Гурилан бүтээгдэхүүний гол нэрийн бүтээгдэхүүн болох улаанбуудайн үнэ өссөнтэй холбоотойгоор дотоодын үйлдвэрлэгчид бүгд гурилын үнээ килограмм тутамд 300-650 төгрөгөөр нэмсэн байна.
Өөрөөр хэлбэл, тонн улаанбуудайн үнэ өнгөрсөн жилийнхээс 180-250 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь гурилын үнэ өсөх шалтгаан болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гаргаж, "Гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санал гаргаж байна" хэмээн УИХ, Засгийн газрын гишүүдийн өмнө уриалсан. Гэвч эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлсээс шалтгаалж дотоод хэрэгцээг бүрэн хангах чадвартай улаанбуудай зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлт зах зээл дээр нөлөөлж эхэллээ.
Цаашид ч ургац хураалт, үнээс шалтгаалж гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтай болохыг худалдаа эрхлэгчид хэлэв.
ХӨРШ ОРНУУДААС ШАЛТГААЛЖ УЛААНБУУДАЙН ҮНЭ ӨССӨН
Улсын ургацын комиссын хуралдааны үеэр өнгөрсөн наймдугаар сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан энэ жил Хөдөө аж ахуйг дэмжих санд хүлээн авах улаанбуудайн үнэ тогтоосон.
Хөрш орнуудад үүссэн дайны нөхцөл байдал, Covid-19-ийн цар тахлаас шалтгаалж газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүх орцын үнэ 30-35 хувь өссөн.
Тиймээс тариаланчдын гол төлөөлөл болсон Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран үйлдвэрлэлийн бодит үнэ өртөг болон дэлхийн зах зээл дээрх үнэ ханш зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж, энэ жилийн буудайн үнийг тогтоосон гэж онцолсон.
Хөдөө аж ахуйг дэмжих санд:
- 1-р ангиллын улаанбуудай 1 тонн- Нэг сая төгрөг
- 2-р ангиллын улаанбуудай 1 тонн-970 мянган төгрөг
- 3-р ангиллын улаанбуудай 1 тонн-940 мянган төгрөг
- 4-р ангиллын улаанбуудай 1 тонн-880 мянган төгрөгөөр тооцож хүлээн авч буй аж.
ҮНЭ ӨССӨН Ч АШИГ НЭМЭГДЭЭГҮЙ ГЭВ
Гурил үйлдвэрлэгч томоохон компаниудтай холбогдоход "Засгийн газраас буудайн үнээ нэмсэн. Тус зардлыг бүтээгдэхүүний үнэд багтаасан. Мөн энэ жил уут, шошго зэрэг бүтээгдэхүүнд шаардлагатай бүхий л орц, тэмдэглэгээ, баглааны үнэ өссөн. Тиймээс гурилын үнэ нэмэгдсэн ч ашиг өсөөгүй" гэв.
Есдүгээр сарын 20-ноос "Улаанбаатар", "Алтан тариа" зэрэг үйлдвэрүүд үнэ нэмэх санал гаргаж, үүний дараа бусад аж ахуйн нэгжүүд ч үнээ нэмжээ.
Одоогийн байдлаар зах, бөөний төвд зарагдаж буй гурилууд 450 хүртэлх төгрөгийн нэмэгдэлтэй ирж буй аж. Харин томоохон худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд гурилын үйлдвэрүүдээс хамаарч бүтээгдэхүүний үнэ кг нь 650 хүртэлх төгрөгөөр өсчээ. Гурилын хувьд дээдийн дээд, дээд, нэг болон хоёрдугаар зэргээс үл хамаарч бүх төрлийн үнэ нэмэгдсэн байна. Ингэснээр цаашид гурилан бүтээгдэхүүний үнэ өсөхийг худалдаачид анхааруулсан юм.
Холбоотой мэдээ