"Аялал жуулчлалын стратегиа тодорхойлох шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

"Аялал жуулчлалын стратегиа тодорхойлох шаардлагатай"

"Аялал жуулчлалын стратегиа тодорхойлох шаардлагатай"

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачлан жил бүрийн есдүгээр сарын 27-ныг "Дэлхийн аялал жуулчлалын өдөр" болгон тэмдэглэдэг. Монгол Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болж, 2007 оноос хойш жил бүр тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгтэй хамтран өнөөдөр /2022.09.27/ Д.Сүхбаатарын талбайд аялал жуулчлалын үзэсгэлэнг нээлээ.

Энэ үеэр НАЖГ-аас мэдээллийн төвөөрөө дамжуулан зохион байгуулдаг үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн мэдээ мэдээллийг иргэдэд хүргэхийн зэрэгцээ зочлох үйлчилгээний танилцуулга, аяллын зөвлөмж, салбарын хүний нөөцийг бэлтгэж буй их, дээд сургуулиудын талаар мэдээлэл өгөв.

Манай улс 2019 онд гадаадын 500 мянга гаруй жуулчин хүлээн авч байснаар дотоодын эдийн засагт 670 орчим сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн орлого оруулжээ.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ИРГЭН, ААН-ҮҮДДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:

– "Дэлхийн аялал жуулчлалын өдөр"-өөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгөөр аялал жуулчлалын чиглэлээр сургалт зохион байгуулдаг сургуулиудын шилдэг оюутнуудад тэтгэлэг олгож байна. Ялангуяа аялал жуулчлалын салбар мэргэжлийн байх ёстой. Харин мэргэжлийн бус зүйлийг халах ёстой гэж үзэж байна. Тэр ч утгаараа Монголын аялал жуулчлалын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан цогц олон арга хэмжээ зохион байгуулж байна.

Аялал жуулчлалын чиглэлээр Монгол Улсад тодорхой хэмжээний дэвшил гарах цаг хугацаа болсон. Тиймээс ч Монгол Улсад аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх байгаль орчин, аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг сурталчлах цахим платформтой боллоо. Мөн амралт, аялал жуулчлал тусдаа байх ёстой. Тийм учраас аялал жуулчлал нэрээр амралтын газар ажиллуулдаг газруудыг зааглах ёстой. Харин аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн хийнэ.

Монгол Улсад бүх төрлийн аялал жуулчлал хөгжих боломжтой. Гол нь аялал жуулчлалын стратегиа тодорхойлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ боловсруулах шаардлагатай байна. Мөн өвлийн аялал жуулчлалд зориулсан хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.

"АНХНЫ ТЭТГЭЛГИЙГ АВСАНДАА БАЯРТАЙ БАЙНА"

МУБИС-ийн Спорт, аялал жуулчлалын гуравдугаар түвшний оюутан Б.МӨНХГЭРЭЛ:

– Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан тэтгэлгийг авсандаа маш их баяртай байна. Энэхүү тэтгэлэг нь яамнаас зарласан анхны тэтгэлэг учраас өөрийгөө сориод үзье гэж шийдээд, анкетаа өгсөн. Тэтгэлэг авсан 10 хүүхдийн нэг болсондоо сэтгэгдэл өндөр байна. Спорт, аялал жуулчлалын чиглэлээр Монголд анх удаа мэргэжилтэн бэлтгэж байгаа сургууль бол МУБИС юм. Миний хувьд спорт, аялал жуулчлалын чиглэл Монголд өндөр хөгжих боломжтой гэж харсан учраас энэхүү мэргэжлийг сонгосон.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж