Америкт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Америкт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд, Техасын жижиг хэргийн шүүхийн шүүн таслах ажиллагаа, Техасын БАР-ын холбооны бүтэц, тогтолцоо, үйл ажиллагаатай танилцах зорилгоор ЕТГ-ын дарга Д.Баттулга, хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг, зөвлөх доктор Б.Чимэд нар АНУ-ын Техас мужид зочилж ажлын уулзалт хийж байна.
 
Тэд, Техас Уэслин их сургуулийн Хуулийн сургуулийн дэд захирал Артик Шорт, Азийн шүүхийн сургалтын төвийн (АШС) захирал, шүүгч,  проф. Жое Спурлок нартай уулзалт хийж, ЕТГ, Техас Уэслин Их сургуулийн Хуулийн сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан/ЕТГ/-уудыг АШС төвөөс жил тутам зохион байгуулдаг богино хугацааны дадлага, сургалтанд оролцуулахаар, мөн тус сургуулийн багш профессоруудыг Монголд урьж , сургалт явуулах, судалгаа хийх ажлыг хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохиролцжээ.
 
ЕТГ-ын төлөөлөгчид  түүнчлэн, Техас мужийн дээд шүүхийн ерөнхий шүүгч Уэлис Жефферсон, болон Тарант, Хилсборо дүүргийн жижиг хэргийн шүүхийн шүүгч Эд Винрэ, Жастин Лэвис нартай уулзаж, Техасын шүүхийн зохион байгуулалт, тогтолцоо, шүүгчийг сонгон шалгаруулах, томилох журам, шүүгчийн ёс зүйн хорооны үйл ажиллагаатай танилцлаа.      
 
ЕТГ- ын дарга Д.Баттулга, зөвлөх Г.Ганзориг, Б.Чимэд нар Техас мужийн нийслэл Аустин хотод, Техас мужийн амбан захирагч Рик Перри, Захирагчийн хуулийн газрын дарга Кэн Армбристер  нартай уулзаж, тус мужийн Амбан захирагчийн албатай хамтран ажиллах асуудлаар санал солилцож, энэ талаар цаашид тодорхой санал боловсоруулж хамтран ажиллахаар тохиролцов хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж