"Ул гэсэн яамны ажилтнуудыг шалгах ажлыг эхлүүлж байна"

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

"Ул гэсэн яамны ажилтнуудыг шалгах ажлыг эхлүүлж байна"

"Ул гэсэн яамны ажилтнуудыг шалгах ажлыг эхлүүлж байна"

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.09.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 


ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл дундаа гаргасан алдааг Монголын ард түмэн шүүмжиллээ. Хоёр өдрийн туршид Монголын ард түмэн сайдын хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан ихээхэн шүүмжлэлийг Засгийн газар, салбар эрхэлсэн сайдад ирүүлж байна. Үүнтэй холбогдуулж Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэддээ бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл сайд Үндсэн хуулийн тодорхой зүйл заалт зөрчсөн үйлдлийг гаргасан. Тухайлбал, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Хүнийг үндэс угсаа, хэл, арсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал шашин шүтлэг үзэл бодол боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг.

Мөн 19 дүгээр зүйл “төр хүний эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцдаг” заалт байдаг. Эдгээр заалтыг Засгийн газрын гишүүн, улс төрийн албан тушаалтан гаргасан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дараах захирамжийг гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж “Монгол Улсын сайдыг огцруулах тухай. Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1 дахь хэсэг, хоёр дахь заалтыг үндэслэн Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайдын албан тушаалаас огцруулсугай” хэмээн тушаал гаргалаа. Үүнтэй холбогдуулж, УИХ, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх бичгийг Засгийн газраас хүргүүлдэг. Огцруулах ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.

Д.Сарангэрэл сайдын албыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан түр хугацаанд хавсран ажиллах юм байна. Мөн "ул" гэж тодорхойлсон яамны ажилтнуудыг шалгах ажлыг ч өнөөдрөөс эхлүүлж байгааг ЗГХЭГ-ын дарга онцлов.

Тэрбээр "Салбарын сайд Д.Сарангэрэл ёс зүйн алдаа гаргаснаа ухамсарлаж, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ мөн өгсөн болохыг дурдъя. Та бүхний мэдэж буйгаар Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн гаргасан үг үйлдэл Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдсөн, Засгийн газрын баримтлан ажиллаж буй бодлого зарчмын эсрэг болсон хэмээн Засгийн газраас чөлөөлөх чиглэл өгч, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тушаал гаргаж ажлаас чөлөөлж байсан.

Д.Сарангэрэл сайдын тухайд ажлаа аваад удаагүй байгаа хэдий ч болгоомжгүй, үгийн алдаа хийж, ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж байна. Нөгөө талаар Ерөнхий сайд МАН-ын даргын албан тушаалыг хашдаг. МАН-ын даргын хувьд МАН-ыг төлөөлж, Засгийн газрыг төлөөлж буй сонгуульт албан тушаалтантай хариуцлага ёс зүйн гэрээ хийж хамтарч ажилладаг. Энэхүү гэрээг энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр сайд нар албан ёсоор томилогдсон өдөр үзэглэсэн. Түүний дагуу улс төрийн хариуцлагын асуудал хөндөгдөж шийдэгдсэн. Д.Сарангэрэл сайдыг чөлөөлсөн тул дараагийн сайд томилогдох хүртэл ХНХ-ын сайдын ажлыг ЗГХЭГ-ын дарга хариуцан ажиллана.

"ЯАМАНД ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ШАЛГАЛТ ОРУУЛНА"

-Д.Сарангэрэл сайд өргөдлөө өөрөө өгсөн үү. Дараагийн сайдыг хэзээ томилох вэ?

-Засгийн газар Монголын ард түмний өмнө Үндсэн хуулийг хүчин төгөлдөр хэрэгжүүлж хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд төрийн бүх шатны албан тушаалтанд хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлооход идэвхийлэн оролцох үүрэг чиглэл өгч буй. Аливаа төрийн албан тушаалтан, төрийн хариуцлагатай ажил эрхэлж буй албан тушаалтнууд хүний эрхийн асуудалд ул суурьтай хандаж, хүний эрхийг дээдэлсэн, хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлооход анхаарч, хариуцлагатай хандаж байхыг энэхүү үйлдэл тодорхой харуулж байгааг сануулан хэлье. Д.Сарангэрэл сайдын тухайд Үндсэн хуулийн зөрчилтэй ёс зүйн алдаа гаргаснаа гүнээ ухамсарлаж, үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ давхар гаргасан гэдгийг албан ёсоор хэлье.

Д.Сарангэрэл сайдын хувьд “манай яамныхан” гэж дурдсан нь яаманд өнөөдрөөс эхлэн миний бие шалгалт оруулна. Ард иргэд нийгмийн давхаргыг ангилж байгаа байдал болон бусад зүйлд хяналт шалгалт хийгээд, эргээд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэд олон нийтэд мэдээлнэ.

-Нэн ядуу 1520 өрхийг бодлогоор дэмжих асуудлын талаар та юу хэлэх вэ?

-Өнөөгийн Монголын нийгэмд үүссэн нөхцөлийг Монголын ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн ойлгож буй. Цар тахал, ОХУ-Украины дайны нөлөөлөл, урт удаан хугацаанд эдийн засгийн тогтвортой бодлогыг бүрэн барьж ажиллаж чадаагүйн улмаас эдийн засаг амаргүй байна. Өнөөдөр Монголын ард түмэн халамж хавтгайрсан, хөдөлмөр эрхлэлт хомс болсон цаг үед ажиллаж, амьдарч байна гэж дүгнэж буй. Уг алдаа дутагдлыг засч, халамжийн хавтгайрсан бодлогыг хумих зорилгоор 2020 оны МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын хөтөлбөрт “Халамжаас хөдөлмөрт” шилжих бодлого барьж буй. Ер нь халамжийн бодлогыг оновчтой болгох, дэмжлэг шаардлагатай иргэддээ бодитой дэмжлэг үзүүлж чаддаг бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон нь тод харагдаж байна. Хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудал халамжийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр бий болсныг бизнес эрхлэгчид, олон нийт судалгааны байгууллагын түвшинд дүгнэдэг. Нөгөө талдаа ажил олгогчдын дундаж цалин зэрэг амьдралын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахгүй байгаа талаарх мэдээлэл бий. Засгийн газар, ХНХЯ эдгээр бодлогыг ул суурьтай судалж, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлого хөтөлбөр гаргах зайлшгүй шаардлага үүссэн.

Д.САРАНГЭРЭЛ ГУРВАН УДАА САЙДААР АЖИЛЛАВ

Д.Сарангэрэлийн хувьд гурван удаа УИХ-д сонгогдож, гурван удаа сайдаар сонгогдон ажиллав. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа өнгөрсөн наймдугаар сард шинэчлэн томилохдоо Д.Сарангэрэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилсон юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
  • 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
  • 1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1982-1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
1995-1996 онд "ММ" агентлагийн захирал
1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор
1999-2000 онд "ММ" агентлагийн захирал
2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал
2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж