"Симфони оркестрынхон “далд фронт"-д тоглодгоороо онцлог"

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

"Симфони оркестрынхон “далд фронт"-д тоглодгоороо онцлог"

"Симфони оркестрынхон “далд фронт"-д тоглодгоороо онцлог"
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 60 дахь улирлын нээлтийн тоглолтоо хийх гээд тун завгүй. Тодруулбал, аравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд дэлхийн гранд дуурь Ж.Вердийн "Аида"-г, аравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд балетын урлагийн түүхнээ бичигдсэн бүх цаг үеийн агуу бүтээлүүдийн нэг болох П.И.Чайковский "Хунт нуур" балетын тоглолтоор хөшгөө нээх гэж буй. Бид энэ удаа "арын фронт"-д ажилладаг симфони оркестрын хөгжимчинтэй ярилцлаа. Түүнийг С.Долгормаа гэдэг. Дуурь, бүжгийн эрдмийн театрын цохивор хөгжимчин тэрбээр 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл 26 дахь жилдээ театртаа ажиллаж байгаа юм.

-Театрын уран бүтээлчдийн ажил ид өрнөж байна. Симфони оркестрын хөгжимчид тоглолтын бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Энэ жил манай театрынхан 60 дахь жилийнхээ улирлын нээлтийг хийх гэж байна. Симфони оркестрынхоо үе үеийн хөгжимчид болон театрынхаа хамт олонд 60 дахь улирлын баярын мэндийг хүргэе. Уран бүтээлчид маань аравдугаар сарын 1, 2-нд дэлхийн дуурийн урлагийн ноён оргил болох “Аида” дууриар, аравдугаар сарын 8, 9-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар хөшгөө нээхээр бэлтгэлээ базааж байна.

Оркестрын хувьд хөгжимчид тус тусдаа бэлтгэл сургуулилалтаа хийж байгаад одоо нэгдсэн бэлтгэлээ хийж байна.

"Аида” дуурийн удирдаачаар ОХУ-ын нэрт удирдаач А.П.Чепурной ирж, дохино. Энэ дуурийг Монголд анх 2011 онд тавигдаж байхад энэ удирдаач ирж, найруулж, өөрөө удирдаж байсан юм.

-Хөгжимчин мэргэжил, тэр дундаа симфони оркестрыг яагаад сонгосон талаарх дурсамжаасаа хуваалцаач?

-Миний хувьд хүүхэд наснаасаа дуу хөгжимд дуртай байлаа. Тэгээд тавдугаар ангиа төгсөөд хуучнаар Хөгжим, бүжгийн коллежид орж, сургуулиа 1991 онд төгссөн. Тэгээд Хилийн цэргийн ансамбльд хөгжимчнөөр хуваарилагдаж очсон.

Тэндээ нэг жил орчим ажиллаж байгаад сонгодог урлаг сонирхдог учраас өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч, театрт орсон доо. Тухайн үед театрт хөгжимчний орон тоо байхгүй байсан учраас хоёр, гурван жил хүлээж байгаад ажилд орж байлаа.

-Дуурийн дуучин, балетын жүжигчний ур чадвар үзэгчдэд ил харагддаг бол симфони оркестрын хөгжимчид ил харагддаггүй шүү дээ?

-Түүхт театрынхаа 60 дахь жилийн нээлтэд дуурь, балет, оркестрын бүрэн бүрэлдэхүүн хамтдаа оролцдог. Тэр дундаа симфони оркестр бол суурь нь болдог. Хөгжимгүй бол дуурь ч тэр, балет ч тэр амилж, үзэгчдэд хүрч чадахгүй. Дуурь, балетын уран бүтээлчид тайзан дээрээ хөгжимчид нь далд хэсэгт яаманд сууж, тоглодог.

Гэхдээ бид тухайн тоглолтын турш гол үүргийг гүйцэтгэдэг. Улсын филармонийн хөгжимчид тайзан дээрээс уран бүтээлээ хүргэдэг бол симфони  оркестрынхон яаманд “далд фрондтод” тоглодгоороо онцлог.

Сонгодог хөгжмийн оркестрт 60-70 хөгжимчин нийлж, нэг бүтээлийг тоглодог. Хүн бүр өөрсдийн хөгжмөөрөө бэлтгэл хийж, удирдаач нэгтгэж тайзнаа хүргэдэг юм.

-Хүмүүс харахад хөгжим тоглох нь амархан гэж ойлгох нь бий. Мэргэжлийн онцлогийг тань хүмүүс тэр бүр мэддэггүй?

-Хүмүүс “Таны ажил сайхан юм. Зүгээр хөгжим тоглоод л сууж байдаг” гэж ойлгодог. Тэр хөгжмийг тоглож, амилуулахын тулд ямар их хөдөлмөрлөж, сэтгэл зүй, бэлтгэл хийдэг вэ гэдгийг огт мэддэггүй.

Нэг хөгжимчин дутлаа гэхэд хэн дуртай нь ирээд тоглож чадахгүй. Урлагийн нарийн мэргэжил. Тэр дундаа цохивор хөгжим нь дотроо маш олон төрөлтэй, симфони оркестрын зүрх нь юм.

Ерөнхийдөө гол темпийг авч явна. Том жижиг, хөгтэй хөггүй, цохиураар цохидог, гараар цохидог гэх мэт. Тэр болгон нь оркестрыг чимж өгдөг. Цохивор хөгжимчид 4-5 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Их олон жил сурч байж жинхэнэ хөгжимчин болно. Ялангуяа утсан хөгжмийг нэгдүгээр ангийн сурагч байхаасаа сонгон суралцаж, байж мэргэжлийн хөгжимчин болно. Нэг ёсондоо насаараа суралцаж байдаг мэргэжил.

-Сонгодог хөгжмийн оркестр их өргөн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Хэдэн хөгжимчинтэй вэ?

-Уг нь 70 хөгжимчний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Гэвч хүний нөөц байхгүй нь улмаас одоо 50 гаруй хөгжимчинтэй. Ер нь сонгодог хөгжимчид дутагдалтай байгаа нь үнэн. Сүүлийн жилүүдэд манай оркестрын уран бүтээлчид их залуужиж, бараг 90 хувь нь залуу хөгжимчдөөс бүрдэж байна. Ахмад уран бүтээлчид цөөн үлдсэн. Нэг бүтэн үеийнхэн бэлтгэгдэж байна гэсэн үг . Энэ сайхан залуусын эрч хүчээр театр маань илүү сайхан болох байх гэдэгт итгэлтэй байна.

Манай театр 60 жилийн босгон дээр дээлээ сольж, их засвар хийж байгаа. Их засварын ажил нь хараахан дуусаагүй л байна. Өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг шүү дээ. Энэ жилийн тоглолтын хуваарь гарсан.

Хань Б.Батчулуун агсны хамт

-Хань нь бас театртаа олон жил ажилласан уран бүтээлч байсан шүү дээ. Ханийн тань тухай дурсамжийг хуваалцахгүй байж чадахгүй нь?

-Миний хань дуурийн театрт насаараа ажилласан уран бүтээлч. Театртаа 50-иад жил гоцлол хөгжим тоглодог, Гавьяат жүжигчин Б.Батчулуун гэж хүн байсан. Театрынхаа 60 жилийн ойгоор сайхан ханийгаа дурсмаар санагдлаа. Харамсалтай нь тэр минь хоёр жилийн өмнө бурхан болсон.

Ханьтайгаа театртаа анх танилцаж, амьдралаа холбож байлаа. Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж, охин маань Монгол Улсын консерваторийг хийл хөгжимчнөөр төгссөн. Үргэлжлүүлэн баклавраар суралцах гэж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж