ТӨСӨВ-2023: Үүрэхийг нь ард түмэн, янцаглахыг нь Ардын нам!

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

ТӨСӨВ-2023: Үүрэхийг нь ард түмэн, янцаглахыг нь Ардын нам!

ТӨСӨВ-2023: Үүрэхийг нь ард түмэн, янцаглахыг нь Ардын нам!

Нийгмийн бодлогын байнгын хорооноос нэгэн хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Нэр нь “Халамжаас хөлдөлмөрт”.  Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын дарга Г.Занданшатар “2021 оны байдлаар 2.5 сая иргэнд 72 төрлийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн. Үүнд 1.8 их наяд төгрөг зарцуулсан байна. Энэ нь 2021 оны улсын төсвийн нийт зарлагын 16 хувийг эзэлж байна. Энэ бол судалгаагүй, популист шийдвэрүүдийн үр дүн.

Манай төсвийн нийт зардал 2018 онд 5.4 их наяд төгрөг байсан бол 2021 онд 10.3 их наяд төгрөг хүрсэн нь халамж нэмэгдсэнтэй холбоотой.

Тиймээс халамжийг зорилтот бүлэгт шилжүүлэх шаардлагатай байна. Бид намрын чуулганаар 2023 оны төсвийг хэлэлцэхдээ хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэнийг эргэж харах шаардлагатай. Нийт дүнгээр 1.5 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгож байна. Тиймээс ирэх жилийн төсвийн бодлогод Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй” гэжээ. Спикерийн энэхүү байр суурийг Сангийн сайд Б.Жавхлан дэмжсэн нь "Халамжийг зөвхөн нэн шаардлагатай бүлэгт хуваарилах сорилт Засгийн газрын өмнө тулгарч байна. Хүүхдийн мөнгийг тодорхой шалгуурыг үндэслэн зорилтот бүлэгт чиглүүлэх, өндөр орлоготой хэсэг нь хүүхдийн мөнгөнөөс татгалзах өөрчлөлтийг 2023 оны төсвийн төсөлд тусгана” гэх үг. Халамж нэмнээс болоод улсын төсөв улайсан бол Ардын намын бодлогод алдаа байна гэсэн үг.

Авчиг эрх баригчдын хандлагаас  харвал эдийн засгийн хямрал, хавтгайрсан халамжийн гол буруутан хүүхдүүд болжээ. Ингээд  Ардын намынхан айлын хүүхдийг амьжиргаагаар алагчлахаар шийдсэн бололтой.  Уг нь аяганы алгаас адууны алаг гэдэг.

Монгол Улсад халамж хавтгайрсан нь үнэн. Хавтгайрсан халамжаас болж хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүссэн. Гэвчиг халамж хавтайрсны буруутан нь хүүхдүүд биш юм.  Үнэндээ аав ээж нь ажил, орлоготой байсных нь төлөө ялгаварладаг хандлагыг Ардын намын байнга гаргадаг. Ж.Эрдэнэбатын засгийн үед хөргөгчтэй, зурагтай гээд “Хүүхдийн мөнгө”-нөөс хасдаг байсан. Атал хаустай, хоёр машинтай айлууд, мянгат малчид хүртэл “Хүнсний талон” авч байсан гэхээр хавтгайрсан халамжийн ард авлига, хээл хахууль, ар өврийн хаалга байна гэсэн үг юм.

Үндсэндээ, МАН-ынхан өөрсдөө хэдэн давхар дээл нөмөрч, яамд, сайдуудын тоог нэмчхээд хэдэн хүүхдээсээ  зуун цаас харамлаж байгаа бол үнэндээ шог хуваарилалт. Ганц бөхөд зориулж, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдын сандал суудал хүртэл гаргаж байгаа нь төсвийн хэмнэлт биш эсрэгээрээ хэт тансаглалын хэлбэр.  Ардын хүүхдүүд бүсээ чангалж, Ардын намын дарга нар дээлээ давхарлаж байгаа нь Дулмаагийн турсан, Дагдангийн эхнэрийн таргалсантай л яг адилхан асуудал юм.

Нөгөөтэйгүүр улсын төсөв улайж, эдийн засаг хүндэрч байгаа бол үүнийгээ МАН-ынхан авлигажсан төсвөөс  эхлэх ёстой. Төсвийг хэмнэх өнгөрсөн хавар хэдэн задгай төгрөг хэмнэснээс өөрөөр гишүүдийн авлигын мөнгө, сайд дарга нарын тансаг хэрэглээ нэмэгдсэн.  Төрийн албан хаагчдын тоог бууруулна гэж МАН нэг амаараа яриад, нөгөө амаараа яамдын тоог нэмэх болсон. Яамдын тоог нэмэхийн хэрээр төсвөөс цалинждаг төрийн албан хаагчдын эгнээ тэлнэ гэсэн үг.

Тэгж ярих юм бол “Хүүхдийн мөнгө”-нөөс илүү хөшөө дурсгалд төсвийн мөнгийг үрдэг нь үнэн. Айрагны өргөө, айлын жорлон, бурханы хөшөө, бассейн барина гээд камерын өмнө уйлж, камерын ард инээж байгаад тойргийн мөнгө нэрээр УИХ-ын гишүүд улсын төсвөөс дөрөв, дөрвөн тэрбум төгрөг хуваарилаад, хуваагаад авчихсан.

2022 оны нийт төсвийг 18 их наядын зарлагатай батласан агаад үүний 304 тэрбум нь УИХ-ын гишүүдийн мөнгө. Энэ мэт үрэлгэн байдлаа засахгүй атлаа хүний хүүхдээс мөнгийг булаах юм гэнэ дээ.

2024 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Тэгэхээр ирэх 2023 оны төсөв ерөнхийдөө Ардын намын сонгуульд зарцуулагдах нь нэн ойлгомжтой. Өвлийн өвгөн аавын ууттай бэлэг шиг "уйлдаггүй", дуусдаггүй улсын төсөв батлагдах ч байх.  Элдэв бүтээн байгуулалт нэрээр элбэг дэлбэг төсөв батлагдах нь бараг тодорхой. Орлого нь 19.6 их наяд, зарлага нь 20.3 их наяд гэхээр.  Энэ мөнгөнөөс энд ч сургууль, тэнд ч эмнэлэг гээд тойрогтоо яаж ахиухан  хуваарилуулж, авч идэх вэ гэж гишүүд лобби хийцгээх ч байх. Хууль ярихаар хуралдаа суудаггүй, мөнгө ярихаар гүйгээд ирдэг нь олон.  Мөнгө тоншдог мөнгөнөөсөө манай 76 тийм амархан салахгүй байх. Өнгөрсөн хавар төсвийн хэмнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр тойргийн мөнгөнөөсөө салахгүй гэж хэн, хэн юу ярьж байлаа. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин тойргийн мөнгийг танах гэлээ гээд бухимдаад сууж байсан гишүүдийн нэг.

Үнэндээ тойргийн мөнгөнөөс мөнгө "хусахад" амархан. Харин  айлын "Хүүхдийн мөнгө"-нөөс хумслах, хулгайлах боломжгүй. Ирэх оны төсвийн төсөөллийг харахад эрх баригчдын үрэх зардал өсч, энгийн иргэдийн олох  орлого буурч, төлөх татварын дарамт нь нэмэгдэхээр байна.  Хоёр машинтай болон 250 сая төгрөгийн машин авсан хүмүүс өндөр татвар төлнө, 20 сая төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлнө, архи, тамхины татварыг нэмнэ гэх мэтчилэн.

Уг нь Ардын намын дарга нарт авлигатай тэмцэх хүсэл байвал үүнийгээ авлигажсан төсвөөс эхлэх ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар авлигатай тэмцэнэ гэж ам ангайх бүрдээ л амалдаг, хэлдэг. Атал ард түмэн үүрэхийг нь үүрээд, янцаглах хийгээд ямбыг нь Ардын намынхан эдлээд байж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж