“Иргэний танхим” “Райнхард Мон” шагналд нэр дэвшлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

“Иргэний танхим” “Райнхард Мон” шагналд нэр дэвшлээ

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “Бэртэлсман сан”-гаас олгодог “Райнхард Мон” шагналд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим” нэр дэвшээд байна. Энэ жилийн шагналд “ Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар ардчиллыг сэргээх” гэсэн уриатайгаар дэлхийн улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллагуудаас хэрэгжиж буй олон төсөл нэр дэвшжээ.

Дэлхийн өнцөг булан бүрт байх хүмүүс энэхүү вэб сайтаар дамжуулан олон улсад нэр хүнд бүхий тус шагналд ардчиллын үйлст хувь нэмэр оруулж буй төслүүдийг нэр дэвшүүлэх, тэдгээрийг үнэлж дүгнэх боломжийг олж авч буй юм. 2010 оны наймдугаар сарын 22-ноос өмнө нэр дэвшсэн төслүүд шагнал авах болзлыг хангаж байгаа бөгөөд шагналыг гардуулах ёслолын ажиллагаа 2011 оны зургадугаар сард Германы Гутерслох хотод болно.

Таныг “Бэртэслман сан” үнэлнэ
Шагналын эзэн болон тодорсон төслийг нэр дэвшүүлсэн хүн 2011 оны зургадугаар сард болох “Бэртэлсман сан”-гийн олон улсын хурал болон шагнал гардуулах ёслолд урилгаар оролцох боломжтой болно.

“Бэртэслман сан”-г 1977 онд ноён Райнхард Мон үүсгэн байгуулсан ба тэр цагаас хойш тус сан 700 гаруй төсөлд нийт 666 сая орчим еврогийн хөрөнгө оруулалт хийжээ. Түүнчлэн, “Бэртэслман сан” нь ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй хамгийн том сангуудын нэг бөгөөд дэлхийн 50 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг 106,00 гаруй ажилтан бүхий Бэртэслман A-G олон улсын корпорацийн голлох хувьцаа эзэмшигч юм. “Бэртэлсман сан”-гийн үйл ажиллагаа нь үүсгэн байгуулагч ноён Райнхард Монгийн олон нийт, нийгмийн сайн сайхны төлөө гэсэн хүсэл эрмэлзлийн дагуу явагдсаар ирсэн билээ.  

2011 оны “Райнхард Мон” шагнал нь “Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар ардчиллыг сэргээх” гэсэн нэн чухал ач холбогдол бүхий уриан дор явагдаж буй бөгөөд шагналыг төрийн бус байгууллагатай хамтран шийдвэр гаргах түвшинд хангалттай төлөөлөл үгүй нийгмийн бүлгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар Ардчиллыг дэмжин, асуудал шийдвэрлэх ардчилсан шинэ арга барилыг бий болгох төслийг амжилттай хэрэгжүүлж буй төрийн байгууллагад гардуулах юм.
            Шалгаруулалтад оролцогч төсөл, хөтөлбөрүүдийг Германы нийгмийн нөхцөлд тохируулан ашиглах боломжтой байх нь нэн чухал бөгөөд учир нь энэ мэт олон улсын шилдэг туршлагаас дараагийн уралдаан, тэмцээнд шалгаруулах шинэ санааг “Бэртэлсман сан” байнга эрэлхийлж байдаг юм.

            Хууль бус болон бусад зүй бусын зорилго, үйл ажиллагааг сурталчилсан, арьс өнгөөр ялгаварлах үзэл санаанд суурилсан төслүүд шагналаас автоматаар хасагдах болно.

2011 оны “Райнхард Мон” шагналын чиг хандлага

            Ардчилал бол орчин цагийн нийгмийн үндэс бөгөөд нийгмүүд өөрсдийгөө эрх чөлөөт, энх тайванч замаар тодорхойлж хамтран оршин тогтнохын нэр юм. Иймээс Ардчиллыг хадгалан үлдэж, цаашид бэхжүүлэх нь бидний гол зорилтуудын нэг байх учиртай. Өнгөрсөн жилүүдэд Ардчилал хувьсан өөрчлөгдөж, шинээр үүсэн буй өөрчлөлт, нөхцөл байдалд уялдан, дасан зохицох болсон. Нийгмийн нарийн төвөгтэй байдал, олон шинжит байдал болон нэн хурдтай өөрчлөлтүүдээс үүдэн Ардчилалд доорх гурван асуудал тулгараад байна. Үүнд:

1.   Асуудал шийдвэрлэх чадамжийг нэмэгдүүлэх шаардлага өссөөр байна
Нийгмийн хөгжлийн нарийн төвөгтэй, хурдацтай бөгөөд олон шинжит байдал нь аливаа асуудалд нэн даруй арга хэмжээ авч, улс төрийн бодлого, үйл ажиллагаанд шинэчлэл хийн, олон нийтэд мэдээллийг цаг тухайд нь хүргэхэд хүндрэлтэй байдал үүсгэдэг.

2.   Улс төр дахь иргэдийн оролцооны шинэчлэл
Сонгууль, намын гишүүнчлэл болон намын холбоо сүлбээ зэрэг улс төрийн оролцооны уламжлалт хэлбэрүүд өнөөгийн нийгмийн шаардлагыг хангахгүйд хүрчээ. Иргэд улс төрийн асуудалд суурилсан болон шууд оролцоог илүүд үзэж, улмаар олон хүмүүс одоо оршин буй улс төрийн тогтолцооноос хөндийрч байна.

3.   Нийгмийн цөөнх болон эмзэг бүлгийн хангалтгүй төлөөлөл
Нийгмийн шилжилт хөдөлгөөн болон баян хоосны ялгаа ихэссэн өнөө үед эдгээр бүлгийнхний өөрсдийн эрх, ашгийг хамгаалан, улс төрд оролцох боломжийг байнга нээлттэй байлгахад хүндрэл учирч байна.

Бид 2011 оны Райнхард Мон шагналын эзэнг хэрхэн тодруулах вэ?

Шагналын эзэн болох төслийг хайх, шалгаруулах явц нь гурван үе шаттай.

Эхний шат – төслүүдийг нэр дэвшүүлж, санал бодлоо хуваалцах ба тэдгээрийг үнэлэх

            Шагналын эзэнг дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун мянган хүний оролцоотойгоор тодруулна. 2010 оны наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл дэлхийн хаанаас ч, хэн ч энэхүү цахим хуудсаар дамжуулан шалгаруулалтын үйл явцад оролцох боломжтой юм. Нэр дэвшсэн төсөл бүрийг доорх шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэнэ.

Үүнд:
1.   Аливаа асуудлыг шийдвэрлэхэд үзүүлсэн нөлөө, үр ашигт байдал
2.   Ажиллах хүчний нөөц, дайчилгаа, цар хүрээ болон төлөөлөл
3.   Ардчиллын чадамжийг нэмэгдүүлэхэд үзүүлсэн хувь нэмэр
4.   Нийгмийн эмзэг давхаргын төлөөллийг төсөлд багтаасан байдал
5.   Бүтээмж болон тогтвортой байдал
6.   Шинийг санаачилсан байдал
7.   Бусад байгууллага, орчин нөхцөлд шилжүүлэн хэрэгжүүлж болох чанар
Шалгаруулалтын хугацаанд иргэн та нэр дэвшсэн төслүүдэд өөрийн үнэлгээ, дүгнэлтийг өгөх боломжтой. Энэхүү хувь нэмэр тань шагналын эзэнг тодруулахад чухал байр суурь эзэлнэ.

Дунд шат – нэр дэвшсэн төслүүдийг хэлэлцэж, санал солилцох

2010 оны наймдугаар сарын 22-ноос хойш тус сангийн ажлын хэсэг нэр дэвшсэн төслөөс 20-ийг сонгож, үнэлэлт, дүгнэлт өгөх бөгөөд энэхүү сонголт нь та бүхний цахим хуудсаар дамжуулан төслүүдэд өгсөн оноо болон санал бодол дээр үндэслэгдсэн байна. Шалгуур үзүүлэлт болон олон нийтийн үнэлэмж нь нийтэд нээлттэй байна. Хоёр дугаар шатанд сонгогдсон хорин төслийн нэрс тодормогц энэхүү цахим хуудас дээр тавигдах бөгөөд тэдэнд та үргэлжлүүлэн үнэлгээ өгч болно.

Сүүлийн шат – шагналын эзэнг тодруулах

2010 оны аравдугаар сарын 6-нд нийгмийн олон бүлэг, салбаруудын төлөөлөл бүхий ажлын хэсэг 5-10 төслийг сонгон авч, хэлэлцэнэ. Эдгээр төслүүдийг ажлын хэсэг 12 дугаар сар хүртэл нарийвчлан судлах ба энэ хугацаанд ч олон нийт үнэлгээ, дүгнэлт үргэлжлүүлэн өгөх боломжтой. 2011 оны хоёрдугаар сард олон улсын төлөөлөл болох 10,000 иргэнийг хамарсан нээлттэй хэлэлцүүлэг болох бөгөөд тус хэлэлцүүлгийн дүнгээр шагналын эзэнг тодруулах юм.

2011 оны “Райнхард Мон” шагнал гардуулах ёслол Герман Улсын Гутерслох хотноо болно. Шагнал хүртсэн төслийг анх нэр дэвшүүлсэн иргэний хувь нэмрийг үнэлэн “Бэртэлсман сан” энэхүү ёслолын ажиллагаа болон бусад арга хэмжээнд оролцох урилгыг гардуулах болно.

Энэ удаагийн шагналд Монгол Улсаас анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим” нэр дэвшээд байна. Иргэний танхимын зорилго нь төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох шийдвэр гаргах түвшинд иргэд, олон нийтийн санал бодлыг тусгах, цааш нь уламжлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон иргэдийн санаачилсан хуулийн төсөл, нийгмийн тулгамдсан асуудлыг ард нийтээр хэлэлцүүлж, иргэдийн санал бодол, байр суурийг сонсох, нээлттэй, хяналттай, шударга, хариуцлагатай төрийг төлөвшүүлэхэд иргэдийн оролцоог бодитойгоор нэмэгдүүлэхэд оршино.

Иргэний танхимын тус шагналд нэр дэвшээд буй гол үндэслэл нь түүний зорилго, үнэт зүйлсээс гадна өнгөрөгч долоон сарын хугацаанд нийт 32 удаагийн хэлэлцүүлэг, хуралдааныг зохион байгуулж давхардсан тоогоор 2000 гаруй иргэд тэдгээрт өөрийн биеэр оролцохын сацуу цахим шуудан, захидал, утас, факсаар ирсэн 367 саналыг тэмдэглэн авч судлан ажиллаж, төслийн боловсруулалтыг дахин хийж ажиллаж буйд оршино. Түүнчлэн Иргэний танхимыг танилцуулах ажлын хүрээнд иргэд, байгууллага, орон нутаг, гадаадын иргэдэд Иргэний танхимыг танилцуулж байна. Үүнтэй холбогдуулан гадаадын болон олон улсын байгууллагаас Иргэний танхимыг дээрх шагналд нэр дэвшүүлсэн юм.  

Таны дэмжлэг болон хувь нэмэр шагналын эзэнг зөв тодорхойлоход нэн чухал юм. Хэрэв та хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн иргэн бөгөөс саналаа идэвхтэйгээр өгөхийг уриалж байна.

Энэхүү цахим хуудсыг яаж ашиглах вэ?

Та бүртгүүлснийхээ дараа Submit Projects гэсэн цэс рүү орж, хэрэгтэй мэдээллүүдийг бөглөх ба ажлын хэсгийн гишүүд таны дэвшүүлсэн төслийг шүүн, шаардлага хангасан гэж үзвэл цахим хуудаст байрлуулах болно. Үнэлэмж, дүгнэлт өгөхдөө View Projectsцэсийг сонгож, сонирхсон төслөө дүгнэн, үнэтэй хувь нэмрээ оруулна уу.  http://dev.vitalizing-democracy.org/ хаягаар орж саналаа өгнө үү хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж