Дулааны улирал дуусч, ханиад томуугийн улирал эхэлж буй. Цар тахлын халдварын тархалт өндөр байгаагийн зэрэгцээ хүйтэн сэрүүний улиралд ханиад томуугийн өвчлөл ихэсч байна. Иргэдийн дунд Covid-19-ийн эсрэг вакцинтай иргэд томуугийн эсрэг дархлаажуулалт хийлгэх шаардлагагүй гэсэн мэдээлэл гарч буй юм. Томуугийн эсрэг вакцины мэдээлэлтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албанаас тодрууллаа.
-Томуугийн вакциныг хийж эхлэх тохиромжтой хугацаа гэж бий юу. Хэзээнээс тус сайн дурын дархлаажуулалт эхэлдэг вэ?
-Томуугийн вирус хүйтэн, чийгшил багатай агаарт удаан хугацаагаар амьдардаг онцлогтой. Улирлын томуу нь жил бүрийн 10-3 дугаар сар хүртэл үргэлжилдэг. Аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт байдаг. Вакцин хийлгэж дархлаа тогтсоноор халдвараас бүрэн хамгаалахгүй ч урьдчилан сэргийлж, өвдсөн тохиолдолд хөнгөн өвдөнө гэсэн үг. Томуугийн вакцины хувьд есдүгээр сард нийлүүлэлт хийгдэж, төлөвлөгөөний дагуу хийдэг.
Иргэд сайн дурын үндсэн дээр тус дархлаажуулалтад хамрагддаг учир заавал тэдний өдөр очиж вакцин хийлгээрэй гэсэн заалт байхгүй.
Мэдээж хүн бүр томуугийн эсрэг вакцин хийлгэх шаардлагагүй.
-Өнгөрсөн жилүүдэд томуугийн эсрэг вакциныг хэчнээн төгрөгөөр хийж байсан бэ. Цаашид энэ вакциныг үнэ төлбөргүй хийх боломжтой юу?
-Сайн дураар хийлгэж байгаа иргэд 15 мянга хүртэлх төгрөг төлж, томуугийн вакцин хийлгэнэ. Сайн дурын дархлаажуулалт учраас хүүхэд, өндөр настай иргэд зэрэг зорилтот бүлгийн иргэд үнэ төлбөргүй дархлаажуулалтад хамрагддаг. Дархлаажуулалтад зайлшгүй хамрагдах шаардлагатай бүлгийн тэргүүн эгнээнд бага насны хүүхдүүд, ахмадууд, жирэмсэн эмэгтэйчүүд, хүнд архаг өвчин эмгэгтэй хүмүүс, эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулдаг.
Вакцины татан авалт болон хийж эхлэх төлөвлөгөөт хугацааны хувьд Эрүүл мэндийн яамнаас зохицуулалт хийж ажилладаг.
Covid-19-өөр өвдөөд эдгэрсэн хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдаж болохгүй гэсэн заалт байхгүй. Хориглох заалттай хүмүүсийн тухайд заавал томуугийн эсрэг вакцин хийлгэх ёсгүй. Тиймээс цар тахлын халдварын тархалт буураагүй энэ үед халдварын эсрэг вакциндаа тухай бүрд нь хамрагдсанаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
-Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан хүн томуугийн дархлаажуулалтад заавал хамрагдах уу?
-Томуугийн вакциныг зорилтот бүлэгт хийдэг учраас заавал гэж ойлгож болохгүй. Иргэд хүсвэл сайн дурын үндсэн дээр хийлгэнэ. Хэрэв ямар нэгэн архаг хууч өвчтэй, хариу урвал хүчтэй илэрдэг бол томуугийн вакцин хийлгэхийг зөвлөхгүй. Тухайн үед заалтыг харгалзаж байгаад хийх эсэхийг шийднэ.
Covid-19-өөр өвдсөн байна, вакцины бүрэн тунд хамрагдчихсан байна гээд томуугийн дархлаажуулалтад хамрагдахаар ирсэн хүнийг явуулах боломжгүй.
-Ямар шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс томуугийн вакцин хийлгэж болохгүй вэ?
-Томуугийн вакцин хийлгэсний дараа олдмол дархлаа хамгийн багадаа 14 хоногт үүснэ. Ханиад бүрэн эдгээгүй, халуурсан, ханиалгасан, нус гоожсон зэрэг шинж тэмдэг илэрсэн үед, бусад товлолт вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаа өнгөрөөгүй бол дархлаажуулалтад хамрагдахгүй заалттай байдаг. Мөн өмнө нь томуугаас сэргийлэх тарилгын үед хэт мэдрэгшлийн хариу урвал илэрч байсан, өндөг, тахианы мах болон тахианы бусад бүтээгдэхүүнд хэт мэдрэг хүмүүс, тарилга хийлгэхээс өмнө нэг жилийн дотор булчин татах өвчнөөр өвчилсөн хүмүүс хийлгэхийг зөвлөхгүй.
Тухайн цэг дээр очоод иргэд асуумж судалгаа бөглөж байж вакцин хийлгэх учир хориглох заалттай хүмүүс хамрагдахгүй гэж ойлгож болно.
Ханиад томуугийн улирал эхэлж байгааг харгалзаж, татан авалтыг аль болох яаралтай хугацаанд хийхийг яамны зүгээс болон Эрүүл мэндийн газраас илэрхийлсэн. Үүний дагуу сайн дурын дархлаажуулалт явагдаж байна.