Улс төрд танигдаагүй сэтгүүлч

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

Улс төрд танигдаагүй сэтгүүлч

Улс төрд танигдаагүй сэтгүүлч

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 буландаа Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон, УИХ-ын гишүүн Бадарчийн Жаргалмааг онцолж байна.


Сонгинохайрхан дүүргээс анх удаа сонгогдож, парламентын шинэ гишүүдийн тоог нэгээр нэмсэн Б.Жаргалмааг хүмүүс “Ийгл” телевизийн, сэтгүүлч, нэвтрүүлэгчээр таньдаг. Харин улстөрчийн хувьд тэрбээр "шинэ хүн". Түүнд улс төрийн арвин туршлага, туулсан зам мөр байхгүй. Парламентын гишүүд дундаа танигдаагүй улстөрч. Ажлын гараагаа 1992 оноос эхэлж, МҮОНТ-д туслах найруулагчаар ажиллаж, хүүхэд залууст зориулсан “Харц” нэвтрүүлгийг хөтөлснөөр нэвтрүүлэгч болох гараагаа эхлүүлжээ. 1996 оноос “Ийгл” телевизээр овоглож, мэдээний сурвалжлагч, сэтгүүлч, мөн UBS телевизэд зургаан жил ажилласан байна.

Түүний хувьд багаасаа дэлгэцийн урлагтай нөхөрлөж, "Мөнгөн хонх", "Агшин" зэрэг кинонд дүр бүтээжээ. Боловсролын хувьд, сэтгүүлч мэргэжлээр 2000 онд "Бэрс" дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн. 2013 оноос “Бадарчийн Жаргалмаа” гэх нэвтрүүлэгтэй болж, нийгэм улс төрийн салбарыг хөндсөн ярилцлага хийж, телевизийн салбарт 30 жил ажилласан намтар, түүхтэй. Ингэхдээ 2004-2020 онд “Ийгл” ТВ, сэтгүүлч, дэд захирлаар ажиллаж ирсэн. 2018 онд АН-аас, 2012 онд МАН-аас сонгуульд нэр дэвших санал ирсэн тэрбээр “Өөрийнхөө дуртай ажлыг хийнэ” гэж татгалзсан удаатай ч 2020 онд МАН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. МАН Сонгинохайрхан дүүрэгт хоёр "шинэ хүн"-ээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт даатгаж, нэр дэвшүүлсний нэг нь Б.Жаргалмаа байсан юм. Улс төрийн хүрээнд түүнийг Голомтын Д.Баясгалангийн "хүн" гэх нь ч бий.

УИХ-ын чуулганы танхимд сайн сэтгүүлчийн үүргээ гүйцэтгэнэ гэсэн хүлээлт үзэгч олонд нь байсан. Гэвч парламентад сайн сэтгүүлчийн үүрэг гүйцэтгэхээс илүү намын батлахтай гишүүний ажлаа хийсээр ирсэн, өнгөрсөн хоёр жил. Чуулганы танхимд хуулийн төслийг нэвтрүүлэг уншиж байгаа мэт уран цэцэн уншсан нь олны анхаарлыг татсан. Харин байнгын хороо, чуулганы танхим тэр байтугай сэтгүүлчдэд тэр бүр яриа өгдөггүй. Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгээс нь иш татвал “Бид Монголоо яаж мандуулах вэ, Монголоо яаж авч үлдэх вэ гэдэг дээр бодлого барих хэрэгтэй байна. Бид энэ асуудал дээр алдаад байгаа шүү. Өнөөдөр яагаад охид Black pink, BTS-ийг яриад байгаа юм бэ. Яагаад бид язгуур урлаг, бий биелгээ, Алтайн магтаал ийм учиртай юм гэдэг контент хийхгүй байгаа юм бэ. Бид даяарших ёстой. Гэхдээ Монголоо авч үлдэх хэрэгтэй” гэсэн нь шүүмжлэл дагуулсан.

Үүнээс гадна 2020 онд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг намрын чуулганд өргөн барихтай зэрэгцэн “Архины гоё ганган савлагааг болиулна” гэж яриад "онигоо"-нд орж байв.

Б.Жаргалмаагаар овоглох хуулийн төсөл байхгүй ч өнгөрсөн онд сэтгүүлчдийг Зөрчлийн тухай хуулиар буруутгах ёсгүйг хэлж, Б.Энхбаяр нарын гишүүдийн хамт Эрүүгийн хуулийн 13, 14 заалтыг өөрчлөх асуудлаар хуулийн төсөл өргөн барьж байв. Энэ тухайгаа “Эрүүгийн хуулийн 13, 14-р зүйлд заасан илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн судалгаагаар 2020 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар цагдаагийн байгууллагад нийт 107 эрүүгийн хэрэг бүртгэгдсэн.

Улс төрд нөлөө бүхий этгээдийн гомдлоор хэвлэл мэдээллийн байгууллагад холбогдуулан шалгасан хэргийн тоо 36 байна. Эдгээр тоо бол энэ хууль нэн шаардлагатай болохыг харуулж буй тоон дүн юм. Иргэдийн мэдэх, мэдээлэлтэй байх эрхийг хэрэгжүүлж, тухайн нийгмийн харилцаанд зөрчил доголдолтой асуудлыг илчлэн нээлттэй болгож байгаа хүмүүсийн нэг бол сэтгүүлчид юм. Эдгээр хүний эрхийн хамгаалагчдаа бид ажиллах боломжоор нь хангаж өгөхийн тулд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм” гэж онцолж байв.

Хөрөнгө орлогын тухайд 2021 онд тэрбээр ХАСХОМ-д:

• Өөрийн орлого 49 сая,

• Гэр бүлийн орлого 11.4 сая,

• 272 сая төгрөгийн орон сууцтай,

• 129 сая төгрөгийн үнэлгээ бүхий жийп болон туулах чадвар өндөр Toyota, Harrier- 1, жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200 – 1,

• 116 сая төгрөгийн үнэ бүхий хурдан удмын адуу – 2, хонь – 280, сайн үүлдрийн үхэр – 30, адуу – 50

• 235 сая төгрөгийн үнэт эдлэл,

• Хадгаламждаа 7.2 сая төгрөгтэй

• “Хөрөнгө оруулагч үндэстэн” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж