Иргэд галзуугийн вакцины хиймэл хомсдол үүсгэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

Иргэд галзуугийн вакцины хиймэл хомсдол үүсгэж байна гэв

Иргэд галзуугийн вакцины хиймэл хомсдол үүсгэж байна гэв

"Галзуугийн вакцин хийх шаардлагагүй" гэх шалтгаанаар тус вакциныг хийхгүй байна хэмээн иргэд цахим орчинд бичиж буй. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлагч эмч Л.Роломжаваас энэ талаар тодруулахад "Галзуугийн вакцины хомсдол үүсээгүй. Иргэд хиймэл хомсдол үүсгэж байна" гэсэн юм.

Тэрбээр "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу нохойд хазуулсан шархыг тодорхойлж, эмчилгээ хийдэг. Тархвар судлалын заалтаар буюу шарх нь том хэмжээтэй, вакцин тариулаагүй болон эзэнгүй нохдод хазуулсан бол галзуугийн вакцин зайлшгүй хийлгэх ёстой. Вакцин хийлгэхэд таван удаа, тодорхой хоногуудын зайтай хамрагддаг. Ингэхдээ тухайн хазуулсан өдрөөс эхлэн 3, 7, 14, 21 хоногийн заалтуудаар вакциндаа хамрагдана.

Нэгдүгээр зэргийн шарх буюу шарх хөнгөн, гэрийн тэжээвэр буюу халдвар тараах эрсдэлгүй нохойд хөнгөн байдлаар хазуулсан, шүлсдүүлсэн бол заавал вакцин хийлгэх шаардлагагүй. Хоёрдугаарт, уруулсан, шархадсан үед вакцин эмчилгээ хийнэ. Гуравдугаарт, нэг газарт олон хазуулсан, шарх нь гүнзгий байгаа тохиолдолд вакцин эмчилгээг халдварын ийлдэс эмчилгээтэй хамт хийдэг.

Эрсдэлгүй буюу вакцин хийлгэсэн амьтанд уруулж, хазуулсан бол мал эмнэлгийн зөвлөмжийн дагуу вакцин хийлгэхгүй байж болно. Хазсан амьтан нь байхгүй, сэжигтэй тохиолдолд яаралтай вакцин эмчилгээ хийнэ. Хэрэв уг амьтан олдохгүй бол бүрэн тун хийж дуусгана. Нөгөөтэйгүүр уг амьтан нь байгаа, ажиглах боломжтой тохиолдолд гэрээр эмчилгээ хийлгэнэ. Гурван тунгийн дараа тухайн хазсан амьтанд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, эмчийн шинжилгээгээр галзуу биш нь тогтоогдвол галзуугийн вакцин хийх шаардлагагүй гэж үздэг.

Дөрөвдүгээрт, гэмтэл учруулсан мал, амьтан нь үхсэн тохиолдолд тухайн амьтны тархийг мал эмнэлгийн газар шинжилгээ хийн, галзуу гэдэг нь тогтоогдвол вакциныг бүрэн гүйцэд хийж, ийлдэст эмчилгээ давхар хийдэг. Галзуурсан нохой, амьтан нь 7-10 хоногийн дараа үхдэг. Хазсан амьтан нь зүгээр байхад вакцины гурван тунгийн дараа нэмж галзуугийн вакцин хийлгэх шаардлагагүй юм. Гэтэл хүмүүс үүнийг ойлголгүй, вакцин байхгүй учраас вакцин хийсэнгүй хэмээн хиймэл хомсдол үүсгэж байна" гэв.

Жилд улсын хэмжээнд 5000-7000 хүн энэ вакцинд хамрагддаг бөгөөд харъяа дүүрэг, хороо, сумынхаа эрүүл мэндийн төвд хандан эмнэлгийн энэ төрлийн тусламж авах боломжтой. Сэжигтэй буюу галзуу нь батлагдсан мал, амьтныг Зооноз өвчин судлалын үндэсний төвд бүртгэдэг юм байна.

                                                    Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж