Абэ Шинзог өнөөдөр эцсийн замд нь үдэж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

Абэ Шинзог өнөөдөр эцсийн замд нь үдэж байна

Абэ Шинзог өнөөдөр эцсийн замд нь үдэж байна

Японы ерөнхий сайд агсан Абэ Шинзо долдугаар сарын 8-ны өдөр халдлагад өртөж нас барсан. Түүнийг эцсийн замд нь үдэх төрийн оршуулга өнөөдөр /2022.09.27/ болж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс 700 орчим төлөөлөгч, нийт 4300 орчим хүн оршуулгад оролцох төлөвтэй байна. Монгол Улсаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Абэ Шинзод хүндэтгэл үзүүлэхээр Японыг зорьсон.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Их Британийн Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Жеймс Клеверли, Австралийн ерөнхий сайд Энтони Албанез, Сингапурын ерөнхий сайд Ли Сянь Лун тэргүүтэй томоохон удирдагчид оршуулгад хүрэлцэн ирсэн байна. Түүнчлэн Вьетнам, Камбож, Филиппин, Малайз, Тайваниас төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Японы засгийн газар өнгөрсөн долоо хоногт оршуулах ёслолд оролцох удирдагчдын нэрсийн жагсаалтыг гаргахдаа Хятадыг дурдаагүй. Гэвч Хятад улс Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны дэд дарга Ван Ганыг илгээх болжээ.

Одоогийн ерөнхий сайд Кишида айлчлан ирсэн гадаадын удирдагчидтай 30 гаруй уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Олимпийн наадмаас эхлээд томоохон арга хэмжээ зохион байгуулдаг Ниппон Будоканд оршуулгын ёслолыг зохион байгуулж байна. Японы Эзэн хаан болон хатан хаан заншлын дагуу оршуулгад оролцохгүй боловч тэдний төлөөлөгчид оролцоно.

Оршуулгын нийт зардал 1.66 тэрбум иен болжээ. Төрийн оршуулгыг эсэргүүцсэн бүлэглэл өнөөдөр парламентын ордны өмнө жагсаал хийхээр төлөвлөсөн байна. Ард иргэдийн дунд есдүгээр сарын 16-наас 18-ны хооронд санал асуулга явуулахад оролцогчдын 60 хувь нь төрийн оршуулгыг эсэргүүцжээ.

Харин Кишида яагаад төрийн оршуулга хийх болсон үндэслэлээ ийн тайлбарласан. Нэгдүгээрт, Абэ найман жил найман сар ерөнхий сайдын алба хашсан нь Японы түүхэн дэх хамгийн урт хугацаа юм. Хоёрдугаарт, ардчиллын үндэс болсон сонгуулийн үйл ажиллагааны үеэр талийгаач халдлагад өртсөн гэжээ.

 

Оршуулгын өдрийг бүх нийтийн амралтад тооцохгүй аж. Японы Засгийн газар хувь хүний эрх, үзэл бодлыг хүндэтгэсний үндсэн дээр заавал гашуудах албагүйг онцолсон байна. Тиймээс спорт, тоглолт зэрэг аливаа арга хэмжээ төлөвлөсний дагуу болно. Японы цагаар 10:00-16:00 хооронд цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан хоёр ширээнд олон нийт цэцэг өргөнө. Цэцэг өргөх хүсэлтэй хүмүүс аюулгүй байдлын шалгалтад хамрагдах ёстой ажээ.

Будокан орчмын замыг Даваагаас Лхагва гариг хүртэл хааж, агаарын орон зайг хязгаарлана. 2500 орчим цагдаа болон хэдэн арван мянган үнэрч нохой аюулгүй байдлын төлөө ажиллаж байна.

Эх сурвалж: THE GUARDIAN, ASIA NIKKEI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж