Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар "Тавантолгой түлш" ХХК-иас
өнөөдөр (2022.09.27) мэдээлэл хийлээ.
"Тавантолгой түлш" ХХК өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 116,000 тн шахмал түлш нөөцөлж, 469 цэгээр хоногт 100-1200 тонн түлш худалдан борлуулж байгаа ажээ. Ирэх сарын 1-ний өдөр гэхэд нийт 650 борлуулалтын цэг бүрэн нээн ажиллуулах юм байна. Хэрэглэгчдэд үйлчлэх албанаас гэр хорооллын угаарын хийд өртөж болзошгүй, эрсдэл өндөртэй 44 мянган айл өрхөд дамжуулагчтай угаар мэдрэгч суурилуулжээ.
Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.БУЯНЖАРГАЛ:
-"Тавантолгой түлш" ХХК сайжруулсан түлш үйлдвэрлэж, хэрэглэгчээ тасралтгүй хангах зорилго тавьдаг. Цаашдаа хэрэглэгчээ угаарын хийн хордлогод өртүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулж байна. Нийслэлийн долоон дүүрэгт 197000 мянган өрх сайжруулсан шахмал түлш түлж байна. Энэ жил Налайх дүүрэг агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон. Иймд шинэ хэрэглэгчид учир анхаарал тавин ажиллаж байна. Тус дүүрэгт 7620 өрх шахмал түлш түлнэ гэсэн судалгаа гарсан. Бид Налайх дүүрэгт борлуулалтын цэгээ байрлуулсан. Мөн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх 30 хүнтэй баг бүрдүүлэн ажиллуулж байна.
Өнгөрсөн долоо хоногт өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний карт тараасан.
Өнөөдрийн байдлаар энэ үйл ажиллагаа 90 гаруй хувьтай явж байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс юуг анхаарч ажиллаж байна вэ гэхээр угаарын хийн хордлогоос иргэдийг урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллаж байна. Анх түлш 2019 онд хэрэглээнд орж байхад 2700 гаруй иргэн угаарын хийн хордлогод өртсөн байсан. Манай төв байгуулагдсанаар нийтдээ 600 орчим гэрээт ажилтан авч, зөв галлагааны горимыг танилцуулж, заавар зөвлөмж өгсөн. 2022 оны галлагааны улирал эхэлснээр 253 иргэн угаарын хийн хордлогод өртсөн байна. Бид угаарын хийн гэдэг асуудлыг ойрын хоёр жилийн хугацаанд 90 орчим хувиар бууруулж чадсан. Одоо 60 мянган өрхөд угаарын хийн мэдрэгч дээр дамжуулагч суурилуулсан.
"Тавантолгой түлш" ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.ГАЛЫМБЭК:
-Баруун болон зүүн бүсийн үйлдвэрийн бүсэд 233,938 тонн мидлинг нөөцлөөд байна. Барьцалдуулагч бүтээгдэхүүний 1269 тоннын нөөцтэй. Өнөөдрийн үйлдвэрийн хэмжээгээр 16 өдрийн хэрэглээ юм. Барьцалдуулагч бүтээгдэхүүнийг БНХАУ-аас авахаас гадна дотооддоо "Доломит" хэмээх бүтээгдэхүүн ашиглан үйлдвэрлэж байна. Туршилтын үр дүн сайн гарсан бөгөөд үүнийг хэрэглээнд нэвтрүүлбэл сайжруулсан түлшинд агуулагдах хүхрийн агууламж 2-3 дахин буурах боломж бүрдэх юм. Мөн 25 кг-ын шуудай 14 хоногийн нөөцтэй байна. БНХАУ-аас гялгар бүрмэлтэй шуудай авч байгаа бол дотоодын үйлдвэрлэгч компаниудаас цагаан шуудай худалдан авч, түлш савлаж байна.
Холбоотой мэдээ