Монгол Улсын Сангийн яамнаас нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын баримт бүртгэлтэй холбоотой сурталчилгааны видеог өчигдөр /2022.09.26/ цахим хуудастаа нийтэлсэн. Энэхүү сурталчилгааны агуулгатай бичлэг нь хүнийг эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхсан, ёс зүйн зөрчилтэй болохыг олон хүн шүүмжилсэн юм.
Өнөөдөр тус контентыг Сангийн яам цахим хуудсаасаа хариу тайлбаргүйгээр устгасан байна.
Иргэд "Яам бусдыг гутаан доромжлох агуулга бүхий нийтлэлдээ залруулга өгөхгүйгээр устгасан нь буруу" гэв. Энэ талаар тус яамнаас ямар нэгэн тайлбар өгсөнгүй. Бичлэгийн тухайд НӨАТ-ын баримтын сугалааг ирэх аравдугаар сараас дахин явуулж эхлэхтэй холбогдуулан иргэдийн баримт бүртгүүлэх идэвхийг нэмэгдүүлэх зорилготой байсан аж.
Гэсэн ч ялгаварлан гадуурхах, төрийн албан хаагчийг дорд үзэх өнгө аяс байсан тул Сангийн яамнаас уг видеог даруй устгасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 2-т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэж заасан билээ.
Холбоотой мэдээ