АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Канад улсуудыг нэгтгэдэг “Их 7” есдүгээр сарын эхээр Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг тогтоох тохиролцоонд хүрснээ зарласан. Оросоос газрын тос импортлоход баримтлах үнэ ханшийн дээд хязгаарыг тогтоож өгснөөр Москвагийн эрх баригчдын энэ түүхий эдээс олох орлогыг хязгаарлана гэж үзжээ.
Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа газрын тосны зах зээл дээр өрнөж буй үйл явдлуудыг онцолж байна.
“Их 7”-гийн Сангийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд “Үнийн дээд хязгаар Оросын орлогыг бууруулж, эзлэн түрэмгийлэх дайнаа санхүүжүүлэх чадварыг сулруулах, дэлхийн зах зээлд, ялангуяа дундаас доош орлоготой улс орнуудын эрчим хүчний үнэ өртөгт үзүүлэх дайны нөлөөг бууруулах ач холбогдолтой. Нийлүүлэгчид Оросын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авахдаа тогтоосон хязгаартай тэнцүү буюу үүнээс бага үнэ тариф баримтлах юм” гэж тэмдэглэсэн билээ. Оросын тал уг арга хэмжээнд нэгдсэн улс орнуудад газрын тосны нийлүүлэлтээ зогсоохоо мэдэгдсэн. ОХУ-ын засгийн газрын шадар сайд Александр Новак шийдвэр гарахын өмнөх өдөр “Хэрвээ үнийн хязгаарлалт хэрэгжвэл үүнд нэгдсэн ямар ч байгууллага, улс оронд бид газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхгүй” гэж мэдэгдсэн билээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер “Энэ бол Путины ашиг орлогод цохилт өгөх хамгийн үр дүнтэй арга бөгөөд Путины газрын тосны орлого төдийгүй дэлхийн зах зээлд эрчим хүчний үнэ буурах ач холбогдолтой юм” гэж хэлсэн байна.
Зарим судлаачид Оросын газрын тосны үнэд дээд хязгаар тогтоосноор эсрэгээрээ дэлхийн зах зээлд үнэ ханш өсч болзошгүйг анхааруулж буй юм.
Кипр, Унгар улсууд “Их 7”-гийн шийдвэрийг дэмжихгүйгээ өчигдөр илэрхийлсэн байна. Үүний улмаас Европын эрх баригчид ОХУ-ын хар алтны үнийн дээд хязгаар тогтоох шийдвэрийг хойшлуулж байна гэж “Bloomberg” агентлаг уламжлав. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Оросын газрын тосны үнийн дээд хязгаар нүүрс устөрөгчийн эх үүсвэрийн үнийг бууруулна” гэж үзэж буй бол “Ийм зүйл болохгүй” гэж ОХУ-ын эдийн засагч Владимир Трегубов хэлжээ. “Goldman Sachs”-ийн хувьд “Хэн ч алдагдалтайгаар газрын тос нийлүүлэхгүй гэж бид удаа дараа мэдэгдсэн. Гэвч дэлхийн зах зээл дээр түүний алдагдал нэг торх газрын тосны үнийг 125 ам.доллар хүртэл өсөхөд хүргэнэ” гэж үзсэн өөдрөг таамаг өдгөө хэвээр байна.
Нөхцөл байдал энэ чигээрээ өрнөвөл нэг торх газрын тосны үнэ 150-180 ам.доллар хүрэхийг ч шинжээчид үгүйсгэсэнгүй.
Владимир Трегубов “Европ манай газрын тос, хийг зах зээлийн үнээр авахгүй. Бид Ази руу, тэр дундаа Хятад, Энэтхэгт зарна. Тийм ээ, тэд манай эрчим хүчний нөөцийг 20-30 хувийн хөнгөлөлттэй үнээр авдаг ч ийм үнээр, ийм үнийн урьдчилсан тооцоогоор энэ нь ашигтай юм" гэж онцлон тэмдэглэжээ. “JP Morgan” банкны шинжээчид "Хар алтны ханш буурахыг хүлээх хэрэггүй" гэж хэлснийг “Business Insider" мэдээлэв. Тэдний таамаглаж байгаагаар оны эцэс гэхэд нийлүүлэлт багассанаар нэг торх Брент төрлийн газрын тосны үнэ 100 доллар болж өсөх магадлалтай аж. Ирэх аравдугаар сард зах зээл дээр нийлүүлэлтийн хомсдол бий болж, байгалийн хийн хомсдолтой холбоотойгоор хэрэглэгчид цэнхэр түлшнээс тос руу шилжих төлөв ажиглагдаж буй юм байна. Глобал эдийн засгийн тоймд мэдээлснээр, нэг торх Брент төрлийн газрын тосны үнэ 2022 оны долдугаар сард 105 ам.доллар байж өндөр түвшинд хадгалагджээ. Эрэлт талаас 1) дэлхий даяар эдийн засаг үргэлжлэн сэргэсэн, 2) газрын тосны нөөц бага түвшинд хүрсэн, 3) байгалийн хийн үнэ өсөж газрын тосоор байгалийн хийг орлуулах болсон нь нөлөөлсөн байна.
Нийлүүлэлт талаас 1) ОПЕК+ нэгдэл үйлдвэрлэлийн төлөвлөгөөндөө хүрээгүй, 2) Казахстан, Ливи зэрэг орнууд газрын тос олборлох талбайдаа засвар хийх шаардлагатай болсон, 3) Нигери улсын олборлож буй газрын тос замаасаа хулгайлагдаж байгаа зэрэг нь газрын тосны үнэ хадгалагдахад нөлөөлсөн байна.
“Bloomberg”-ийн шинжээчдийн төсөөллийн дунджаар Брент төрлийн газрын тосны үнэ торх нь 2022 онд 106.7 ам.доллар, 2023 онд 92.9 ам.доллар болж нэмэгдэх нь. Газрын тосны үнийн цаашдын төлөв ОХУ-Украины нөхцөл байдал, ОПЕК+ нэгдэл төлөвлөгөөндөө хүрэх эсэхээс голлон хамаарахаар байгаа аж.
Газрын тосны эрэлт буурч магадгүй байгаатай холбоотойгоор өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр үнэ нь унасан. Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх газрын тосны аравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 3.38 ам.доллар буюу 3.8 хувиар буурч, 85.1 ам.долларт хүрчээ. Мөн Лондоны “ICE” биржид Брент төрлийн газрын тосны үнэ 3.26 ам.доллараар буюу 3.5 хувиар буурч, 90.84 ам.долларт хүрэв. Мөн хугацаанд АНУ-ын инфляцийн тайлан таамаглаж байснаас илүү ярвигтай гарсан нь Холбооны нөөцийн сан бодлогоо улам чангатгаж, улмаар эдийн засаг, эрчим хүчний эрэлтэд сөргөөр нөлөөлж магадгүй гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа үед газрын тосны үнэ ийнхүү буурсан. Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан сар тутмын тайланд дэлхийн газрын тосны эрэлтийн өсөлт саарсан хэвээр байгааг цохон тэмдэглэсэн билээ.
Монгол Улс он гарснаас хойш 1,203.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод буй юм. Үүнд А-80 автобензин 26.3 мянган тонн, АИ-92 автобензин 392 мянган тонн, АИ-95/98 автобензин 17.2 мянган тонн, ДТ 613.2 мянган тонн, онгоцны түлш 20 мянган тонн, Жет А-1 21.4 мянган тонн, бусад 113.5 мянган тонн байв.
Улсын хэмжээнд есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар А-80 автобензиний 50 хоногийн, АИ-92 автобензиний 22 хоногийн, АИ-95 болон ДТ-ний 29 хоногийн нөөцтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 16 хоногийн, АИ-95 автобензиний 31 хоногийн, ДТ-ний 40 хоногийн хэвийн нөөцтэй байгаа ажээ.
Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 17,096 тонн, хангайн бүсэд 5,430 тонн, төвийн бүсэд 24,534 тонн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,085 тонн байна. Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны есдүгээр сарын 5-нд болж, газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар болсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй газрын тосны хайгуулын Хар ус II талбайн гэрээлэгч “Ренова илч”, Номгон IX талбайн гэрээлэгч “Өмнөд Монголын газар нутгийн тос”, Дарьганга XXIV талбайн гэрээлэгч “Монголиа шин ий энержи”, XXVIII талбайн гэрээлэгч “ХонКонг Вэлпэк Индастриал” ХХК-тай Газрын тосны газрын (хуучин нэрээр) 2015-2016 онд тус тус байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаар болсон билээ.
Эх сурвалж: УУХҮЯ, МОНГОЛБАНК, XINHUA, BUSINESS INSIDER, BLOOMBERG
Холбоотой мэдээ