Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр өчигдөр /2022.09.26/ ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг “улны айлууд” гэсэн нь олны дургүйцлийг хүргээд буй. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ноос Д.Сарангэрэл сайдад огцрох шаардлага хүргүүллээ.
Мөн энэ үеэр иргэдийн зүгээс ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлага тавьж, хөдөлгөөн өрнүүлэв.
Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.БОЛДБААТАР:
-Төрийн сайд, тэр дундаа Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Д.Сарангэрэл Монгол Улсын иргэдийг нэн ядуу буюу "улны айлууд" хэмээн нэр хоч өгч, ялгаварлаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил.
Иймээс АЗХ-ноос нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХНХ-ын сайд Д.Сарангэрэл нарыг ард иргэдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.
Хоёрдугаарт, Д.Сарангэрэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас огцруулах, гуравдугаарт, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдын бодлогыг хэрэгжүүлэгч болохын хувьд иргэдээ нэн ядуу буюу "улны иргэд" хэмээн доромжилсон нь Засгийн газрын байр суурь гэж харагдаж байна. Иймээс Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдэлд засаг барьж буй хүмүүс хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээр огцрох ёстой.
Ардчилал бий болсноос хойш сүүлийн 32 жилийн 22 жилд МАН дангаар ноёлж байна. Энэ нь ард иргэдийг ядуу байлгах тогтолцоог эрх баригчид бий болгож байгаагийн тод жишээ. Иймд иргэдийг доромжилдог, сайдын хүүхэд сайд болдог жишгийг халж, эрх баригчдаас хариуцлага нэхэх нь зүйтэй.
Гэрэл зургийг: Б.Эрдэнэ-Билгүүн
Холбоотой мэдээ