ОХУ-ын Бүгд Найрамдах Удмурт Улсын нийслэл Ижевск хотын 88 дугаар сургуульд өнгөрсөн Даваа гаригт гал нээсний улмаас есөн хүн амиа алдаж, 20 орчим хүн шархадсан байна. ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн албанаас мэдээлснээр, урьдчилсан байдлаар, есөн хүний амь хохирсноос тав нь хүүхэд, хоёр нь боловсролын байгууллагын хамгаалагч, хоёр нь багш байсан аж. Халдлага үйлдсэн этгээд сэтгэцийн өвчтэй нэгэн байсан талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж буй бөгөөд тэрээр халдлага үйлдсэнийхээ дараа амиа хорложээ.
Халдлагын улмаас амиа алдсан хүмүүст зориулж Удмуртад есдүгээр сарын 26-наас 29-ний хооронд гашуудал зарласан байна. Өнгөрсөн 2020 оны тавдугаар сарын 11-нд Казань хотын дунд сургуульд гал нээсний улмаас есөн хүн амиа алдсаны долоо нь хүүхэд байжээ. 2021 есдүгээр сарын 20-нд Пермийн улсын их сургуульд гал нээсэн хэрэг гарч, зургаан хүн амь насаа алдаж, 47 хүн шархадсан байна.
Мөрдөн байцаах хорооны мэдээлэлд үндэслэн Удмурт улсын тэргүүний цахим хуудаст өнөөдөр (2022.09.27) мэдээлснээр, Ижевскийн сургуульд гал нээсний улмаас амиа алдагсдын тоо 17-д хүрчээ. Мэдэгдэлд "Нийт 17 хүн нас барснаас 11 нь хүүхэд, зургаа нь насанд хүрэгчид байна" гэж тэмдэглэсэн байна.
"РИА Новости" агентлагийн мэдээлснээр, Ижевск хотын 88 дугаар сургуулийн төгсөгч, 1988 онд төрсөн эрэгтэй есдүгээр сарын 26-ны өглөө тус сургуульд дайран орж иржээ. Улмаар гал нээснийхээ дараа амиа хорлосон байна. Боловсролын сайд Сергей Кравцовын хэлснээр, гэмт хэрэгтэн сэтгэцийн эмчийн хяналтад байсан бөгөөд шизофрени өвчтэй байжээ. Төрийн Думын Мэдээллийн бодлогын хорооны дарга Александр Хинштейн гэмт этгээд хоёр гар буугаар зэвсэглэсэн байсан талаар мэдэгдсэн байна.
Эх сурвалж: TASS, РИА НОВОСТИ