Хятадын амбицыг дарахад Энэтхэгийг "ашиглаж" байна

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

Хятадын амбицыг дарахад Энэтхэгийг "ашиглаж" байна

Хятадын амбицыг дарахад Энэтхэгийг "ашиглаж" байна

Хятад улс цэргийн хүчээ нэмэгдүүлж буйн эсрэг Энэтхэг-Номхон далайн аюулгүй байдлын стратегийн гол хамтрагч Шинэ-Делитэй АНУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна. АНУ-ын Батлан хамгаалын сайд Ллойд Остин энэ долоо хоногийн эхээр Энэтхэгийн гадаад хэргийн сайдыг Пентагонд хүлээн авч уулзсан. Тэд батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааны шинэ боломжийг ярилцаж, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахад Энэтхэгийн оруулж буй хувь нэмрийг АНУ дэмжихээ илэрхийлжээ. АНУ-ын зүгээс Энэтхэгтэй хамтын ажиллагааг аюулгүй байдлыг бэхжүүлж, өсөн дэвших, нээлттэй байлгахыг хүсч байна гэж Ллойд Остин мэдэгджээ.

Пентагоноос өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ, “чөлөөт, нээлттэй” Энэтхэг-Номхон далайн бүс дэх АНУ-ын алсын харааны төв нь Энэтхэг улс гэдгийг онцолсон. Аюулгүй байдлын хэлэлцээний “Дөрвөл”-ийн гишүүний хувьд Энэтхэг нь АНУ-ыг гол холбоотон гэж үзэж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын нөлөөний эсрэг тэмцэхэд чухал үүрэгтэй гэж  Субрахманьям Жайшанкар хэлсэн байна.

Хэдийгээр АНУ-аас Энэтхэгтэй харилцаагаа өргөжүүлэхийг хичээж байгаа ч Пакистанд үзүүлж буй дэмжлэгээ зогсоохгүй байгаа нь хамтын ажиллагаанд саад болж байна. Тухайлбал, АНУ-аас Пакистанд 450 сая ам.долларын тусламжийг баталж, “F-16” байлдааны нисэх онгоцыг шинэчлэхээр болсонд  Энэтхэг дургүйцэж байгааг тус улсын гадаад хэргийн сайд Субрахманьям Жайшанкар илэрхийлжээ. Харин АНУ-аас Пакистаны талд үзүүлж буй цэргийн тусламж нь одоо, ирээдүйд тохиолдож болзошгүй терроризмын эсрэг Исламадын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэж байгааг тайлбарлав.

Гэвч Пакистан 1947 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш Энэтхэгтэй харилцааны хамгийн тогтвортой үедээ ч сэрэмжтэй явж ирсэн. Өмнөд Азийн хөрш орнуудын хооронд өнгөрсөн хугацаанд гурван ч удаа дайн гарсан. Энэтхэгийн зүгээс Пакистаныг террористуудыг орогнуулж, “экспортолж” байгаад буруутгасаар ирсэн.

АНУ-аас Пакистанд зориулан баталсан 450 сая ам.доллар нь 2018 оноос хойш аюулгүй байдлын чиглэлээр олгож буй анхны тусламж юм. АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трамп засгийн эрхэнд байхдаа Пакистанд цэргийн тусламж үзүүлэхийг хориглосон байв. Трамп хэлэхдээ, Пакистан нь зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжиж, Афганистаны засгийн газрын эсрэг бослого үймээнийг өдүүлж байна гэж буруутгасан.  Үүний улмаас Пакистанд зэвсэг нийлүүлэх АНУ-ын байр суурийг Хятад улс эзлэх болсон. Тухайлбал, 2017-2012 оны хооронд Пакистаны томоохон зэвсэг, техникийн нийт хэрэгцээний 72 хувийг Хятад улс дангаар хангасан гэх судалгааг Стокгольм дахь Энхийн судалгааны институт өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн. Тиймээс АНУ, Пакистаны хооронд байгуулсан “F-16” байлдааны онгоц шинэчлэх гэрээнд Энэтхэг улс дургүйцэж байгаа ч “Дөрвөл”-ийн гишүүний хувьд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Харин Байдены захиргааны хувьд Энэтхэг, Пакистаны хооронд тэнцвэрийг хадгалах нь илүү чухал асуудал болж байгааг “Stimson Centre” төвийн Өмнөд Азийн хөтөлбөрийн захирал Элизабет Трелкер онцолжээ. АНУ, Энэтхэг нь хоёр Пакистаны талаар баримталж буй бодлого зөрчилдөж байгаа ч Вашингтон үүнийг зохицуулах боломжтой гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ Энэтхэгийн гадаад хэргийн сайд хэлэхдээ, Хятадтай харилцаагаа эргэн “хэвийн” хэмжээнд аваачих зорилготой гэдгээ мэдэгдсэн. Ази тивийн энэ хоёр том гүрэн газар нутгийн маргаантай бөгөөд хилийн бүсэд үе үе зөрчил гардаг. Мөн тус хоёр орон хамтарч ажиллахын зэрэгцээ стратегийн өрсөлдөгч болдог. Энэтхэг, Хятадын хооронд худалдааны эргэлт энэ оны эхний долоон сарын байдлаар 79.77 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 18 хувиар өссөн гэдгийг Хятадын гаалийн байгууллагаас мэдээлжээ. Харин АНУ, Энэтхэгийн хооронд худалдааны эргэлт энэ оны эхний таван сард 40.27 тэрбум ам.доллар байсан нь цар тахлын өмнөх 2019 оны мөн үетэй ижил түвшинд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж