Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлөлтийн тайланд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 48.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 742.5 мянган ажиллагч хамрагджээ. НДШ төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (6.1 хувь), өмнөх улирлынхаас 1.4 (3 хувь), ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 44.3 (6.3 хувь), өмнөх улирлынхаас 24.8 (3.5 хувь) мянгаар нэмэгдсэн байна.
НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн 108.6 (14.6 хувь) мянга нь боловсролын, 104.2 (14 хувь) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 79.6 (10.7 хувь) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын, 75.3 (10.1 хувь) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийнх байна. Мөн 50.9 (6.9 хувь) мянга нь барилгын, 47.4 (6.4 хувь) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны, 44.3 (6 хувь) мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны, 42.4 (5.7 хувь) мянга нь уул, уурхай олборлолтын, 29.6 (4 хувь) мянга нь санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны, 160.2 (21.6 хувь) мянга нь бусад салбарын ажиллагчид аж.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын НДШ төлөлтийн энэ оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 742.5 мянган ажиллагчийн сарын медиан цалин 1160.2 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлынхаас 93.6 (8.8 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 1544.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 214 (16.1 хувь) мянга, өмнөх улирлынхаас 94.4 (6.5 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар эрчүүдийнх 1.7, эмэгтэйчүүдийнх 1.4 сая төгрөг байгаа аж. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.4 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1 сая төгрөг. ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин энэ оны хоёрдугаар улиралд 2015 оныхоос 77.8 хувиар нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 14.6 хувиар нэмэгджээ.
Үндэсний статистикийн хороо мэдээлснээр, НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн дотор 700 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 22.8 хувь, харин 3 саяас дээш төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн бага буюу 8 хувьтай байна.
ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин тухайн байгууллагын ажиллагчдын тооноос хамаарч байна. Энэ оны 2 дугаар улирлын байдлаар ажиллагчдын сарын дундаж цалин Улаанбаатар хотод 1.7 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 110.3 (7.1 хувь) мянган төгрөгөөр их байхад бусад бүсэд улсын дунджаас 67.6-485.4 (4.4-31.4 хувь) мянган төгрөгөөр бага байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2 дугаар улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 2 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 839.8 мянган төгрөг буюу хамгийн бага байлаа.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ