Ус, цаг уур, орчны шинжилгээний судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирэх сарын урьдчилсан мэдээллийг гаргаад буй. Ургац хураалт, өвлийн бэлтгэл өрнөж байгаа саруудад ихэнх нутгаар цаг агаар ямар байх талаар тодруулан хүргэж байна.
-Тариалангийн бүс нутгаар зуншлага тааруу байсан. Ирэх аравдугаар сараас цаг агаар тогтуун байх болов уу?
-Есдүгээр сард Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, Дорнод Монголын тал нутгаар ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Сарын сүүлчийн хагаст ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Иймд дээр дурдсан үеүдэд цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сарын сүүлчийн хагаст ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй, салхи ширүүсч, 14-16 метр секунд хүрэх буюу зарим үед 16-18 метр секунд хүрч ширүүсч болзошгүй.
Ирэх аравдугаар сарын хувьд баруун аймгууд болох Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин зүүн аймгууд буюу Сэлэнгийн нутаг, Булганы ихэнх хэсэг болон Төвийн хойд хагаст ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Бүс нутгаар нь авч үзвэл нийт дөрвөн хэсэгт хувааж байна.
- Баруун буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймаг,
- Төв буюу Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв,
- Зүүн буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар,
- Говийн бүс нутаг болох Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймгууд хамаарна.
-Бороо, цас бүс нутгийн ихэнх хэсэг болон зарим газраар ажиглагдах үед тухайн бүсийн аль хэсэгт төвлөрч байгаа мэдээг хэрхэн боловсруулдаг вэ?
-Ус, цаг уур, орчны шинжилгээний газар цаг агаарын үзэгдэл нийт нутгийн 30 хувиас хэтрэхгүй зурвас газарт ажиглагдах тохиолдолд зарим газраар, бүс нутгийн 30-70 хувьд бол ихэнх нутгаар, 70 хувиас дээш нутгийн хэсгийг хамрах тохиолдолд нийт нутгаар хур тунадастай байна гэж мэдээлдэг.
Анхны цас Алтайн салбар уулс болон Хөвсгөлийн уулсаар энэ сарын сүүлээр буюу ирэх долоо хоногт, харин Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар аравдугаар сарын дунд үеэр, бусад нутгаар есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр ажиглагдана.
Сарын нийлбэр хур тунадас Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25-35 мм, Алтайн өвөр говиор 0-5 мм, бусад нутгаар 5-25 мм орох төлөвтэй. Тиймээс цаг агаарын мэдээллийг иргэд тогтмол хүлээн авч, нөхцөл байдлыг харгалзаж мал, хадлан, аян замд явахдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
-Урьдчилсан байдлаар аль аль бүс нутагт байгалийн гамшигт үзэгдэл болох, их хэмжээний цас орох магадлалтай юу?
-Баруун аймгуудын нутгаар энэ сард болон ирэх аравдугаар сард агаарын дундаж температур Увсын нутаг, Завханы хойд хэсгээр дулаан, хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Ирэх долоо хоногт салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар тогтуун байгаа бол ирэх сард ч мөн ихэнх нутгаар олон жилийн дундажтай ижил байна. Харин уулархаг нутгаар хүйтрэх, цас орох ерөнхий төлөвтэй байна.
-Цаг агаарын урьдчилсан төлөвтэй холбоотойгоор малчид, тариаланч, иргэдэд юуг анхааруулах вэ?
-Иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цасан шуурга зэрэгт эд хөрөнгө, малаа урсгах, малтайгаа салхинд уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, аадар бороо, цас орох үед бага насны хүүхдийг малд, хадланд явуулахгүй байх нь зүйтэй.
Хур тунадас: Энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, аравдугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхины хувьд ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 30-нд Алтайн уулсаар, ирэх сарын 1, 2-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.
Холбоотой мэдээ