал, 1957 оноос эхлэн дөрвөн хүүхэдтэй айлын хүүхэд бүрт 100 төгрөг, таван хүүхэдтэй бол 150 төгрөг, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй айлд хүүхэд бүрт 200 төгрөгийг жилд нэг удаа олгодог байжээ.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжих үе буюу 1990-2004 оны хооронд хүүхдийн мөнгө ор сураггүй алга болсон. 2004 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө “Эх-орон ардчилал” эвсэл хүүхэд бүрт 10000 төгрөг амласан. Ийнхүү Монгол Улс хүүхдийг ялгаварлалгүй, адил тэгш байдлаар дахин мөнгө олгодог болсон билээ.

Цар тахал /covid-19/-ын улмаас эдийн засаг хүндэрч, айл өрхийн орлого эрс буурсан. Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдийн засгийг дэмжих үүднээс зургаан сарын хугацаанд хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох арга хэмжээ авсан. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.09.26/ болсон “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр оноос эхлэн хүүхдийн мөнгийг зорилгот бүлэг рүү шилжүүлэхийг мэдэгдсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатарын шийдвэрийн талаар иргэд хэлэхдээ “Хүүхдийг ингэж ялгах дэмий. Хүүхэд өсч торниод, сургууль соёлд суралцаж, боловсрол эзэмшихэд нь хэрэгтэй”, “Хүүхдийн мөнгө хэрэгтэй хүндээ маш их хэрэгтэй. Ихэнх хүмүүс хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулж байгаа нь илт харагдаж байна шүү дээ”, “Амьдрал хүнд байхад ийм шийдвэр гаргах буруу байх. Ялгаварлан гадуурхаж байгаа юм шиг” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн юм.

Ташрамд дурдахад, дэлхийн улс орнуудын дийлэнх нь ядуурлын түвшинг арилгах зорилгоор айл өрхийн орлого, хүүхдийн тооноос хамааран өөр өөр хэмжээний тэтгэмж олгодог байна.

М.АРИУНБОЛД

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж