Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласантай холбоотойгоор олон нийтийн эсэргүүцэл нэмэгдэж буй. Энэ цаг үед нөөц бүрэлдэхүүнийг дайчлахдаа алдаа гаргаснаа Кремль хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал, Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр /2022.09.26/ “Захирамж зөрчсөн тохиолдол бий. Бүх алдааг засна” гэв. Алдаа гэдэг нь цэргийн туршлагагүй, хэт өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дайчилгаанд дуудаж буй явдлыг хэлжээ. Путин есдүгээр сарын 24-нд шинэ зарлиг гаргахдаа цэрэг татлагаас оюутнуудыг хасна гэж тусгайлан заасан байна.
Дайчилгааг эсэргүүцсэн жагсаалын үеэр 2000 гаруй хүнийг баривчилжээ. Орос даяар цэрэг татлагын байр болон бусад захиргааны байранд хэд хэдэн удаа халдлага болсон байна.
Дашрамд дурдахад, Оросын цэрэгжүүлсэн бүлэглэл Вагнерын ард Путины ойрын холбоотон Евгений Пригожин байгаа тухай “Euro news” хуудас мэдээлэв.
Кремль, Вагнер хоёрын хооронд ямар ч холбоо байхгүйг Путин үргэлж баталсаар ирсэн. Евгений Пригожин энэ бүлэглэлийн ард байгаа гэдэг мэдээллээс үзэхэд Кремль, Вагнер хоёр холбоотой гэж үзэж байна. Вагнер бүлэглэлийг 2014 онд Донбасс руу дайчид илгээх зорилгоор үүсгэн байгуулжээ. Тус бүлэглэлийн 1000 орчим цэргийг Украинд байршуулсан гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдэж байв.
Эх сурвалж: BBC, EURONEWS