Багш бэлтгэх үндэсний хөтөлбөр өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Багш бэлтгэх үндэсний хөтөлбөр өндөрлөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэг дор зохион байгуулагдсан “Өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж өндөрлөлөө. Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийг төлөөлж, Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх Р.Болд оролцож үг хэллээ. Тэрбээр “Сайн байцгаана уу? Хүүхдүүдээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх хөтөлбөрт шалгарсан та бүхэнд халуун баяр хүргэе.

Өв соёл, ёс заншлаа уламжлан дэлгэрүүлж, эх орныхоо сайн нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж чадах үндэсний сэтгэлгээтэй өсвөрийн сурагчдыг бэлтгэх шинэлэг бөгөөд агуу зорилтыг та бүхэн өмнөө тавьжээ.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж Монголын хойч үеийнхний төлөө анхаарал халамж тавьж байгаа байгууллага хамт олонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Энэ зун хүүхдүүд та бүхний хувьд үр дүнтэй, сонирхолтой, ихийг суралцаж бүтээсэн, өөрөө өөрийгөө өөрчилж чадсан мартагдашгүй зун болж чадсан гэдэгт итгэлтэй байна.

Хөтөлбөрт хамрагдахын тулд гадаадад аялахаар явах байсан гэр бүлийнхэн хүүхдийнхээ төлөө аяллаасаа татгалзаж, хөдөө амрах байсан сурагчид төлөвлөгөөгөө өөрчлөн энэхүү хөтөлбөрт ирж байсан талаар би дуулсан. Ингэж сургагч багш болохын төлөө зорилго тавин өөрийгөө зөвхөн хүүхдэд биш, бас бусдад туслагч юм гэдгээ мэдэрсэн хүүхдүүд та бүхнээр бид бахархаж байна.
1998 оны Бангокын тунхаглалд “Хүүхдийн Сайн сайхны төлөө хөрөнгө оруулах нь улс үндэстний ирээдүйн хөгжлийг хангах хамгийн шилдэг арга зам болох бөгөөд эрүүл бие, боловсролтой, үр бүтээлтэй, ухамсартай иргэд улс үндэстний үнэмлэхүй баялаг мөн” гэж дүгнэсэн байдгийг энд хэлэх нь зүйтэй. Нэг  үгээр хэлбэл, үндэсний баялаг бүтээхэд чиний ч хувь нэмэр бас оролцож байна гэдгийг дүгнэн хэлэхэд таатай байна.

Өсвөрийн сургагч багш болж эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд бодитой хувь нэмэр оруулахын төлөө нэгдэж олон мянган сурагчдыг зорьсон зорилготой, хүсэл мөрөөдөлтэй үнэнч, эх оронч, зөв хүмүүжилтэй иргэн болгох нь энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бид бүхний хамтын ажиллагааны эрхэм үүрэг мөн.

Төр ард түмнийхээ өөдрөг сэтгэлийг тэжээн тэтгэгч сурагчид та бүхний золбоот ирээдүй улам бадарч Монголын маргааш улам тунгалаг, гэрэл гэгээтэй байх болтугай.

Өсвөрийн 333 сургагч багш та бүхэнтэйгээ үргэлж ойр байж, дэмжин ажиллах болно” гэжээ.

Уг үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид, Монголын сурагчдын холбоо болон хөтөлбөрт хамрагдсан сурагчид баярласнаа илэрхийлээд талархалын бичиг гардуулсныг Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд хүлээн авлаа хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж