Дулааны улирал дуусахаас өмнө бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа цементийг саадгүй шуурхай тээвэрлэх ажлыг УБТЗ цаг хугацаатай уралдан зохион байгуулж байна.
Өнгөрсөн долоо хоногт үндэсний цементийн үйлдвэрүүдийн захиалсан вагоныг бүрэн дүүрэн хангаж тээвэрлэсэн байна.
“МАК” ХХК 81 битүү вагон захиалж, УБТЗ 93 вагоны хангалт хийж, 79 битүү вагонд 5214 тн цемент ачжээ. Мөн хоппер вагон 238-ийг захиалж, 259 вагоны хангалт хийж, 240 хоппер вагонд 17520 тн цемент ачсан байна. Тус компани нийт 319 вагонд 22734 тонн цемент ачжээ.
“Монцемент” ХХК 204 хагас вагон захиалж, 214 хагас вагоны хангалт хийж 154 хагас вагонд 10164 тонн клингер ачжээ. Мөн 13 битүү вагон захиалж, 20 вагоны хангалт хийж, 13 битүү вагонд 858 тонн цемент ачсан.
Тэрчлэн Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа импортын цементийн тээвэрлэлтийг хийх бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ ажлын хүрээнд урьдчилсан байдлаар 200 хагас вагон цементийг БНХАУ-ын Эрээн өртөөнөөс өргөн царигаар хүлээн авах бэлтгэл ажил хийгдэж байна. БНХАУ-ын Эрээн өртөөнөөс “Сайн сайхан хөгжил” ХХК 100 хагас вагон, “Хан транс” ХХК, “Аз агар” ХХК-иуд тус бүр 50 хагас вагон цемент тээвэрлэх хүсэлтийг УБТЗ-д ирүүлсний дагуу Эрээн өртөөнд буулгалтаас суларсан вагонуудад импортын цементийн ачилт хийн буцааж Замын-Үүд өртөөгөөр хүлээн авч Дархан, Баруунхараа өртөө хүртэл тээвэрлэхээр төлөвлөж, Хөх хотын төмөр замд ачилт хийлгэх хүсэлтээ хүргүүлээд байна.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН
Холбоотой мэдээ