Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хүрээнд өнгөрсөн зургадугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” долдугаар бага хурал, “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хурлыг амжилттай зохион байгуулсан билээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дэлхий дахинд энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед Монгол Улсыг “Энх тайвны бэлгэ тэмдэг” хэмээн онцолсон. Улмаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх хүчин чармайлт, түүний дотор цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн билээ.
АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, БНСУ, Япон, Монгол гэсэн дэлхийн долоон орны эрдэмтэн судлаачид, энэ сарын 21, 22-ны өдөр Улаанбаатар хотноо уулзаж, Зүүн хойд Азийн энх тайвны хөгжил болон Солонгосын нэгдлийг дэмжих асуудлаар ярилцаж, санал бодлоо солилцов. Энэхүү форумд бүс нутгийн залуу удирдагчид болон дэлхийн хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй шинжээчид, бодлого боловсруулагчид, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудын удирдагчид уригдан оролцсон юм.
Зүүн хойд Азийн бүс нутагт сүүлийн хэдэн арван жилийн турш харьцангуй энх тайван байдал тогтож, эдийн засаг хурдацтай хөгжин, интеграцчилагдаж ирсэн. Гэвч Украинд болж буй дайнаас шалтгаалан олон улсын харилцаанд харилцан итгэлцэл дутагдаж, шинэ сорилтууд гарч ирж, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн улам бүр нэмэгдсээр буй. Үүний улмаас Зүүн хойд Азийн бүс нутаг багагүй хүндрэлтэй асуудлуудтай тулгарч байгаа билээ. Эдгээрээс нэн тэргүүний, чухал асуудал бол аюулын сүүдэр нь хараахан арилаагүй байгаа COVID-19 болон Солонгосын хойгийн хурцадмал байдал юм.
Ялангуяа БНАСАУ-ын цөмийн асуудал Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдал, Солонгосын хойгт эвлэрлийн дэг журмыг сахиулах хамгийн том хүчин зүйл гэж үздэг. Солонгосын хойгийн цөмийн хямрал 30 гаруй жил үргэлжилж буй бөгөөд түүнийг шийдвэрлэх боломжгүй байгаа нь сонирхогч талуудын зөрүүтэй байр сууринаас үүдэлтэй.
Өмнөдийн үе үеийн засгийн газрын Умард Солонгостой харилцах бодлого өөрчлөгдөж ирсэн ч Солонгос хоорондын харилцааг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх тодорхой хүчин чармайлтууд гаргаж байсныг дурдах хэрэгтэй.
Солонгосын хойг умард, өмнөдөд хуваагдаад 70 гаруй жил өнгөрч, энэ хугацаанд эрх баригч намын бодлоготой уялдан БНСУ-аас БНАСАУ-ын талаар баримтлах бодлого ч өөрчлөгдсөөр ирсэн. Солонгосын хойгт энх тайван, эвлэрлийн механизм бий болгох, улмаар Зүүн хойд Ази болон дэлхийн энх тайвныг тогтворжуулах үүднээс Умард Солонгосын цөмийн асуудлыг яриа хэлэлцээний аргаар даруй шийдвэрлэх шаардлагатай байгаа ч Солонгосын хойгт нөлөөгөө бэхжүүлэх эрмэлзэлтэй их гүрнүүдийн ашиг сонирхол асуудлыг улам ээдрээтэй болгосоор ирсэн билээ.
Монголын форумд оролцогчдын төлөөллүүд News.mn сайтад Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдал, Солонгосын хойг, Солонгосын нэгдлийн талаар байр сууриа илэрхийлснийг хүргэе.
“МОНГОЛ УЛС ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ АРГААР ЭНХ ТАЙВАНЧААР ХАРИЛЦАХ ХАРИЛЦААГ БАРИМТАЛДАГ”
МУИС-ийн Олон улсын харилцааны нийтийн удирдлагын сургуулийн профессор Н.АЛТАНЦЭЦЭГ:
-Зүүн хойд Азийн орнуудын энх тайван, тогтвортой байдалд Монголын оролцоо чухал байгааг форумд оролцогчид онцолж байна. Энэ удаагийн форумын онцлог юунд оршиж байна вэ?
-Монгол Улс гадаад бодлогынхоо үзэл баримтлалд энх тайванч гадаад бодлогыг эрхэмлэнэ гээд заасан. Энэ зарчмын дагуу Монгол Улс Зүүн хойд Азидаа энх тайвныг эрхэмлэсэн орон. Яагаад вэ гэвэл, Зүүн хойд Азийн бусад орнууд газар нутгийн хувьд өөр хоорондоо газар нутгийн, түүхийн маргаантай байна. Ялангуяа Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаас болж Өмнөд Солонгос, Япон, Орос, Хятадтай ч асуудлууд байдаг учраас Монгол Улс энэ бүс нутагтаа энх тайвныг эрхэмлэсэн улс гэдгээрээ онцгой. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш “Монгол Улс бүс нутагтаа энхийг эрхэмлэсэн орон” гэж зүгээр ч нэг хэлсэн юм биш. Монгол Улсын энх тайванч гадаад бодлого дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Манай улсад энэ олон орны судлаач, улс төрчид, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд цуглаж, асуудлыг ярилцаж байгаа нь Монгол Улсын онцлог юм даа.
Яагаад Монгол Улсыг сонгоод байдаг вэ гэвэл нэгд, Монголын газар зүйн байршил өвөрмөц. Хоёрдугаарт, Монгол Улс юугаараа олон улсын анхаарлыг татаад байна вэ гэвэл Хойд, Өмнөд хоёр Солонгостой хоёулантай нь найрамдалт харилцаатай. Хойд Солонгостой манай улс 1948 онд дипломат харилцаа тогтоосон. ЗХУ-ын дараа БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс гэдгээрээ нэг онцлог. Хойд Солонгостой харилцаа муудсан асуудал байгаагүй. Солонгосын дайны үед БНМАУ-аас БНАСАУ-д сууж байсан төрийн зүтгэлтэн Самбуу “Хойд Солонгосыг хаяж явахгүй” гээд ганцаараа үлдсэн байх жишээтэй. Тэгэхээр хүйтэн дайны үед ч одоо ч Монгол Улс аль болохоор энхийг эрхэмлэсэн, аль болохоор яриа хэлэлцээний аргаар энх тайванчаар харилцах харилцааг баримталж байдгаараа онцлог.
-Долоо дахь жилдээ асуудлыг ярилцаж, хэлэлцэж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн яриа хэлэлцээний үр дүнд ахиц дэвшил гарч байна уу?
-Зүүн хойд Азийн бүс нутаг дэлхийн халуун цэгт тооцогддог. Халуун цэгийн ээдрээт асуудлыг нэгдүгээрт, яриа хэлэлцээний замаар шийдэх ёстой юм. Харилцан бие биенээ ойлголцож, харилцан үзэл санаагаа солилцож байж бид энэ асуудлыг шийднэ гэсэн түвшинд яриа хэлэлцээний форум яваад байгаа юм. Энэ бол бас тийм амар шийдэгдэхгүй. Яагаад вэ гэвэл, энэ бүс нутагт хоёр Солонгосын нэгдлийн асуудлыг хэдийгээр ярилцаж байгаа боловч АНУ, БНХАУ, ОХУ гээд том гүрнүүдийн ашиг сонирхол анхнаасаа байсан, одоо ч байсаар байна. Орос Украин, Хятад Тайванийн асуудал үүслээ. Энэ форумын үр дүнд бид яг ийм юм хийчихлээ гэж хэлэхэд арай эрт байна. Дэлхийн байдал ч бас хурцадсаар байна.
"ХОЙД СОЛОНГОС ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД АНХААРЧ БУЙД МАШ ИХ ХАРАМСАЖ БАЙНА"
БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн МЁН СУ ЛИ:
-Хоёр Солонгосын нэгдэлд тушаа болж, сэтгэл түгшээж буй ямар асуудал байна вэ?
-Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн энх тайван, аюулгүй байдалд Өмнөд Солонгос, Хойд Солонгос маш чухал гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа байх аа. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгос, Хойд Солонгос хүйтэн дайны системтэй холбоотой хэвээр байгаа нь маш харамсалтай бөгөөд сэтгэл түгшээж байна.
Эрх чөлөө, хүний эрхийн үнэт зүйлсийн хувьд Өмнөд Солонгос, Хойд Солонгос тэс өөр чиглэл рүү явж байна. Энэ эдийн засаг, иргэдийн амьдрал гэх мэт хүний эрхийн хувьд хоёр Солонгосын хооронд юутай ч зүйрлэшгүй ялгаа бий. Гэсэн хэдий ч Хойд Солонгос зөвхөн цэргийн сахилга бат, тэр дундаа цөмийн зэвсгийг өргөжүүлэх тал дээр анхаарч байгаад маш их харамсаж байна. Энэ нь зөвхөн манай БНСУ-д төдийгүй Зүүн хойд Азийн дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үйлсэд маш том саад болж байна. Одоо Солонгосын хойгт энх тайвны төлөө яриа хэлэлцээ хийж, АНУ, Япон, Хятад, Орос, Монгол зэрэг бусад оронтой хамтын ажиллагааны олон улсын хүрээнд ирж, ярилцаж, тунгаан бодохын тулд Өмнөд болон Хойд Солонгос хамтран ажиллах ёстой гэж би бодож байна. эдгээр зүйлсийн талаар.
-Дэлхийн энх тайван, Солонгосын хойгийн энх тайван, Зүүн хойд Азийн энх тайван байдлын төлөө хоёр Солонгос яриа хэлэлцээ хийх боломж хэр нээлттэй гэж та бодож байна вэ?
-Хойд Солонгос цөмийн зэвсгийн хэрэглээг хуульчилж, зэвсэгт өрсөлдөөнөө эрчимжүүлж байна. БНСУ-ын засгийн газар энхийн замаар нэгдэх, тэр дундаа цөмийн зэвсгээс ангижруулах бодлогоо өөрчлөөгүй. Саяхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч нар ч ийм бодлогыг дэмжиж буйгаа мэдэгдсэн. Одоогоор хоёр Солонгосын шууд яриа хэлэлцээ гацсан хэвээр байна. Энэ удаад Юн Сук Ёлын засгийн газар зоригтой төлөвлөгөө гаргаж, янз бүрийн хүчин чармайлт гаргаж байна. Энэ бол энэ улс төрийн үзэл суртлаас, өөрөөс нь давсан зүйл. Бид яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг эхлүүлэх, хувийн хэвшил болон хөрш орнуудын ашиг сонирхлыг хослуулах замаар яаралтай яриа хэлэлцээний сувгийг баталгаажуулахын тулд чадах бүхнээ хийх болно.
-Энэ удаа "Монголын форум"-ыг Зүүн хойд Азийн энх тайван, хөгжил, Солонгосыг нэгтгэхийн төлөө тусгайлан зохион байгуулж байна. Бид хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой гэж та бодож байна вэ?
-Бид энд Монголчуудын чуулга уулзалтад оролцож, чухал асуудлаар ярилцаж байна. АНУ, Япон, Хятад, Орос зэрэг олон орны эрдэмтэд, мэргэжилтнүүд, улс төрийн удирдагчид оролцож байна. Хоёр Солонгосын хооронд үүссэн асуудлыг шийдвэрлэх түлхүүрийг атгаж буй улс орнууд энд байгаа тул бидний танилцуулж, ярилцаж байгаа зүйл нь хоёр Солонгост яриа хэлэлцээ, энхийн хамтын ажиллагаа, Зүүн хойд Азийн энх тайван байдлыг хангах сайхан боломж бий болгоно гэж найдаж байна. Бид ч мөн ийм хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байх болно.
"ХОЁР СОЛОНГОС БИЕ БИЕНЭЭ НЭЛЭЭН ОЙЛГОЛЦОХ ОРЧИН НЬ ГАНЦХАН МОНГОЛ УЛС"
Солонгос судлалын төвийн захирал, доктор Б.ЛХАГВАА:
-Өнөөдрийн яриа, хэлэлцээний гол анхаарал ямар асуудалд төвлөрч байна вэ?
-Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал бий болгох асуудал. Хамгийн тогтворгүй байгаа бүс нутаг. Аюулгүй байдлын олон талт механизм байхгүй байна. Энэ нь улс орнууд идэвхгүй байдал гаргаснаас биш юм. Олон талт механизм гэвэл бүс нутгийн, түүнтэй холбогдох олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн гэрээ хэлэлцээ, механизмыг зарлах ёстой, мөрдөх ёстой. Олон жил яригдсан уу гэвэл яригдсан, ерөөсөө хэрэгждэггүй. Зүүн өмнөд Азид АСЕАН нэлээн идэвхтэй уулзалдаж байна. Эдийн засгийн хувьд хамтын ажиллагаа нь зохих түвшинд явж байна. Ганцхан аюулгүй байдлын асуудал хамгийн хоцронгуй явж байгаа дээр нэгдсэн механизм бүрдүүлж чаддаггүй. Шалтгаан нь бүс нутгуудын хоорондын болон хоёр талын харилцаа. Зүүн хойд Ази гэхээр их гүрнүүд нэлээн голлодог. Хятад, Орос, АНУ-ын оролцоо, анхаарал байна. Энэ их гүрнүүдийн Зүүн хойд Азийн чиглэлээрх стратегийн ашиг сонирхол нь өөр өөр. Нэгдүгээрт, энэ саад болж байна. Үүнийг хэрхэн гэтлэн давах вэ? Хоёрт, энэ бүс нутгийн орнуудын хоёр талын харилцаа санасан хэмжээнд орж чадаагүй. Түүхэн харилцааны асуудал дандаа сөхөгддөг. Хятад, Японы хооронд газар нутгийн маргаан, Няньжиний асуудлаас эхлээд томоохон асуудлууд. Тухайлбал, сурах бичгийн гээд түүхийн асуудлууд нь хараахан шийдэгдэж чадаагүй. Гуравдугаарт, хоёр Солонгос Японы хоорондын харилцаа, хоёр Солонгосын хоорондын харилцаа, Оросын бодлого, байр суурь. Энэ дотор хамгийн дундаж, бие биенээ нэлээн ойлголцох орчин нь ганцхан Монгол Улс. Үүнийг бид давуу талаа гэж үздэг л дээ.
Зүүн хойд Азийн орнуудтайгаа найрсаг харилцаатай, ямар нэгэн хурцхан асуудалгүй, жигд харилцаатай явж байгаа нь Монгол.
Улаанбаатарын диалогтой сэдэв, чиглэл, зорилго ижил. Энэ үед нэгдүгээр суваг Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа. Хоёрдугаар суваг, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа. Энэ хоёр параллель нэг шугамд явж байж л зохих амжилтад хүрнэ. Энэ удаа бүх орны төрийн бус байгууллагуудын төлөөлөл энд оролцож байна. Төр, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа параллель явагдвал тодорхой ахиц гарч магадгүй. Ерөөсөө тохиромжтой газар нутаг бол Монгол юм гээд Улаанбаатарын яриа хэлэлцээ, нөгөөх нь Монголын форум болж байна.
Зарим асуудал нэлээн хурц хөндөгдөж байна. Судлаачид, төрийн бус байгууллагуудын төлөөлөл байгаа учраас нэлээн илэн далангүй ярьж байна. Ирэх гурван жилийн хувьд ч Монголд яриа хэлэлцээ үргэлжлэх юм шиг байна. Мөн Солонгосын хойгийн асуудал яригдаж байна. Пёньяны цөмийн зэвсгээр хөөцөлдөх байдлыг зогсоох, цөмийн зэвсэггүй бүс болгох. Умард, Өмнөд Солонгос 1945 онд механикаар хуваагдсан. Энэ хуваагдлыг арилгаж, нэгтгэвэл нэгдсэн Солонгос улс бүс нутагт ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдэг талаар тодорхой асуудал болгон ярьж байна. Зарим судлаач “Хоёр Солонгос нэгдвэл дэлхийн хэмжээнд бие биенийхээ давуу талаар, хөгжлөөрөө нөхөөд эхний тавд орох байх аа” гэсэн байр суурь хэлж байна. Хуваагдмал байснаас нэгдсэн нь хавьгүй дээр юм байна, эдийн засгийн асуудал тогтворжих юм байна, бүс нутгийн хамтын ажиллагаа, хамтын засаглалыг урагшлуулахад энэ хойг өөрийнхөө үүргийг жинхэнэ бодитоор биелүүлж чадна гэж ярьж байна.
-Дэлхийн хэвлэлүүдийн мэдээллээс харахад Хойд Солонгос нэгдлийг хүсэхгүй байна уу гэсэн ойлголт төрүүлж байна. Тэд ер нь ямар бодол санаа илэрхийлдэг юм бол?
-Хойд Солонгос өнөөгийн түвшинд яг бэлэн биш байна. Өөрийнхөө системийг, засаглалаа хадгалах, аюулгүй байдлаа бэхжүүлэх чиглэл рүү л анхаарч байна. Хойд Солонгосын талын өнцгөөр авч үзвэл аль ч улс орон аюулгүй байдлынхаа асуудалд анхаарах ёстой. Ганцхан арга хэрэгсэл нь ямар байна вэ гэдэг асуудал бий.
ТӨВИЙГ САХИСАН, ТЭНЦВЭРТЭЙ БОДЛОГО БАРЬСНААР МОНГОЛЫН БАЙР СУУРЬ БЭХЖИЖ БАЙНА
“One Korea” байгууллагын үүсгэн байгуулагч ЖАЙ ПУН РЮ:
-Манай “One Korea” байгууллага байгуулагдаад 10-аад жил болж байна. 2016 оноос эхлээд олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтран олон улсын хурал зохион байгуулж байна. Бид Covid-ийн өмнө энд олон улсын хурал зохион байгуулж байсан. Гурван жилийн дараа өнөөдөр хурлаа хийж байна. Өмнө нь Солонгосын нэгдлийн асуудал их хол юм шиг санагддаг байсан. Одоо нэлээн ойртож байгаа гэж зарим хүмүүст ойлгогддог болсон. Солонгосын нэгдлийн асуудал бол Солонгосын асуудлыг шийдвэрлэх эцсийн хамгийн оновчтой гарц, арга зам мөн. Энэ Лхагваа Монгол Улсын анхны ерөнхийлөгч Очирбатын хамт Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форум гэдгийг байгуулж байсан. Эхлээд бид гайхаж байсан. Ийм төрийн бус байгууллага Монголд байгуулж болдог юм уу гэж. Монголыг яагаад сонгоод байна вэ гэвэл Солонгосын хоёр талтай хоёулантай нь дипломат харилцаатай. Хоёрдугаарт, Монгол Улсын гадаад бодлого, харилцаа нэлээн төв цэгтэй. Сүүлийн үед танай улсад хийж буй гадаадын томчуудын айлчлал, танай улсын төрийн тэргүүнүүдийн гадагшаа хйиж буй айлчлалуудаас харвал нэлээн төвийг сахисан, тэнцвэртэй бодлого барьж, Монголын байр суурь нэлээн бэхжиж эхэлж байгаа юм биш үү. Маргааш хурлын ажиллагаа дуусна, бидэнд ярилцах зүйл нэлээн их байна. Цаашдаа Монгол Улс Солонгосын нэгдлийн асуудалд илүү чухал үүрэг гүйцэтгэх ямар боломж байна вэ гэдгийг хайж, гаргаж ирэх бидний үүрэг.
Өчигдөр танайхантай бас ярьсан. 1990-ээд он, хүйтэн дайны төгсгөл хүртэл Өмнөд Солонгос СОлонгосын нэгдлийн тухай маш их ярьдаг байсан. Бүх түвшинд дээд хэмжээнд хүртэл санаачлага нэлээн гаргадаг байсан. 1990-ээд оэноос хойш эсрэгээрээ болсон. Одоо Солонгосын нэгдлйн талаар нэлээн хойрго байр суурь илэрхийлж байна. Яагаад гэвэл өнөөдөртөө тэдэнд засаглал хэрэгтэй байна, засаглалын аюулгүй байдал хэрэгтэй байна. систем хэрэгтэй бас эдийн засгийн бэрхшээл их байна. Тийм учраас нэгдлийн тухай ярихгүй байна. Эсрэгээрээ одоо нэгдлийн тухай ярьж санаачлагыг гартаа авч байна.
-Нэгдлийн хугацаа хэр хол байна гэж та бодож байна вэ?
-Хэн ч урьдчилж тааж хэлж чадахгүй. Гэхдээ Герман шиг ч юм уу уусч нэгдэх вий дээ. Нийгэм Герман шиг болчих вий гэдгээс маш их болгоомжилж байх шиг байна. Эрх барьж буй хүмүүс тэгж бодохоос өөр арга байхгүй. Яагаад гэвэл 70 жилийн түүхтэй засгийн газар. Өвөө, аав, одоо. Тэдний хувьд үнэхээр хэцүү цаг үе байна. Яагаад вэ гэвэл социалист систем гэж байхгүй болсон. Дэмжлэг туслалцаа авдаг системийн хэмжээний туслалцаа дэмжлэг байхгүй болсон. Хятад, Орос асуудалтай. Тэгэхээр эдийн засаг үнэхээр хүнд байна. Хоёрдугаарт, өөрийгөө нээж чадахгүй байна. Тийм учраас нэгдлийн тухай ярих тэдэнд одоо тааламжтай биш байна. Умард Солонгос үнэхээр нэгдье гэсэн чин сэтгэл, хүсэл бий болсон цагт л нэгдэнэ. Одоохондоо бол биелэхгүй ч ард түмэн бол нэгдэхийг хүсч байна. Солонгос нэгдье гэвэл чөлөөт байдлаар, ардчилсан зарчмаар нэгдэх ёстой.
Холбоотой мэдээ