Сурвалжлага: Амар Мэндэ Улан-Батор

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Амар Мэндэ Улан-Батор

Сурвалжлага: Амар Мэндэ Улан-Батор

Украин-Оросын дайны улмаас өнгөрсөн хавраас эхлэн хойд хөршөөс Монгол Улсыг чиглэх жуулчдын хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Ялангуяа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэргийн дайчилгааг эхлүүлэх зарлиг гаргасантай холбогдуулан Буриад, Тувагаас наашаа хил давах үзэгдэл энгийн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн гэх үзүүлэлт байна. Нийслэл хотын гудамжаар ч монгол төрхтэй, орос хэлтнүүд олширч, эхнээсээ хэл ам таталж эхэлсэн бололтой.

Асуудлын гол нь Оросын арми цэргийн нөөцөө Буриад, Тува, Халимаг тэргүүтэй үндэстнийхээ цөөнхөөс хүчээр бүрдүүлж байна гэх мэдээ гарах болсон. Ийм учир дайныг хүсэхгүй байгаа “тэд” Монгол руу дүрвэж байна.

Улсын их дэлгүүр, Урт цагаан, Сүхбаатарын талбай, Жуков, Оффицеруудын ордон хавиар буриад иргэдтэй бишгүй л тааралдана. Тэдний царай төрхийг ялгах бараг боломжгүй ч үг хэл, үйл хөдлөл нь “Монголд дөнгөж ирсэн” гэдгийг нь харуулна. Төв талбайд саатаж, Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө зургаа татуулна, Урт цагаан орж, валютаа солиулна, их дэлгүүрээр зочилж, худалдан авалт хийнэ. Жуков, Оффицеруудын ордон хавиар хоолонд орж, буудал, түрээсийн байранд байрлана. Ерөнхийдөө нэг иймэрхүү маршруттай.

Төв талбайд саатах хэд хэдэн буриад иргэдтэй ярилцах гэсэн боловч санаснаар болсонгүй. Ихэнх нь дайныг хүсэхгүй, зугтаж байгаагаа учирлаж, “Араас ирвэл яах юм бэ” гэх болгоомжлолтой байлаа.

Чингисийн хөшөөний урд бие биенийхээ зургийг авах хоёр буриад залуутай ярилцав. Тэд аав, хүү хоёр бөгөөд өнгөрсөн амралтын өдөр Хиагтаар дамжин Монголд орж иржээ. Ирэх болсон шалтгаан нь өнөөх л дайн. Нэр, нүүрээ нууцлахыг хүссэн аав ганц хүүгээ дайнд явуулахгүй, амар жимэр амьдрахыг хүсч байгаа гэнэ. Тэрбээр ярихдаа “Нөхцөл байдал одоо ямар байгаа талаар бид өөрсдөө ч мэдэхгүй. Энэ байдал цаашдаа хэр удаан үргэлжлэхийг ч мэдэхгүй байна. Би зүгээр л хүүтэйгээ элэг бүтэн амьдармаар байна. Монголд амар тайван, сайхан байна” гэлээ.

Аав нь залуудаа хоккейн спортоор хичээллэж байснаа ярьж, спортоор дамжин нөхөрлөсөн найзууд нь Эрдэнэт хотдоо ч урьжээ.

Аав, хүү хоёр шиг буриад ахан дүүс талбайгаар ганц нэгээр тогтохгүй. Ихэнх нь гэрэлд цохиулах дургүй, юу ч ярьж чадахгүй гэдгээ хэлж, уучлал гуйна. Нар шингэхийн алдад охиноо, найзуудаа дагуулсан буриад залуутай хэдэн үг солих боломж олдов. Түүний хувьд Монголд суурьшаад олон жил болсон ч саяхан хил давж, найзуудаа авчирчээ. Тэрбээр “Хүндэрсэн, асуудал үүссэн зүйл одоогоор алга. Мэдээж, тодорхой хэмжээний орос, буриадууд орж ирж байна. Тийм ч их хүн орж ирээгүй байх. Тоолвол нэг, хоёр мянган хүн л орж ирсэн байх. Гэхдээ зөвхөн хилтэй ойрхон газруудаас л хүмүүс орж ирж байгаа. Цаанаас наашаа ирнэ гэж байхгүй” гэж ярив.

Мөн тэрбээр цэрэгт явах ёстой хүмүүс нь явж байгааг тайлбарлаж, цэргийн шалгалтад тэнцэхгүй иргэдийг буцааж байгаа талаар хэлэв. Гол нь есдүгээр сарын 28-ны өдөр бүх нийтийн санал асуулгын үр дүн гарах гэнэ. Түүнээс шалтгаалж цааш хэрхэх нь шийдэгдэх ажээ.

Сүүлийн үед хилээр орж ирсэн буриад иргэд гэмт хэрэгт холбогдлоо гэх мэдээ гарч эхэлсэн. Зарим нь эл үйлдлийг Монголд аль болох удаан байх гэсэн ядмаг арга гэж "тодорхойлсон" юм. ОХУ-ын иргэд Монгол Улсад 30 хоног визгүй, чөлөөтэй зорчих эрхтэй бөгөөд визний нөхцлөө зөрчсөн, хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд Гадаадын иргэн харъяатын газар өөрсдийн чиг үүргийн хүрээнд шийдвэрлэнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо тайлбарласан.

Мэдээж ОХУ-аас орж ирсэн иргэдэд гэмт хэрэг үйлдэхээс өөр визээ сунгуулах боломж олон бий. Хамгийн энгийн арга нь “шон тойрох”. Орсон шигээ гарч, удалгүй буцаад ирнэ гэсэн үг. Талбай дээр тааралдсан буриадууд ч Монголд үлдэхийн тулд гэмт хэрэг үйлдэж, тэнэг алхам хийхгүй гэдгээ хэлж байлаа. Ядаж л Бишкек, Алматы руу нисч, "шон тойрно" гэдгээ ч учирлаж байв.

Хил хамгаалах ерөнхий газраас өгсөн мэдээллээр есдүгээр сарын 15-наас хойш Хиагт-Алтанбулаг боомтоор ОХУ-ын 5001 иргэн  Монгол Улсад нэвтэрсэн байна.

Хоногийн статистикаас харвал:

  • Есдүгээр сарын 15-нд 179 хүн
  • Есдүгээр сарын 16-нд 220 хүн
  • Есдүгээр сарын 17-нд 260 хүн
  • Есдүгээр сарын 18-нд 179 хүн
  • Есдүгээр сарын 19-нд 169 хүн
  • Есдүгээр сарын 20-нд 153 хүн
  • Есдүгээр сарын 21-нд 229 хүн
  • Есдүгээр сарын 22-нд 830 хүн
  • Есдүгээр сарын 23-нд 867 хүн
  • Есдүгээр сарын 24-нд 931 хүн
  • Есдүгээр сарын 25-нд 984 хүн Монгол Улсын хилээр нэвтэрчээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж